У.Хүрэлсүх: Хил хэзээ нээхийг би хэлж мэдэхгүй байна

0
хуваалцах
274
үзсэн

Т.САЙХАН

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Тус хурлын эхний хэсэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл өгч, үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна.  Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү, аймаг нийслэл сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна гэв. 

Мөн Засгийн газраас гадаад улсаас иргэдээ татан авах ажлаа үргэлжлүүлнэ. Энэ үед хүний нутагт байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ дотоод нөөц боломждоо нийцүүлнэ. 10000 хүнийг нэг дор татаад авч чадахгүй. Боломжийнхоо хэрээр иргэдээ авчирч байгаа. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг харгалзан үзнэ. Тийм учраас тодорхой дэг журмынхаа дагуу аюулгүй байдлаа нэн сайн хангаж, үе шаттайгаар иргэдээ татан авна. Тусгаарлах байрны багтаамж, мэргэжлийн ажилтнууд, нисэх онгоцны хүрэлцээг харгалзан үзнэ. Хил нээхгүй. Хэзээ нээхийг би бас хэлж мэдэхгүй байна. УОК, Засгийн газраас иргэддээ худлаа мэдээлэл өгөхгүй. Бид бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа. Ард иргэд үүргээ ухамсарлаж, төрийн албан хаагчдын шаардлагыг хүлээн авах ёстой. Коронавирусын вакцин гарах хүртэл бид сахилга хариуцлагатай аж төрөх ёстой" гэв.

Эх сурвалж:www.polit.mn