У.Болдбаатар: Дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчид ачаалал ихтэй ажилладаг

0
хуваалцах
935
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

Бид энэ удаа Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянгол дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Болдбаатартай ярилцлаа.

 

-Сүүлийн үед Шүүхийн шинжилгээний байгууллага, шүүхийн шинжилгээ гэсэн нэр томьёо их гардаг боллоо. Танай байгууллага ямар чиг үүрэгтэй байгууллага вэ. Цагдаагийн дүрэмт хувцас хэрэглэдэг юм уу?

-Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоолоор ЭМЯ-ны харьяа Шүүх эмнэлгийн магадлах төв, Сангийн сайдын дэргэдэх Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо, Цагдаагийн ерөнхий газрын шинжилгээний хүрээлэнг нэгтгэж Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг байгуулсан. Шүүхийн шинжилгээний байгууллага нь хуульд зааснаар үзлэг, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, улсын хэмжээнд гарын мөрийн, галт зэвсгийн, ДНХ-ийн зэрэг нэгдсэн сан бүрдүүлж ажилладаг. Үзлэг хийх гэдэгт зөрчлийн болон эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий ул мөр, эд мөрийн баримтыг шинжлэх ухааны арга, аргачиллын дагуу илрүүлэх, бэхжүүлэх, хураан авах үйл ажиллагаа. Эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтийг үндэслэн ул мөр, эд мөрийн баримтад мөн шинжлэх ухааны арга аргачиллын дагуу, техник хэрэгсэл ашиглан тусгай мэдлэг бүхий албан хаагч шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргадаг. Харин дээрх үйл ажиллагаанд ашиглах зорилгоор улсын хэмжээнд нэгдсэн болон төрөлжсөн сан бүрдүүлж, ашигладаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан нь цагдаагийн дүрэмт хувцас, цол хэрэглэж байна.

-Тэгвэл дээрх ажиллагаанаас дүүрэг дээр аль алийг нь явуулдаг вэ?

-Дүүргийн криминалистикийн шинжилгээний тасагт криминалистикийн шинжээчдээс бүрдсэн албан хаагчид ажилладаг бөгөөд дүүргийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд 24 цагаар ажиллаж, криминалистикийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийн дагуу холбогдох ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэн бэхжүүлж, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд тусгай мэдлэгийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн ул мөр, эд мөрийн баримтад криминалистикийн шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргана. Дүүрэгт гарын мөрийн шинжилгээ илүүтэй хийгддэг бөгөөд улсын хэмжээнд ашиглагддаг гарын мөрийн ПАПИЛОН-АДИС системийг ашиглана, мөн хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр, дардас, нэгдсэн болон бусад арга хэмжээний явцад эрүүгийн, зөрчлийн хэргийн холбогдолтой, эрүүлжүүлэгдсэн, хорихоос өөр төрлийн ял эдэлж буй иргэдийн гарын хээний дардасаар нэгдсэн санд баяжилт хийж ажилладаг.

-Танайх шинжээч, мэргэжилтнээ хаана бэлтгэдэг вэ. Нарийн мэргэжлийн хүмүүс ажилладаг байх?

-Уламжлалаар бол ОХУ-д хуучнаар ЗХУ-д анхны шинжээчдийг бэлтгэдэг байсан. 1990 оноос хойш тодорхой шалтгаанаар шинжээч бэлтгээгүй 10 жил тасраад байсан бол одоо дотооддоо бол ДХИС, гадаадад ОХУ-ын хуулийн болон цагдаагийн чиглэлээр сургаж бэлтгэдэг томоохон сургуулиудад оюутан залуусыг бэлтгэж байна. Манай төв байгууллагын захиалгаар гадаад болон дотоодод суралцаж байгаа оюутнууд 4-5 жилийн хугацаатай криминалистикийн шинжээчийн нарийн мэргэжлийг эзэмшин төгсдөг. Манай байгууллага сүүлийн жилүүдэд дотоодод сургахаар гадна, ОХУ, БНСУ-д алба хаагчдыг криминалистикийн нарийн мэргэжлээр давтан сургаж байна.

-Албан хаагчдын ажлын ачаалал хир байдаг вэ?

-2012 онд цагдаагийн байгууллагын бүтэцэд өөрчлөлт орж дүүргийн цагдаагийн хоёр, гуравдугаар хэлтсүүдэд хуваагдах үед шинжээчдийн ажлын ачаалал эрс нэмэгдсэн, өөрөөр хэлбэл цагдаагийн хэлтэс бүр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллуулж иргэдэд үйлчлэх үйлчилгээг хүртээмжтэй болгосонтой уялдан шинжээчдийн тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Шинжээч нь криминалистикийн мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэхээс гадна, эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтийн дагуу тусгай мэдлэг шинжлэх ухааны тодорхой арга, аргачиллын дагуу криминалистикийн шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргана. Аливаа шинжилгээг хийхэд тодорхой цаг хугацаа, орчин, техник хэрэгсэл шаардагддаг, шинжлэгдэж буй эд зүйлсийг харьцуулан судлах, шинжлэх, дүгнэлтэд хүрэх зэрэг үе шатуудыг дамждаг энэ утгаараа шинжээчдийн ажлын ачаалал өндөр байдаг.

-Албан хаагчдын ажлын дадлага туршлага, насны хувьд?

-Манай тасгийн хувьд 23-32 насны залуучууд албан үүрэг гүйцэтгэж байна. Ажлын туршлагын хувьд 1-8 жилийн туршлагатай албан хаагчид байгаа.

-Шинжээч нараа хэрхэн давтан сургадаг вэ?

-Шинжээч албан хаагчид маань Дотоод хэргийн их сургууль болон бусад их, дээд сургуулиудад бакалаврын дараах сургалт, түүнчлэн мэргэжлийн урт, богино хугацааны сургалтыг өөрийн төв байгууллага, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институттай хамтран зохион байгуулдаг. Мөн тусгай мэдлэг бүхий шинжээч нарт байгууллагын цахим сүлжээг ашиглан мэргэжлийн танхимын болон онлайн интерактив хичээлийг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

-Цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2009 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 73/102 дугаартай хамтарсан тушаалаар Цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын хамтарсан журам баталсан, энэхүү журмын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг бөгөөд үе үеийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нар манай байгууллагын ажлыг үргэлж дэмжин ажиллаж ирсэн.

-Иргэдийн дунд “Задлан шинжилгээ хийлгэхгүй гэсэн хүсэлт гаргахад шүүхийн шинжилгээний байгууллагаас задлан шинжилгээ хийчихдэг” гэсэн гомдол ирдэг, заавал задлан шинжилгээ хийх хуулийн заалттай байдаг уу?

-Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийх эсэх нь манай байгууллагын асуудал биш, тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шинжилгээ хийгддэг гэдгийн онцлон хэлэх нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.25  ДАВАА № 102 (6327)