Б.Хурц нарыг шүүж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг өргөн мэдүүлэв

0
хуваалцах
201
үзсэн

Т.БАТСАЙХАН 

 

2020 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг  СЕХ-нд хүргүүлээд байна.   Үүний зэрэгцээ хууль шүүхийн байгууллагатай холбоотой хэд хэдэн онцлох үйл явдал боллоо.   Тэднийг тоймлон хүргэж байна.

Тухайлбал, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд лхагва гарагт болсон. Шүүхийн шийдвэр анхаарал татаж байсан ч хуралдааныг   зургадугаар сарын 8-ныг хүртэл хойшлуулсан юм.  Шалтгаан нь Г.Эрдэнэбатын өмгөөлөгч өөр хэргийг өмгөөлж байгаа бөгөөд шүүх хурал нь давхардсан учраас хойшлуулсан хэмээн шүүхээс тайлбарласан байдаг.

Дараагийн нэг асуудал нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл явдал өнгөрсөн долоо хоногт анхаарал татав. Долоо хоногийн сүүлээр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн  болж, хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон юм.  Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Үндэсний их баяр наадмыг иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн зохион байгуулахаар боллоо.  

Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид, бие даан нэр дэвших хүмүүс СЕХ-нд  холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа дууслаа.  Ингэснээр маргааш СЕХ-ноос хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм. Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна.  Үүний дараа сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхлэх билээ.  МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан  “Та бидний эвсэл” нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэж өглөө.   Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа.   Бид нэр дэвшигчидтэйгээ олон удаа уулзаж, нам намын шилдэг гэсэн төлөөллийг дэвшүүлсэн.  Залуу, дунд үеийн эрдэм, боловсролтой төлөөлөл болон туршлагатай хүмүүс ч бий.  Ард түмэн маань энэ сонгуулиар үзгээрээ хувьсгал хийх ёстой” гэсэн юм. 

МАН-аас  Сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нэр дэвшигчдийн нэрсээ хүргүүлсэн.  Тэрээр “МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдэд гурван шаардлага тавьсан. Тодруулбал, Монгол төрөө гэсэн сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай гэсэн шаардлага тавьсан. Ингээд шаардлага хангасан 76 нэр дэвшигчийг тодруулж, материалыг нь СЕХ-нд өглөө.  Материал бүрдүүлэх нэрс дунд ямар нэг өөрчлөлт ороогүй” гэлээ. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн.  АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн хүн нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэсэн юм.  Түүнчлэн  “Зөв хүн электорат” эвсэл болох  Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намуудаас бүрдсэн эвсэл СЕХ-д нэр дэвшигчдийнхээ холбогдох материалуудыг хүлээлгэн өгөв.

УИХ-ын 2020 оны сонгуульд 208 иргэн бие даан нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэгвэл тэднээс долоо нь өөрсдийн хүсэлтээр мөрийн хөтөлбөрөө татаж Үндэсний аудитын газар 201 бие даагчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаснаас 121 иргэний мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засах боломжийг олгосон юм. Тэгвэл 121 иргэнээс 92 нь мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэн засч, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна.

 УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.25  ДАВАА № 102 (6327)