С.УЯНГА

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг урьж ярилцсан. Түүний онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

-Зам тээврийн салбарт 133 төсөл хөтөлбөр хэрэгжсэний гол ажлууд нь намайг сайд байх үед дуусч байна. Анхны гэсэн тодотголтой олон ажил биеллээ оллоо. Монгол Улсын анхны хурдны зам, олон улсын стандарттай нисэх онгоцны буудал, дөрвөн эгнээ буюу Налайх-Улаанбаатар чиглэлийн зам ашиглалтад орлоо. Төмөр замаа анх удаа өөрсдийн хүчээр хийж, хүнд даацын зам, ачаа тээврийн хөлгийг хүлээж авлаа гээд дурдаад байвал намайг энэ салбарыг удирдсан богино хугацаанд түүхэн гэж хэлж болохоор олон сайн үйл явдал тохиолоо.


-Монгол Улс бүх аймгаа нийслэлтэй тосон замаар бүрэн холболоо. Энэ зун гэхэд  Улаанбаатар-Дарханы 204 км дөрвөн эгнээ зам, Говь-Алтайн засмал зам ашиглалтад орсноор бүрэн холбож дуусч байна.


-Төмөр замын бүтээн байгуулалтыг өргөн далайцтай эхлүүлж монголчууд инженерийн, зэвсэгт хүчний барилгын цэргийн маш том роттой болж байна. Энэ жишгээр хэвтээ тэнхлэгээ дуусгаж, баруун таван аймгаар дамжсан төмөр замаа ч өөрсдөө барих итгэл төгс байна.


- Дарханы замын ажилд гурван онцлог бий. Олон улсын зээл тусламжаар хэрэгжиж байгаа учраас зээл өгч байгаа хугацаа зөрүүтэй. Олон улсын байгууллагын дүрэм журмаар шалгаруулахад манай компаниудын хөрөнгийн хэмжээ, техникийн хүчин чадал, туршлага дутдагаас гадны компаниуд тендер авдаг. Мөн цаг агаарын нөхцөл байдал, гадны компаниудын нөхцөл боломжоо бүрдүүлэх болон коронавирусын дэгдэлтээс болж хойшлоод байна. Олон улсын гэрээ, стандарттай холбоотойгоор дотоодын хүчээр хийлгэх боломж байхгүйг ард түмэн ойлгоно гэж найдаж байна. Бага зэрэг цаг хугацааны бэрхшээл гарсан ч замын мөнгө, гүйцэтгэгчид бэлэн.


-Зам, тээвэр хөгжлийн яам бол хөдөлж байгаа техник, тавигдаж байгаа зам болгонтой холбоотой. Тийм ч учраас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой олон асуудал манай яамаар дамждаг. Өнгөрсөн жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийхэд хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам чухал үүрэгтэй оролцсон.


- Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам гэж том нэгтгэл өргүй болж санхүүгийн баланс цэвэрлэгдсэн. Аюулгүй байдалтай холбоотойгоор төмөр замын дагуух газрын гэрчилгээний талаар олон жил яригдаж ирснийг цэгцэлж, төмөр замын дизель түлшний хөнгөлөлтийг бүрэн шийдвэрлэлээ.


-Нэг ёсондоо, төмөр замын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлуудыг дуусгаж Засгийн газар ачаагаа өөр дээрээ үүрч хоёр талаасаа хөрөнгө оруулах байдлаар үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зарчим баримталья гэж тохирлоо. Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгө болох 300  сая ам.доллар дээр бусад хөрөнгө оруулалт нэмэгдэж 600 сая ам.долларын хөрөнгөтэй болсон.


-Иргэний нисэхийн салбарт томоохон өөрчлөлтүүдийг хийлээ. Монгол Улсын иргэний агаарын тээврийн “МИАТ” компани ОХУ-ын “Аэрофлот”-той хамтарч код шэйр задлах үйлчилгээ нэвтрүүллээ.


-Далайн тээврийн салбарт ОХУ-тай хамтарч боловсон хүчнээ сургаж дадлагажуулах, цаашлаад хөх далайд өөрийн гэсэн хөлөгтэй болох зорилгодоо алхам алхмаар ойртож байна.


-Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны төрийн айлчлал хийх үеэр Хятадын гол зам дээр Монголын бараа бүтээгдэхүүнийг тал хувийн хөнгөлөлттэй явуулах эрхийг олж авсан. Говь-Алтай аймгийн Цээл суманд шинэ агаарын хаалга нээх тал дээр нааштай хариу өгч, “МИАТ” Хайнань руу шууд нисэх эрхээ авсан. Цаашид Шанхай болон бусад хотууд руу шууд нисэх эрхээ авах гэж байна.


-БНХАУ-ын төмөр замын дээд сургуульд 50 гаруй, ОХУ-д 100 гаруй оюутан суралцахын зэрэгцээ жилд 80 оюутны квотыг хойд хөршөөс өгсөн. Солонгос, АНУ, Австралид чиглэл тус бүрээр суралцаж байна. Буянт-Ухаа нисэх буудлыг олон улсын нисэхийн сургууль болгоно. Үүнтэй холбоотойгоор Солонгосын нисэхийн сургууль Монголд салбараа нээхээр санамж бичиг байгууллаа.


-Нэгдүгээрт, бүх аймаг засмалтай холбогдох бололцоо бүрдсэн ч ганцхан Говь-Алтай үлдсэн. Мөн жижигхэн шүүхийн маргаанаас болоод арван жил ажил нь гацчихаад байгааг Засгийн газрын хуралдаанд өөрөө барьж орсон. Нэлээн эсэргүүцэлтэй тулсан ч шийдэж чадсан, хөдөлгөсөн, хяналт сайн тавьсан. Шуурхайлахыг шаардаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүх талаар дэмжсэн. Хамгийн гол нь хийе гэсэн сэтгэл байсан учраас Зам, тээврийн сайд байна даа. Нутгаа замтай болгоё гэсэн чин хүсэл тээсэн нь өнөөдөр биелэлээ олж байна. 


-Говь-Алтай ус, цахилгааны асуудал олон жил хүндрэлтэй байж ирлээ. Алтайчуудын усны асуудал бүрэн шийдэгдэж Завхан голоос усаа уудаг боллоо. Энэ жил 10 аймагт Дулааны цахилгаан станц баригдахын нэг нь Говь-Алтай. Ингэснээр халуун, хүйтэн устай, хямд өртөгтэй инженерийн дэд бүтэц, орлогод нийцсэн орон сууцтай болж үйлдвэрлэл хөгжүүлэх боломж нээгдэнэ. Дөрвөлжингийн ордоо түшиглээд 350 мянган тонн цемент үйлдвэрлэх чадалтай үйлдвэр байгуулж даацын замаа тавихаар төлөвлөсөн.


-Говь-Алтай аймаг өндөр бүсэд байдаг учраас дэд бүтэц муутай. Тиймээс агаарын тээврийг хөгжүүлэх шаардлагатай. Ялангуяа, ерөнхий агаарын тээврийг  хөгжүүлж Ээж хайрхны дэргэд очоод буучихдаг бол аялал жуулчлалаас гадна алслагдсан бүсэд байгаа иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ.


-Эв нэгдэл, нутаг сэтгэлтэй байж Их Алтайгаас амь авсан юм бол нутаг орноо хөгжүүлэх чин сэтгэлээр зорьж үзвэл уг нь хурдан хөгжинө. Харин хөгжих боломжийг олж харж сэтгэл, зүтгэлээ нийлүүлэх цаг нь болсон.


-Говь-Алтай оюуны өлгий нутаг. Гайхамшигтай зохиолчид хэдэн зуугаараа, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, генералууд Алтайгаас хамгийн олон төрсөн. Энэ агуу хүмүүсийг нэг зорилго, туган дор нэгтгэж чадвал Говь-Алтай байтугай Монголыг хөгжүүлнэ.


-Би байлдагчаас хурандаа болтол дэвшсэн цэргийн хүн болсондоо алдаагүй гэж боддог. Мөн бизнес, олон улсын харилцаа, улс төр гээд энэ болгонд Их Алтай маань түшиж, хөх өвгөдийн сургааль, аав ээжийн хүмүүжил нөлөөлсөн гэж боддог. Алтайчуудын хамгийн сайн чанар бол за гэсэн бол тултал нь явдаг. Итгэсэн хүндээ эргэлзэхгүй, гомдсон бол эргэж ирдэггүй зантай.  Битгий хэлээсэй гэдэг үгийг голыг нь гогдож хэлдэг уран цэцэн, “хэцүү” хүмүүс дээ. 

Эх сурвалж: www.polit.mn