Б.Энх-Амгалан: Зам тээврийн салбарт анхны гэсэн тодотголтой олон ажил биеллээ оллоо

0
хуваалцах
855
үзсэн

С.УЯНГА

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг урилаа.

 

-Засгийн газрын кабинетэд ямар үүрэг оролцоотой, бодлого шийдвэр гаргуулж ажиллаж ирэв. Тэр дундаа таны хариуцсан салбар онцлогтой. Бүтээн байгуулалт, нисэх, төмөр зам гээд тал талд л хүрэлцэж ажиллахыг шаардана?

-Зам тээврийн салбарт 133 төсөл хөтөлбөр хэрэгжсэний гол ажлууд нь намайг сайд байх үед дуусч байна. Анхны гэсэн тодотголтой олон ажил биеллээ оллоо. Монгол Улсын анхны хурдны зам, олон улсын стандарттай нисэх онгоцны буудал, дөрвөн эгнээ буюу Налайх-Улаанбаатар чиглэлийн зам ашиглалтад орлоо. Төмөр замаа анх удаа өөрсдийн хүчээр хийж, хүнд даацын зам, ачаа тээврийн хөлгийг хүлээж авлаа гээд дурдаад байвал намайг энэ салбарыг удирдсан богино хугацаанд түүхэн гэж хэлж болохоор олон сайн үйл явдал тохиолоо. Монгол Улс бүх аймгаа нийслэлтэй тосон замаар бүрэн холболоо. Энэ зун гэхэд  Улаанбаатар-Дарханы 204 км дөрвөн эгнээ зам, Говь-Алтайн засмал зам ашиглалтад орсноор бүрэн холбож дуусч байна. Анх удаа Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэлийг тавьж монголчууд өөрсдөө бүтээн байгуулж байна. Төмөр замын далан суурь 50 гаруй хувьтай. Арванхоёрдугаар сар гэхэд замаа угсрах зорилт тавьсан. Төмөр замын бүтээн байгуулалтыг өргөн далайцтай эхлүүлж монголчууд инженерийн, зэвсэгт хүчний барилгын цэргийн маш том роттой болж байна. Энэ жишгээр хэвтээ тэнхлэгээ дуусгаж, баруун таван аймгаар дамжсан төмөр замаа ч өөрсдөө барих итгэл төгс байна.Төмөр замын 30 км-ын радиуст томоохон стратегийн ордууд бий. Энэ ордуудын үнэ цэнэ өсч стратегийн эргэлтэд орох боломж нээгдэж, ажлын байр 2-3 мянгаар нэмэгдэж байна.

Ажил хийж байгаа хүнд алдаа оноо гарна. Энэ жишгээр хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нь Дарханы зам. Энд гурван онцлог бий. Олон улсын зээл тусламжаар хэрэгжиж байгаа учраас зээл өгч байгаа хугацаа зөрүүтэй. Олон улсын байгууллагын дүрэм журмаар шалгаруулахад манай компаниудын хөрөнгийн хэмжээ, техникийн хүчин чадал, туршлага дутдагаас гадны компаниуд тендер авдаг. Дарханы зам цаг агаарын нөхцөл байдал, гадны компаниудын нөхцөл боломжоо бүрдүүлэх болон коронавирусын дэгдэлтээс болж хойшлоод байна. Олон улсын гэрээ, стандарттай холбоотойгоор дотоодын хүчээр хийлгэх боломж байхгүйг ард түмэн ойлгоно гэж найдаж байна. Бага зэрэг цаг хугацааны бэрхшээл гарсан ч замын мөнгө, гүйцэтгэгчид бэлэн.

- Таны хувьд Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд цөөнгүй удаа багтаж явсан. Зам тээвэр, хөгжлийн яамны гадаад харилцааг ямархуу түвшинд хүргэв?

-Зам, тээвэр хөгжлийн яам бол хөдөлж байгаа техник, тавигдаж байгаа зам болгонтой холбоотой. Тийм ч учраас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой олон асуудал манай яамаар дамждаг. Монгол Улс хоёр том хөршөөр хүрээлэгддэг өргөн уудам нутаг дэвсгэртэй, далайд гарцгүй орон. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс болж хуурай зам, агаарын тээврийг хөгжүүлэх асуудал чухлаар тавигддаг. Мөн хоёр хөршөөр дамжиж бусад орнууд руу хүрдгээрээ онцлог. Өнгөрсөн жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийхэд хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам чухал үүрэгтэй оролцсон. Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам гэж том нэгтгэл өргүй болж санхүүгийн баланс цэвэрлэгдсэн. Аюулгүй байдалтай холбоотойгоор төмөр замын дагуух газрын гэрчилгээний талаар олон жил яригдаж ирснийг цэгцэлж, төмөр замын дизель түлшний хөнгөлөлтийг бүрэн шийдвэрлэлээ. 1992 онд Улаанбаатар төмөр зам хүнд нөхцөлд байхдаа Японоос хоёр удаа зээл авч засвар хийж, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ үед авсан зээлийн эргэн төлөлт хурцаар тавигдаж ирснийг Монгол Улсын Засгийн газар эцэслэж чадлаа. Нэг ёсондоо, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлуудыг дуусгаж Засгийн газар ачаагаа өөр дээрээ үүрч хоёр талаасаа хөрөнгө оруулах байдлаар үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зарчим баримталья гэж тохирлоо. Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгө болох 300  сая ам.доллар дээр бусад хөрөнгө оруулалт нэмэгдэж 600 сая ам.долларын хөрөнгөтэй болсон. Ингэснээр биеэ дааж, бүх ачааллаа үүрээд явах бүрэн боломжтой болсон нь төмөр замын салбарт томоохон дэвшил болсон. Төмөр замын салбарт 20-иод мянган хүн ажиллаж, тээвэрлэж байгаа ачааны хэмжээ тогтмол нэмэгдэж байгаа учраас төмөр замыг хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Хоёр хөршийн хооронд хийгдэж байгаа худалдааны эргэлт 200 тэрбум ам.доллар бий. Үүнийг Монголоор дамжуулж транзит тээвэр хийх нь эдийн засгийн томоохон хөшүүрэг болно.

Иргэний нисэхийн салбарт томоохон өөрчлөлтүүдийг хийлээ. Монгол Улсын иргэний агаарын тээврийн “МИАТ” компани ОХУ-ын “Аэрофлот”-той хамтарч код шэйр задлах үйлчилгээ нэвтрүүллээ. МИАТ-ын онгоцонд суугаад Москва нисэх гэж байгаа хүмүүс шууд тэр билетээрээ “Аэрофлот”-ын онгоцоор явах боломж нээгдсэн. Эсвэл Айрфлотын онгоцоор явах гэж байсан хүмүүс МИАТ-д сууж бусад хотууд руу задарч болно. МИАТ-ын тээврийн хөгжилд чухал хувь нэмэртэй учраас энэ бүгдийг айлчлалын үеэр ярилцсан. Далайн тээврийн салбарт ОХУ-тай хамтарч боловсон хүчнээ сургаж дадлагажуулах, цаашлаад хөх далайд өөрийн гэсэн хөлөгтэй болох зорилгодоо алхам алхмаар ойртож байна. Төмөр замын шинэчлэлийг хоёр талаасаа ярьж, Улаанбаатар төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх загвар гарч байгаа нь ОХУ-тай хамтарч ажиллаж байгаа том хэлбэр. 2018 онд Монгол, Оросын төрийн тэргүүний санаачлага дор худалдааны хоёр том арга хэмжээ зохион байгуулсныг Монголын талаас миний бие ахалсан. Энэ үеэр хоёр улсын худалдааны томоохон сууриуд Улаанбаатарт тавигдсан гэж хэлж болно.

Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны төрийн айлчлал хийх үеэр Хятадын гол зам дээр Монголын бараа бүтээгдэхүүнийг тал хувийн хөнгөлөлттэй явуулах эрхийг олж авсан. Говь-Алтай аймгийн Цээл суманд шинэ агаарын хаалга нээх тал дээр нааштай хариу өгч, “МИАТ” Хайнань руу шууд нисэх эрхээ авсан. Цаашид Шанхай болон бусад хотууд руу шууд нисэх эрхээ авах гэж байна. Айлчлалын хүрээнд Манжуурт болсон уулзалтын үеэр Монгол, Орос, Хятад тус бүр 200 автомашин нэвтрүүлж бараа материал тээвэрлэх боломжийг нээсэн нь Тяньжин, Новосибирскээр дамжин Европ руу орох үүд хаалга нээгдэж байгаа нь эдийн засгийн коридор бодитоор хэрэгжихийн эхлэл боллоо. 

-Салбарын боловсон хүчнийг бэлтгэх асуудал сүүлийн жилүүдэд орхигдож ирсэн. Дотооддоо бэлтгэх ажил ямар шатандаа яваа вэ?

-БНХАУ-ын төмөр замын дээд сургуульд 50 гаруй, ОХУ-д 100 гаруй оюутан суралцахын зэрэгцээ жилд 80 оюутны квотыг хойд хөршөөс өгсөн. Солонгос, АНУ, Австралид чиглэл тус бүрээр суралцаж байна. Ололттой бас нэг зүйл нь нисэх хүчин үүсч хөгжсөний 85 жилийн ойн босгон дээр Буянт-Ухаа нисэх буудлыг олон улсын нисэхийн сургууль болгоно. Үүнтэй холбоотойгоор Солонгосын нисэхийн сургууль Монголд салбараа нээхээр санамж бичиг байгууллаа. Монголд туршилтын агаарын орон зай сийрэг байдаг учраас гадныхан сургууль нээх сонирхолтой байна. Энэ хүрээнд Нисэхийн долдугаар сургуулийг Иргэний агаарын тээврийн лицей сургууль болгох нь боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх суурь тавигдаж байна.

- Энэ дунд нэг зүйлийг онцолж асуухыг хүсч байна. 10 гаруй жил гацаж хэд хэдэн Засгийн газрын нүүр үзсэн Говь-Алтай чиглэлийн замыг холболоо. Нутгаа замтай болгох сэтгэл зүтгэл давуу байв уу. Хариуцсан ажил ингэж таарав уу?

-Аль аль нь гэж хэлж болно. Нэгдүгээрт, бүх аймаг засмалтай холбогдох бололцоо бүрдсэн ч ганцхан Говь-Алтай үлдсэн. Мөн жижигхэн шүүхийн маргаанаас болоод арван жил ажил нь гацчихаад байгааг Засгийн газрын хуралдаанд өөрөө барьж орсон. Нэлээн эсэргүүцэлтэй тулсан ч шийдэж чадсан, хөдөлгөсөн, хяналт сайн тавьсан. Шуурхайлахыг шаардаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүх талаар дэмжсэн. Ажил хийх хүн аргыг нь олдог бол ажил хийхгүй хүн шалтаг олдог гэдэг үг бий. Хамгийн гол нь хийе гэсэн сэтгэл байсан учраас Зам, тээврийн сайд байна даа. Нутгаа замтай болгоё гэсэн чин хүсэл тээсэн нь өнөөдөр биелэлээ олж байна.  Цаашид Алтайгаас Бургастай чиглэлийн замыг холбох, бусад сумдыг засмал замтай болгох олон ажил эхэлсэн.  

-Говь-Алтай аймаг хөгжил буурай. Аймгууд дунд сүүл мушгидаг. Ирээдүйн хөгжлийг юу гэж хардаг вэ?

-Дэд бүтэцтэй газар л хөгжил байдаг. Говь-Алтай ус, цахилгааны асуудал олон жил хүндрэлтэй байж ирлээ. Алтайчуудын усны асуудал бүрэн шийдэгдэж Завхан голоос усаа уудаг боллоо. Энэ жил 10 аймагт Дулааны цахилгаан станц баригдахын нэг нь Говь-Алтай. Ингэснээр халуун, хүйтэн устай, хямд өртөгтэй инженерийн дэд бүтэц, орлогод нийцсэн орон сууцтай болж үйлдвэрлэл хөгжүүлэх боломж нээгдэнэ. Дахиад Хүрмэн гол дээр баруун бүсийг хангасан дулааны цахилгаан станцтай болохоор төсөл нь хийгдэж дууссан. Энэ ажлын үр дүнд Алтайд хаана нь ямар ч үйлдвэр барих бүрэн боломж бүрдэж, ажлын байр нэмэгдэнэ. Дөрвөлжингийн ордоо түшиглээд 350 мянган тонн цемент үйлдвэрлэх чадалтай үйлдвэр байгуулж даацын замаа тавихаар төлөвлөсөн. Алтайн хүдрийн ордын ашиглалтыг сайжруулах, дахин боловсруулж байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх талаас нь анхаарах ёстой.

Худаг ус олон гаргаж байж бэлчээрийн даацаа нэмэгдүүлж, малаа өсгөх боломж бүрдэнэ. Малын үүлдэр угсааг сайжруулж, таваарлаг тал руу нь өсгөхөөс өөр аргагүй боллоо. 20 кг-тай нэг хонь байх уу, 200 кг-тай байх уу гэдгийг бодох цаг болсон. Зургаан настай хүүхдийг сургуульд оруулдаг нь буруу систем. Залуу гэр бүлийг хоёр талд амьдруулахаас гадна нүүдлийн мал аж ахуйн үндсэн суурь устах аюултай. Мал аж ахуйг хамгаалж авч үлдэхгүй бол Монгол үгүй. Тиймээс өмнөх шиг найман настай сургуульд оруулдаг болох хэрэгтэй.

Говь-Алтай аймаг өндөр бүсэд байдаг учраас дэд бүтэц муутай. Тиймээс агаарын тээврийг хөгжүүлэх шаардлагатай. Ялангуяа, ерөнхий агаарын тээврийг  хөгжүүлж Ээж хайрхны дэргэд очоод буучихдаг бол аялал жуулчлалаас гадна алслагдсан бүсэд байгаа иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ. Алтайд бас нэг давуу байгаа нь нисэх онгоцны буудал нь шөнийн хараатай. Үүнийг өргөжүүлбэл олон улсын том даацын онгоцнууд шууд бууж баруун бүсийн гадаад худалдааны төв цэг болно. Авто тээврийн үндэсний төвийн том барилга баригдаж баруун аймгийнхны шуудан тээврийн гол зангилаа болох байдлаар төлөвлөж байна. Бэсрэг алим, элсний сувилал, Хүнхрийн амралт гээд брэндүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, эко хүнсээрээ ялгарах боломж бий. Энэ мэтээр том бодлогоор харж явах ёстой. 

-Говь-Алтай хөгжлөөрөө хоцрогдмол, удирдлага тогтворгүй байж ирсэн. Алдаагаа олж харж байж урагшлах учиртай. Шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эв нэгдэл, нутаг сэтгэлтэй байж Их Алтайгаас амь авсан юм бол нутаг орноо хөгжүүлэх чин сэтгэлээр зорьж үзвэл уг нь хурдан хөгжинө. Харин хөгжих боломжийг олж харж сэтгэл, зүтгэлээ нийлүүлэх цаг нь болсон.

Говь-Алтай оюуны өлгий нутаг. Гайхамшигтай зохиолчид хэдэн зуугаараа, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, генералууд Алтайгаас хамгийн олон төрсөн. Энэ агуу хүмүүсийг нэг зорилго, туган дор нэгтгэж чадвал Говь-Алтай байтугай Монголыг хөгжүүлнэ. Монголыг байтугай дэлхийг хөгжүүлэхэд ойрхон байна. Ч.Эрдэнэ гуайн хэлсэн “Ариун үнэний төгс аялгуу хөх толботоос үүдэлтэй, Алтан дээд үнэний аялгуу Алтай нутгаас эхтэй” гэсэн үг Бурхан буудайн орой дээр бий. Энэ үг бол хүн төрөлхтний өлгий Алтай юм гэдэгт хөтлөөд байна л даа.

 - Та Говь-Алтайн уугуул уу. Бизнесмен, улстөрчөөс гадна цэргийн хүн гэдгийг тань тэр бүр мэддэггүй?

- Аав маань Говь-Алтай аймгийн Баян-Уул сум хүйсийн говийнх. Ээж маань Бигэр сумын Наран бригад, Алтан тэвшийн хүн. Би Алтай хотод төрж өсч, арван жилээ дүүргэсэн. Аав нэгдэл дундын үйлдвэрийн жолооч байсан учраас машиных нь кабинд суугаад бүх сум, нэгдлээр явсан болоод ч тэр үү жолооч больё гэж боддог байлаа. Харин эмээ, өвөө маань хичээлээ сайн хийвэл аавтай чинь хамт хөдөө тээвэрт явуулна гэсээр байгаад арван жилээ онц төгсч Улсыг аюулаас хамгаалах хорооны академид хүсэлтээ илэрхийлсэн. НАХЯ-нд судлагдсан гээд тавдугаар ангиасаа хойш судлагдсан даа. Тэгээд арван жилээ төгсөөд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалахын академид явсан нь багш нарын маань ач тус. Тэр дунд байлдагчаас хурандаа болтол дэвшсэн цэргийн хүн болсондоо алдаагүй гэж боддог. Мөн бизнес, олон улсын харилцаа, улс төр гээд энэ болгонд Их Алтай маань түшиж, хөх өвгөдийн сургааль, аав ээжийн хүмүүжил нөлөөлсөн гэж боддог. Алтайчуудын хамгийн сайн чанар бол за гэсэн бол тултал нь явдаг. Итгэсэн хүндээ эргэлзэхгүй, гомдсон бол эргэж ирдэггүй зантай.  Битгий хэлээсэй гэдэг үгийг голыг нь гогдож хэлдэг уран цэцэн, “хэцүү” хүмүүс дээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.26  МЯГМАР № 103 (6328)