С.САРУУЛ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өчигдөр /2020.05.27/ 18:00 цагийн орчимд  11-15 насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Дөрвөн хүүхэд нас барлаа гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Маршалын гүүрний зүүн талд байрлах “Хан талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн. Тус газарт 11-15 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа живж амь насаа алдсан нь тогтоогдсон. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан гэх мэдээлэл ирсэн. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн тогтоол усны гүнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийнэ. Урин дулаан цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол, ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн олон нийтийн сүлжээнд янз бүрийн мэдээлэл оруулж, хүүхдүүдийн гэр бүлд хүндрэл битгий учруулаарай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn