Орчуулж бэлтгэсэн Дамдины ЭНХЭЭ

 “Бизнесийн тэргүүлэгчид” хэмээх ТАСС-ын тусгай төсөлд "Касперскийн лабораторийн" тэргүүн оролцсоны хоёрдугаар хэсгийг толилуулж байна.

Хиймэл оюун ухаан, товчлууртай утас, Том Ах, АБХА (Аюулгүй байдлын холбооны алба), “хумслагч” нарын тухай

 

-Та ДНК – гийн сорилын шинжилгээ хийлгэсэн үү?

-Тэгсэн, тал хувь нь Архангельскаар дамжсан скандинавын хүн болж таарсан. Бусад үндэс угсаа нь Польш руу хөтөлж байгаа.

Харин миний бага хүүхдүүд ээж талаараа хятадууд.

-Ингэхэд таны өрөөний хананд өлгөөтэй байгаа ханз ямар учиртай юм бэ? Орчуулбал юуны тухай вэ?

-Эхнэр маань хатгаж оёсон юм. Эртний уламжлалаар ингэж бичдэг байсан гэсэн. Ханзны орчуулга харин лууг илэрхийлж байгаа.

-Таны нэрийг бичсэн юм байх гэж бодсон.

-Дашрамд хэлэхэд, нэг сонирхууштай сэдэв байгаа. Европын хүний нэрийг Хятадад ер нь зөв дуудаж хэлж чаддаггүй юм билээ. Хятадын зах зээлд гарах гэж байгаа компаниудад зөвлөгөө өгч болно шүү, харин. Эхний алхмаа хийхийн тулд зөвлөх авч, энэ бол тэс ондоо ертөнц гэдгийг маш сайн тайлбарлуулах хэрэгтэй. Энэ маш чухал! Вьетнам, Тайланд, Малайз, Индонез, Сингапур руу нэвтрэлцэхэд харьцангуй хялбар. Харин Япон, Өмнөд Солонгос, Хятад руу явж ажиллах гэж байгаа бол тэндхийн соёл, менталитет, бизнесийн зан үйл зэргийн онцлогтой танилцуулах хүн заавал хэрэгтэй.

"Бизнесийн тэргүүлэгчид" төслийн зохиогч Андрей Ванденкогийн хамт
© Сергей Бобылев/ТАСС

 

- Жишээлбэл?

-Япончууд “үгүй” гэж хэлдэггүй. Хэрвээ энэ үгийг хэрэглэвэл харилцан ярилцаж байгаа хүнээ хүндлээгүйн илэрхийлэл болохыг би удтал ойлгож ухаарч чадаагүй. Энэ үгийг тэгэхээр огт хэрэглэдэггүй гэсэн үг. Цайны мөнгө болгож авна гэдэг ойлголт бас тэдэнд байхгүй. Мэдэхгүйгээсээ болоод та хэрэв хариулт нэхэлгүйгээр мөнгөө ширээн дээр орхисон бол араас чинь элдэж очоод хариултыг заавал өгнө. Үүнийг мөн л хүний нэр хүндийг гутааж доош нь хийж байгаа хэрэг гэж үзнэ. Ер нь Японд харилцан хүндлэх ёсон дээр маш олон зүйл тогтдог.

-Эелдгээр татгалзах хэрэг гарвал яах вэ?

-Ashita. Маргааш.

-Өөрөөр хэлбэл – хэзээ ч биш гэсэн үг үү?

-Японы байсхийгээд: hai, hai, hai гэдэг. Энэ бол тэхдээ зөвшөөрч байгаа хэрэг биш, харин чамайг ойлгож байна гэсэн санаа юм байна. Харин “за, тийм ээ” гэж тэд хэлбэл гэрээний ч бараг хэрэггүй бүх зүйл жин тан бүтлээ гэсэн үг. Хамтарч бизнес хийж байгаа хүнээ хуурч мэхлэнэ гэдэг өөрийгөө хүндлээгүйтэй адил. Энэ бол Япон улс.

Өмнөд Солонгос, Хятад мөн адил өөр өөрийн ёс заншил, уламжлалтай...

Хятадууд огт дуудаж хэлж чаддагүй гадаад хүний нэр рүү буцаж ярилцъя. Зарим авиа тэдэнд огт байдаггүй. Оронд нь огт өөр авиа бас бий. Жишээ болгож орос руу орчуулбал: - “Хад асган хавцал бүхий ойд Ши нэртэй нэгэн амьдардаг байжээ. Тэр арслан барьж иддэг байв. Ши арван арслан идэхээр амлаж, түүнийгээ биелүүлжээ” – гэсэн утга авцалдаагүй сонсогдох хятад шүлэг надад уншиж өгсөн тухай ярья. Бидний чихэнд эцэс төгсгөлгүй: "Ши-ши-ши-ши-ши-ши-ши-ши-ши-ши-ши..." сонсогдоно. Харин хятадууд энэ богинохон шүлгийг унших зуураа инээж эхэлнэ. Маш ойролцоо олон авиа дуудаж байгаа болохоор тэдэнд өөрсдөд нь инээдтэй байдаг байх.

Гэтэл тэд манайхны нэрийг ерөөсөө зөв дуудаж чаддаггүй. Өчнөөн жил хамт амьдарч байгаа хэрнээ эхнэр маань одоо хүртэл Евгений, эсвэл Женя гээд хэлчихэж чадахгүй л байгаа. Тийм болохоор би түүний хувьд Ю – Жин. Гэхдээ хятадаар хэр зэрэг зөв дуудаж байгааг бүү мэд. Өөрөөр хэлбэл, бичиж чадна, харин чангаар дуудаж чадахгүй.

-Олон жил хамт амьдарч байна уу?

-Арав гаруй жил… Ю – Жин нэрийг хятад найз маань бодож олсон юм.

Нэрийг заавал зөв дуудаж, бичих ёстой.

-Таны нэрийн утга?

-Ганц зураас нэмчихвэл Ю-Жин нь Лон-Жин буюу Алтан Луу болж хувирна. Тийм болохоор зураасгүй алтан луу гэж үзэж болно...

Үнэнийг хэлэхэд хүүхдүүддээ нэр бодож олохын тулд оросоор ч, хятадаар ч аятайхан дуудаж болохыг харгалзсан. Жишээлбэл, Антон гэдэг нэрийг ханзаар зөв буулгаж бичвэл Аюулгүй Дорно хэмээх утга илэрхийлэх юм.

Энэ бүх жишээг дурддагийн учир нь глобал бизнес бий болгох явцдаа манай компани ямар зам туулсныг илүү тод сайн ойлгоосой гэснийх юм. Бас энэ бүгдийн төлөө, маш олон янзын соёл, уламжлалыг судлах боломж олдсоны төлөө би ажилдаа үнэхээр дуртай. Үнэхээр санаанд багтахын аргагүй сонирхолтой.

-Одоо танай “Лаборатори” хэдэн улс орныг хамарч байна?

-Бүх улс орныг. Антарктидийг бас оруулна. Гэхдээ тэнд түншүүд байхгүй, харин үйлчлүүлэгчид бий. Апдейт хийлгэх гэж хүсдэг юм. Тийм болохоор бид өөрсдийгөө хаа сайгүй байгаа гэж зоригтой хэлж болно.

Бид 400 сая орчим хэрэглэгч, 250 сая орчим үйлчлүүлэгчтэй. Энэ бол нэлээн бүдүүн тоймоор багцаалахад шүү дээ.

Нарийн ухаж, яс тоолбол тийм ч бас их биш. Дэлхийн зах зээлийн бидэнд ногдох хувь хэмжээ глобал биш л дээ. 7 орчим хувь. Оросдоо бид гарцаагүй лидер, Европт ч биднийг гайгүй сайн мэднэ, ялангуяа германаар ярьдаг улс орнуудад, харин далайн чанадад бол ер нь даруухан. Өсөж өндийх, хийж бүтээх зүйл бидэнд багагүй бий.

-Эерэг динамик ажиглагдаж байгаа юу?

-Одоохондоо зогсонги байна, хэдэн жилийн турш ашиг орлого маань 700 сая доллар орчимд эргэлдсэн. Урагш ахимаар л байна, даанч... Компанийн дотоодын алдаа ч бий, бас геополитик гэж нэг юм байна. АНУ-д бидэнд гомдол мэдүүлдэг юм. Манай технологийг дэлхийн шилдэг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг үнэхээр хүсдэггүй юм.

-Тэднийх илүү сайн уу?

-Тийм ээ, энэ бол үнэн.

Кибер хорт зүйлийг бид өрсөлдөгчдийгөө бодвол хавьгүй илүү хүчтэй устгадаг. Гэмт хэргийн шинжтэйг нь ч, төр улсынхыг ч ялгаагүй.

Аль нэг дайралт, довтлолгооны ард чухам хэн байгааг бид мэдэхгүй байх явдал элбэг, олж тогтооход маш хэцүү. Хэрвээ мөнгө хулгайлж, шахаанд оруулж байгаа гэмт хэрэгтнүүд гэдэг нь ойлгомжтой. Харин чагнаж, ямар нэг тодорхой баримтыг Сүлжээнээс хайж байгаа бол энэ харин тагнуул. Гэхдээ хэн, хэний ашиг сонирхлоор үүнийг зохион байгуулж байгааг таньж ойлгоход бэрх.

Тэр энэ гэхгүйгээр бид бүгдийг хайр найргүй устгадаг, хариуд нь биднээс өшөө авч, тооцоо хийдэг юм. Манай асуудлыг авч хэлэлцсэн АНУ – ын Сенатын сонсголд намайг дуудсан юм. “Очно, намайг хүлээж байгаарай” гэж би хариулсан. Гэтэл! Хуралдааныг маргааш нь болгож хойшлуулсан... Тэр хуралдаандаа намайг уриагүй.

-Таныг ер нь ирэхгүй гэж бодсон юм болов уу?

-Багаар бодоход, урьдаас төлөвлөсөн, намайг үг хэлэхгүй хэлгүй дүрд тоглуулахаар бэлтгэсэн жүжиг байсан гэж харагддаг. Айж ичих юмгүй болохоор ямар ч асуултад хариулахад бэлэн байсан, тийм учраас үг хэлж ярихаар би шийдсэн байсан.

-Аюулгүй байдлын холбооны албатай хамтарч ажилласан гэдгээр америкчууд таныг буруутгадаг.

-Тэгэлгүй яах вэ. Үүнээс өөр надад юу тохож чадах билээ дээ? Ямар ч нотлох баримт байхгүй, мэдээж хий хоосон худал хуурмаг зүйл. Юу ч байхгүй юм чинь. Яаж мэдэх вэ гэж үзээд бид дотооддоо нэмэлтээр аудит хийсэн. “Лаборатори” цуглуулах ёсгүй мэдээлэл цуглуулсан гэдгээр ямар ч баримт олдоогүй.

Буруугүй гэдгээ нотлох үүднээс 2017 оны аравдугаар сард бид мэдээллийн ил тод байдлын Global Transparency Initiative санаачилга эхлүүлснээ зарласан. Цюрих болон Мадридад дата төв байгуулсан. Дахиад ил тод байдлын хоёр шилэн төвийг Малайзын Сайберджай, Бразилийн Сан-Паулуд нээхээр төлөвлөж байна. Цар тахал дуусахаар төслөө үргэлжлүүлж хэрэгжүүлнэ.

Үнэндээ бол ердийн үйл явц л явж байна. “Тоо” улам үнэтэй болж байна. Хэмжээ нь өсөн нэмэгдсээр байна. 5G зах хязгааргүй мэдээлэл цуглуулах болно. Дурын хөргөгч, эсвэл кофе чанагч мэдээлэл дамжуулах болно.

-Юу гэсэн үг вэ? Энгийнээр орчуулж тайлбарлаач.

-Таны ирээдүйн талаар ярьж байна. Бидний нийтлэг...

За тэгээд та өглөө сэрлээ, орноосоо бослоо, ахуйн хэрэгслүүд чинь тэр даруй үүлэн үйлчилгээнд мэдээлэл дамжуулж эхэлнэ. “Эзэн кофе чаналаа, хөргөгчөө онгойлголоо, гурван өндөг авлаа”. Хүнсний чинь нөөц дуусахаар автоматаар танд авчрахын тулд таны хэр зэрэг хэрэглэж байгаа тухай эдгээр мэдээ хэрэгтэй гэсэн үг.

Болж байгаа үйл явдлын талаар үүл олж мэдсэнээр таны амьжиргааг хөнгөвчлөхийг хүсч байгаа хэрэг. Жирийн өдөр өглөө боссоноосоо хойш 40 минутын дараа ажилдаа (офис руу) явахын тулд унаа (хөдлөх хэрэгсэл) хэрэг болно гэдгийг ч үүл мэднэ. Танай хөршүүд мөн тэр цагт сэрж, мөн тэр зүг рүү явж байгааг ч бас тэр мэднэ. Та хөршүүдтэйгөө хоршиж хагас үнээр түрээсэлсэн нисгэгчгүй онгоц тодорхой цагт таныг ажилд чинь хүргэхээр танай гэр рүү нисч ирнэ. Аятайхан байгаа биз?

-Юу ч гэмээр юм бэ дээ. Том Ахын (англ. Big Brother) бүхнийг үзэж хардаг нүдгүйгээр, түүний тухай бид илүү аажуу тайвнаар зөндөө л ярьсан даа.

-Одоо өнгөрсөн, ухрах замгүй болсон. Сингапурт хотын замыг хуваарилж, түүнд тохируулан машин нэг бүрийн явах замыг зааж чиглүүлэх хөтөчийг (навигаторууд) үүлэнд холбохоор бэлтгэж байгаа гэж байна.

Цаашлаад, кибертехнологийн тусламжтайгаар үйлдвэрлэлийг төгөлдөршүүлэхэд аж үйлдвэрийн дөрөв дэх (4.0) хувьсгалын үзэл санаа оршдог. Жишээлбэл, та хувийн орон сууц барихаар шийдлээ гэж үзье. Холбогдох бүх газартай зөвшилцсөн төслөө та интернетэд барилгын биржид тавина. Ажилчид шаардлагатай материалыг барилга барих нарийн төлөвлөсөн хугацааны дагуу хүлээж авна. Хадаас, шуруп, балк, цемент зэргийг яг хэрэгтэй цаг хугацаанд нь бүтээж нийлүүлнэ. Ингэснээр тээвэр, агуулах гэх мэтээр бусад үй түмэн нөөцөд хэмнэлт гарна.

© Сергей Бобылев/ТАСС

 

Ойлгож байна уу? Үүний үр дүнд үүлэнд хувь хүнийхээс эхлээд том аж үйлдвэрлэл хүртэлх бүх “тоо” цугларна. Ингэвэл бүх зүйл эмх цэгцтэй, хурдан шуурхай, хямд төсөр болно.

Нэг бодлын сайхан ч юм шиг. Гэхдээ аюулгүй байдлын ажилтны хувьд төрийн ажил хэрэгт хөндлөнгөөс оролцох, бусниулж сүйтгэх арга ухаан улам л нарийсах болно гэж харж байна. Энэ бол зөвхөн эдийн засаг гэлтгүй, батлан хамгаалах чадварт ч хамаатай гэсэн үг.

-Тэгэхээр хамгаалалт байхгүй гэсэн үг үү?

-Бид ч бас энэ асуудлаар ажиллаж байна. Харуулъя. Энэ жижиг хайрцганд бидний боловсруулсан хосгүй бүтээл болох аж үйлдвэрийн гейтвей байна. Өмнө ярьж байсан өнөөх интернетэд холбогдсон барилгын материалын заводыг авч үзье. Түүнийг хакердаад сүйтгэж болно. Бид харин хорон санаа агуулан нэвтрэхэд нь саад учруулж, аж үйлдвэрийн сүлжээ болон гадаад ертөнцийн хооронд энэ гейтвейг суулгаж байгаа юм.

-Ийм энгийн гэж үү?

-Үгүй ээ, гэхдээ энэ төхөөрөмж янз бүрийн луйварчдын ажил, амьжиргааг тун амаргүй болгож байгаа юм. Офисын сүлжээг интернетээс тусгаарладаг файерволуудтай төстэй гэсэн үг. Нэвтэрч болно, гэхдээ зовно.

Глобал төвшинд мөн адил.

-Гарц уу?

-Өөрийгөө хайрлаж хүндэлдэг улс орнууд бүх мэдээллээ зөвхөн нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хадгалах шаардлагатай тулгардаг. Интернет орчныг балканчлахыг хүсвэл олон жижиг хэсэг болж задарна. Сүлжээг өөдөс өөдсөөр таслах боломжгүй, нэгдмэл цул хэвээрээ л үлдэнэ, харин нэн чухал “тоог” багцалж хураангуйлаад зөвхөн хилийнхээ дотор үлдээж болно. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал.

-Евгений, чухам ийм болоод таны тухай олж мэдэж болох энэ чухал “тооны” цаана нуугдахын тулд та ахуйн төвшиндөө хуучны товчлууртай утас хэрэглэдэг юм биш биз?

-Хэргийн учир үүнд ч биш л дээ.

Үнэнийг хэлэхэд би ухаалаг утас барих гэж оролдсон, дараа нь тэргүйгээр ч амьдарч болох юм байна гэдгийг ойлгосон. Надад энгийн байх нь дээр.

-Бусдаас ялгарч харагдах гэж үү (Снобизм)?

-Арай ч тиймдээ хүрээгүй байх гэж найдаж байна... Ер нь би өөртөө хэрэггүй гэж үзсэн зүйлд дарагдах дургүй. Миний ажлын өрөөнд ямар ч дэлгэц, кофе чанагч байхгүй байгааг анзаарсан байх. Ногоон цай уудаг болохоор яах юм бэ? Миний уудаг ногоон цай ганц ч дэлгүүрт байхгүй.

-Цайны тариалантай юм уу?

-Эхнэрийн хамаатнууд тариалантай. Тэд хөдөө тосгонд байшинтай, цай тарьж ургуулна. Тэгээд надад явуулдаг юм.

"Юу иддэг вэ гэж үү? Жигнэсэн хилим загас, жирийн орос хоол хүнс, загасыг би өөрийнхөө цөөрмөөс барьдаг юм".

-Ёстой сонин мэдээ байна!

-Наргиан шүү… Хөл хорионы үеэр эхнэр хүүхдүүд маань зуслан явцгаасан, тэндээ нэг хэсэг байна, харин би хотод ганцаараа үлдсэн. Булгаковын адилаар долоон өрөөний дунд ганцаараа. Яг үнэндээ бол зургаан өрөө л дөө. Өөртөө зориулж тусад нь өрөө тохижуулж засаагүй. Яах юм бэ? Би бага насны гурван хүүхэдтэй. Тэднээс зай барьж хаалганы цаана нуугдах нь инээдтэй, тэнэг явдал болно.

-Том нь одоо хэдтэй вэ?

-Ер нь би таван хүүхэдтэй, аль хэдийн өвөө болсон хүн. Багачуулын том нь есөн настай.

-Түүнд ухаалаг гар утас бий юү?

-Байхгүй. Нойтон хамуу шиг салахгүй шалаад л байгаа. Одоохондоо би гүрийгээд л байгаа.

-Ямар тайлбар хэлэх вэ?

-“Чамд ямар хэрэгтэй юм бэ?”  гэж асууна. “Зураг авах гэсэн юм” гэж хариулна. Тэгэхээр нь “Ээжийнхээ утсаар аваад буцааж өг” хэмээн санал болгоно. Цаашлаад “Утсаар яримаар байна” гэнэ. “Хэнтэй?” гэж асуухаар “Тантай” гэнэ. “Чи бид хоёр байнга л ярилцаж байгаа шүү дээ” гэнэ.

Хүү маань зайнаас зөөврийн компьютер дээр ажиллаж байгаа, үүнээс гадна програмчилалын хэл сурч эхэлсэн. Одоохондоо, мэдээж, хамгийн энгийн тоглоомноос эхэлсэн, гэхдээ программ зохиогчдын сайтад бүртгүүлэхийг хүсээд байгаа юм, үүний тулд ухаалаг утсанд аккаунт суулгах хэрэгтэй л дээ. Яваандаа ер нь бууж өгөх бололтой...

Яг үнэндээ ухаалаг утас өнөөдөр зайлшгүй шаардлага болчихоод байна, хүүхдүүд чатлаж байна, энэ бол тэдний өөр хоорондоо харилцах хүрээ. Хүүхдэд компьютер бас хэрэгтэй, учир нь бүр гуравдугаар ангиас яггүй төвөгтэй даалгавар өгдөг болсон байна. Ямар ч коронавирусээс хамааралгүй зайнаас суралцаж байна.

Ингэхэд, ер нь хүүхдүүд маш амархан гэр орныхоо системийн админууд (сисадминууд) болж байна гэдгийг анзаарсан. Гэрийн IT системийг тэд л удирдаж байна шүү дээ. Жишээ нь телевизорын тохируулгыг би хийж чаддаггүй, харин тэд нүд ирмэх зуур. Өөрийгөө зөвтгөхөд би телевизор нэг их үзээд байдаггүй. Нэгд, зав байхгүй, хоёрт гэвэл, интернет байхад хангалттай.

-Юмыг хойш тавих санаа танд хэр байдаг вэ? Ямар нэг зүйл хийж байгаад чухал шийдвэр гаргахаа хойшлуулж байсан тохиолдол бий юү?

-Огт тэвчдэггүй! Хамгийн хүнд бэрх асуудлыг шууд барьж авахыг хичээдэг. Хойшлуулж, цаг алдаж яах юм бэ? Тэртээ тэргүй хийх болно. Шүд өвдсөн бол аяндаа намжина гэж бараг байхгүй биз дээ.

Амттаныг харин хоолны дараа болгож үлдээсэн нь дээр. Би жимсэнд ухаангүй дуртай, удаан амталж, таашаал авч иддэг. Харин дургүй, хүнд бэрх ажлыг хурдхан дуусгасан нь дээр. Аз болоход тийм ажил надад ховорхон тохиодог юм.

-Жишээлбэл.

-Би хүмүүсийг ажлаас халах дургүй. Үүнд баярлаад байх юм байхгүй, зөвшөөрнө биз.

-Салах шалтгаан юу байдаг бол.

-Гол төлөв мэргэжлийн төвшин хангалтгүй, даалгасан ажлыг тухайн хүн хийж чадахгүй байх.

-"Хумслагч нар" тантай таарч байсан уу?

-Ийм явдал арван жилд нэг удаа гардаг юм. Эндээс юу хумслах вэ дээ? Манай оюуны өмч болсон эх бичвэрийг ажилтнууд хулгайлсан тохиолдол гарч байсан л даа. Мулгуу тэнэгүүд! Энэ чинь маш амархан илэрнэ шүү дээ. Боловсруулах цикл маш хурдан солигддог болохоор хагас жилийн дараа гэхэд л тэр эхүүд ямар ч найдваргүй хуучирдаг юм.

Өөр тэрнээс аваад байх юм юу ч байхгүй. Манай үйлчлүүлэгчид хэн бэ гэдгийг бид өөрсдөө ч мэддэггүй юм. Аль ч улс орны ажлын онцлог ийм шүү дээ. Түншүүдийнхээ баримтад ороод байх боломж бидэнд байхгүй. Бидний эсрэг нэр гутаах юм ухах боломжгүй. Бидний ажил үйл сэвсгэр зөөлөн хөвөн шиг хир буртаггүй цав цагаан, бүх татвараа төлдөг. Энэ маань ч бидэнд ашигтай байдаг юм.

-Эрт ухаарсан уу?

-Бүр эхнээс нь. Дотоод журамдаа тусгаж бичсэн. Биднийг томорсоны дараа маш их анхаарцгаасан, тэгээд ч өө сэв гэхээр юм байгаагүй л дээ. “Лаборатори” –той холбож гаргадаг асуудлууд бол харин зохиомол зүйл.

-Таны хувьд итгэл, итгэмтгий хоёр ижил утгатай үг үү?

-Үгүй. Эхнийх нь субьектүүдийн хооронд тогтож хэвшсэн харилцаа, хоёр дахь нь хүний зан үйл.

-Өөрийнхөө талаар юу хэлэх вэ?

-Би өөдрөг үзэлтэй хүн, хүний мууг харах гэхээсээ илүү сайн хүмүүст өнөөг хүртэл итгэж явдаг. Бүх зүйлд ингэж л ханддаг. Хуурч мэхлэх хүртэл нь.

-Тийм зүйл олон гарах уу?

-Миний харьцдаг хүрээ том биш. Урьд өмнө янз бүрийн л юм тохиолдож байсан. Ялангуяа 1996-1997 онд бид Баруун руу дөнгөж гарч байх эхний үе шатанд анхны шинэ түншүүд бий болсон. Ядуурч, сүйрсэн Орос орноос гарч ирж байгаа хэн ч танихгүй нэг муу жижигхэн компани. Вирусын эсрэг компани одоогийн Зимбабвегаас гарч байгаа гэсэнтэй адилхан юм л даа. Юу вэ? Хаанаас вэ?! гээд л.

Биднийг эхэндээ далайн арлын хүмүүс шиг л хардаг байсан. Яваандаа хандлага өөр болж, Орос улсад шилдэг сайн программ зохиогчид байдаг юм гэж ярьдаг болсон.

-Та өөрийнхөө овгийн нэрийг бренд болгосон. Үүнээс болж асуудал гардаг уу?

-Одоо хүртэл дасаагүй л байна. Энэ бол миний анхны эхнэр, бас түнш Натальягийн санаа. Би уг нь татгалзсан юм. Тэгсэн өнөөх маань “Чи аль эрт олны танил хүн болсон, цаашаа эрч хүчээ авахад хэмнэлттэй шүү дээ” гэдэг байгаа. Үнэндээ бол түүний зөв л дөө. Гэхдээ би татгалзсаар л байсан, гэтэл Наталья “За тийм байж, тэгвэл илүү сайн хувилбарыг бодож ол” – гэлээ. Би чадаагүй. Тэр чигтээ үлдсэн.

-Хэдэн он бэ? 1997 юу?

-Бараг тийм байх. 20 гаруй жил өнгөрчээ, миний овгийг хэн нэгэн хэлж дуудаж байгааг сонсоод одоо хэр нь юу билээ гэж цочдог л юм. Эвгүй санагдаад байдаг. Даруухан хүн болох гэж маяглаж байгаа ч юм биш, тийм зүйл огт байхгүй, гэхдээ өөрийнхөө хувиа хичээсэн бардам занг томруулах бас дургүй.

"Касперскийн лаборатори" байгуулагдсаны 22 дахь төрсөн өдрийг Завидовод тэмдэглэх үеэр, 2019 он
© "Касперскийн лаборатори" хувьцаат нийгэмлэгийн хэвлэлийн алба

 

Компанийнхаа төрсөн өдрийг бид жил бүр тэмдэглэдэг. Сүүлийн хэдэн жил Завидово руу явж байгаа, тэнд хоёр мянга орчим хүн цугладаг юм. “Юу? Хэзээ? Хаана?” маягийн юм уу, эсвэл АСК, мөн янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Би шүүгчдийн бүрэлдэхүүнд байнга багтана. Хэн нэг нь намайг магтан дуулах гэж оролдвол нэг хүнийг тахин шүтсэн гэж торгууль ногдуулна.

Жирийн өдөр тутмын амьдрал дээр хүмүүс намайг бараг таньдаггүй юм. Хэвлэл, мэдээлэлд яриа өгдөг, гэхдээ холбооны сувгаар “гэрэлд цохиулдаггүй”. Тийм болохоор гаднаас хараад намайг таньдаггүй. Одоо бүгд гэр гэртээ сууцгааж байна, хэн ч танихгүй болохоор би цар тахлаас өмнө би дуртай дэлгүүрээр орж, гудамж талбайгаар зугаалдаг байлаа. Онгоцны буудал дээр ч ялгаагүй, гэхдээ хүмүүс айтигийн ямар нэг үзэсгэлэнг зориогүй бол нэг их асуудал үүсээд байдаггүй...

Эх сурвалж: www.polit.mn