ЗХЖШ-ын даргын тушаалаар Төв аймгийн Баянжаргалан суманд энэ сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндоржоор ахлуулсан тус ангийн 26 хүний бүрэлдэхүүнтэй Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ажиллаад ирлээ. Төв аймгийн Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгчийн “Манай суманд тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл байна” гэсэн мэдээллийн дагуу анх 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилгоот бүлэг, 5 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн томилгоот бүлэг ажилласан юм. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ-ын даргын тушаалаар хоёр удаагийн томилгоот бүлэг тус сум оронд ээлжлэн ажиллаж, нийтдээ 300 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгалд оруулж, аюулгүй болголоо. Энэ талаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндоржоос тодруулсан юм.

-Томилгоот бүлгийнхэн хэдий хэмжээний галт хэрэгсэл ирүүлж, аюулгүй болгосон бэ. Илрүүлсэн галт хэрэгслүүдийн багагүй хувь нь байлдааны онгоцны бөмбөгнүүд байсан гэсэн үү?

-Сумын иргэдийн өгсөн мэдээллийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар анх ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ажилласан. Нэлээдгүй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг олж илрүүлэн устгалд оруулсан. Гэхдээ хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсны хувьд дахин хайгуул хийх шаардлагатай гэж үзээд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийг тав хоногийн хугацаатай тухайн сум орон нутагт үргэлжлүүлэн ажиллууллаа. Манай бүлэгт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэхийн зэвсэглэлийн инженер, хошууч М.Ганзоригт хамт ажилласныг дурдах ёстой. Бид таван хоногийн хугацаанд ажиллахдаа 230 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг олж илрүүлэн устгалд оруулсан. Өөрөөр хэлбэл, “АО-150”, “ПОАБ-100ПС”, “ФАБ-250”, “ОФАБ-250”, “ПТАБ-250” загварын байлдааны онгоцны бөмбөгнүүд болон байлдааны бусад сум, галт хэрэгслүүдийг илрүүлж, устгасан.

-Хэрэв олж илрүүлээгүй бол ард иргэдэд учрах эрсдэл нь аюултайяа...

-Үнэхээр тийм. Байлдааны онгоцны бөмбөг учраас ойролцоох газар районд учруулах хохирол нь маш их. Гэхдээ нэг зүйлийг бид ойлгох ёстой. Юу гэхээр сум орон нутгийн иргэд тухайн газар районоор зорчихдоо, малаа бэлчээрлүүлэхдээ маш их болгоомж, сэрэмжтэй байх ёстой. Хэдий бид өндөр ачаалалттайгаар олон тооны тэсэрч дэлбэрэх зүйлийг устгасан ч дахин үзлэг, хайгуул хийх шаардлага бол бий. Ийм ч учраас Баянжаргалан сумын ард иргэдэд нь хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн ангийн районы орчмоос тэсэрч дэлбэрч болзошгүй галт хэрэгсэл таарвал хөндөж оролдохгүйгээр сумынхаа удирдлагуудад яаралтай мэдээлэхийг онцгойлон анхаарууллаа.

-Сум орон нутгийн ард иргэд Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн байсан. Цахим сүлжээгээр нэлээд тарсан байсан...

-Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр, Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбацогт болон сумын малчин ард иргэд манай сапёрчдод тусгайлан талархал илэрхийлж, баяр хүргэсэн. Сапёрчдын ур чадварыг үнэхээр бахдаж байсныг хэлэх нь зүйтэй байх. Манай залуус ч мэргэжлийн өндөр түвшинд сайн ажилласан. Манай бүлгийнхэн 230 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг 10 гаруй удаагийн тэслэлтээр аюулгүй болгосон ба ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөж, устгалыг явуулсан юм.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Эх сурвалж: gsmaf.gov.mn