С.САРУУЛ

НМХГ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан шалгалт хийсэн талаараа мэдээллээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Энэ жил коронавирусын халдвартай холбоотойгоор Хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр шийдсэн.Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлыг хийхдээ томоохон супермаркетуудын бэлэгний чанар, аюулгүй байдалд хяналт тавилаа.  449 газрыг хамруулахад 559 зөрчил илрүүлж, 74 хувийг нь арилгуулсан. 91 нэр төрлийн 160 бүтээгдэхүүнээс дээж авч, Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораториар шинжлүүлсэн. Хадгалалтын горим зөрчигдсөн 9 төрлийн 34 кг, 71600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг утсгуулах арга хэмжээ авсан. Дээрээс нь 65 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулиар 37 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулж ажилласан. Шалгалтын явцад шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу 1.1 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлсэн. 

"Алтан жолоо импекс" компанийн "Сансар" сүлжээний хүүхдийн бэлгэнд орсон "Haribo" чихрийн шошгын мэдээлэл зөрчилтэй байсан. "Home plaza" компанийн бэлгэнд боосон байсан "Silk road" компанийн таван төрлийн чихэр хаяг, шошгын зөрчилтэй байсан. Гэх мэт шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан" хэмээлээ.  

Мөн “Бэлэг сонгохдоо хүмүүс сав, баглаа боодол, хаяг шошгын мэдээлэл байна уу, хадгалах хугацаа нь хэтэрсэн үү гэдгийг сайтар нягталж, шалгаарай. Болж өгвөл хүүхдийнхээ бэлгэнд чихэрлэг зүйлс ихээр боолгох нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй. Тоглоом, ном, сэтгэхүй хөгжүүлэх зүйлсийг бэлгэндээ түлхүү боовол зүгээр" хэмээн зөвлөлөө. 

Эх сурвалж: www.polit.mn