О.ЭНХЖИН

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн хоёр га газар ашиглалтын дахин төлөвлөлт, тохижилтын төслийг Чойжин ламын сүм музей, Монголын урлагийн зөвлөл, Соёлын өвийн хөтөлбөрөөс хамтран танилцууллаа.

Сүмийн гол хаалганаас өмнөх зургаан мянган метр квадрат талбайн 60 хувьд ногоон байгууламж, 20 хувьд 40 машины авто зогсоол, үлдсэн 20 хувьд явган хүний зам талбай байгуулахаар төлөвлөсөн байна. Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн “Эргэн тойронд дан машины зогсоол, зам байдаг. Дэлхий нийтийн жишгээр үйлчилгээний байгууллага зогсоолтой байх ёстой ч жуулчны том оврын автобус зогсох, эргэх боломж маш хомс байдгаас манайд санал, хүсэлт их ирдэг. Тиймээс хамгийн түрүүнд авто зогсоолыг байгуулж, үүний дараагаар зүлэгжүүлэлт, тохижилтын бусад ажлуудыг шат дараатай зохион байгуулах болно” гэлээ. Хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан барилгыг 10-аад жилийн турш, гурван шатны шүүхээр хэлэлцүүлэн нураасан. Түүнчлэн эргэн тойрон дахь авто зам, зогсоолуудыг музейн аюулгүй байдал, үзэмжийг харгалзаж үзэн тусгаарлахыг НИТХ-ын хурлаар үүрэг болгосон юм.

Эх сурвалж: www.polit.mn