С.САРУУЛ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглож байсан өсвөр насны дөрвөн хүүхэд живж, эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан.

Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрчээ.

Тухайн газарт “Хан Талст” ХХК-ийн тохижилтын ажил хийж байсан бөгөөд  өнгөрсөн долоо хоногт Хотын дарга өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан барилгын үйл ажиллагааг нь зогсоосон байжээ.

Энэ талаар  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn