О.ЭНХЖИН

“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар трэйвэл экспо-2020” үзэсгэлэнг анх удаа цахимаар “Төлөвлөе, аялъя, суралцъя” уриан дор энэ сарын 29-нөөс 31-ний хооронд БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлын холбоо хамтран зохион байгуулахаар боллоо.

Үзэсгэлэнгээр дотоодын аялагчид руу илүүтэй хандуулах бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн мэдээллийг онлайн хэлэлцүүлэг, байгууллагуудын танилцуулга, ном, сэтгүүлийг татаж авах байдлаар олж авах боломжоор тэднийг хангах юм байна. Түүнчлэн “Жим-аялалын хөтөч” анхны цахим аялал жуулчлалын сэтгүүлийг “М+” аппликэйшнтэй хамтран гаргаж байгаа аж. “Энэ сэтгүүлд бүтэн жилийн турш аялагчид аяллын маршрутаа хэрхэн төлөвлөх, бэлтгэл базаах, тусгай хамгаалалттай газруудын талаар гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг мэргэжлийн хүмүүс бэлтгэн гаргана гэдгээрээ онцлогтой ” гэж “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” ТББ-ын тэргүүн Ё. Бадрал онцоллоо. Өнгөрсөн онд манай улсад 577 мянган жуулчин аялсан байдаг. Энэ оны нэгдүгээр сард өнгөрсөн онтой харьцуулахад жуулчдын тоо 10 хувиар өссөн үзүүлэлттэй байсан боловч хөл хорио эхэлснээс хойш буюу хоёрдугаар сард 47 хувь, гуравдугаар сард 93 хувиар буурч, дөрвөөс тавдугаар сард аялал жуулчлалын салбар үндсэндээ зогсонги байдалд ороод байгааг мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn