Дэлхийн хөгжлийг Монголд түүчээлсэн зүтгэл

0
хуваалцах
910
үзсэн

С.УЯНГА

Сурч боловсрох, бүтээх их үйлсийг хослуулж, амжилтын оргилд хүрсэн тийм л лийдэр эрхмийн амьдралын тойрогт саатлаа. Их гүрнээс тээж ирсэн мэдлэг боловсролоо эх орондоо бүрэн дүүрэн зориулахын зөв үлгэрлэл бол эрхзүйч, олон улсын санхүүгийн мастер С.Оргодол юм. Монгол Улсын хөгжлийн шат, салаа мөчир бүрт хувь нэмрээ оруулахдаа дэлхийн хөгжлийг түүчээлсэн зүтгэл нь түүний  амьдралын  зам мөрийг “зураад” өгнө.

 

ААВЫН ДАЙТАЙ АХ

 

Зочинтойгоо цаг товлосны дагуу ажлынх нь өрөөнд очвол дуу аялсаар угтсан нь “Аавын дайтай ах” хэмээн шинэхэн уран бүтээлээ дөнгөж өлгийдөхтэй нь таарсан хэрэг. “Намайг 2001 онд АНУ-д сурахаар явахад ах дүү, найз нар үдэж өгсөн юм. Түүний дотор хөгжмийн зохиолч найз маань хамтлагтайгаа ирж дуулж, хуурдаж,  хэдэн дүү нар хааяагүй нулимс дуслуулсан шиг халуун яриа өрнүүлж суухад “Аавын дайтай ах” дууны санаа орж ирсэн. Үг, аяыг нь зохиож тэр оройдоо эхний бадгийг дуулаад орхисон юм. Би ч маргааш өглөө нь АНУ-руу ниссэн. Гурван жилийн дараа эх орондоо буцаж ирэхдээ үгийг нь гүйцээж хөгжмийн зохиолчтойгоо уулзан хуучин аяыг нь сэргээж дуулуулсан ч  бичлэг хийж, эцэслэж амжилгүй, ажил төрөл гэсээр хойш тавиад байсан. Гэтэл саяхан хөгжмийн зохиолч, дуучин хоёртойгоо санамсаргүй таараад шууд ажилдаа орж байна. Ёстой л сэтгэлийн дуудлагаар уулзаж дуу маань хурдан бүтлээ. Энэ дуугаа ахыгаа, дүү нараа бодож хийсэн. Дүү нар маань ч намайг өөртөө зориулаад хадгалаад байгаа юм уу гэж егөөдөөд байгаа. Одоо дүү маань ч бас аавын дайтай ах болжээ. Би эцэг эхээс наймуулаа. Энэ дууны эзэн том ах Ц.Батлут маань Өвөрхангай аймагт намайг хүлээж суугаа. Удахгүй ахдаа давхиад очино доо” гэлээ. Шинэхэн уран бүтээлийнхээ нэг бадгийг жигтэйхэн цээлхэн хоолойгоор дуулж өгч бидэнд ая барилаа. Ингэж багахан хугацаанд дуу хөгжмөөр амьсгалав. 

С.Оргодол Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн далай буюу хуучнаар Илдэн бэйлийн хошуунд төржээ. Аав Доржийн Гангаа тухайн үедээ худалдаа, бэлтгэлийн ангийн дарга, бригадын дарга хийж байгаад багад нь осолд орсон тул хойд аав Санжаасүрэнгийнхээ нутгийг дагаж Сант суманд очсон гэдэг. Ээж Ц.Цэрэндолгор сумандаа банкны нярав, нягтлан хийдэг байсан нь түүнийг банкны салбар руу хөтлөх эхлэлийг тавьж ээлтэй байх замыг заасан гэнэ. С.Оргодол бага насаа өвөө Б.Цэвээндорж, эмээ Жанчив нарынхаа дэргэд өнгөрүүлсэн тухайгаа  дурсахдаа “Хүүхэд л болсон хойно сониуч. Харин асуулт болгоныг минь төвөгшөөхгүй хариулж, ажил хөдөлмөрт сургаж, зөв төлөвшлийн суурийг хоёр буурал тавьж өгсөн. Өвөө Илдэн бэйлийн хүрээнд шавилан сууж байгаад лам нарыг хар болгоход артелийн ажилчин хийсэн. Мужаан, дархан үйл мэтгэх гээд чадахгүй юмгүй. Эмээ хүнтэй  зөв мэндлэх, малаа яаж адгуулахыг нэг бүрчлэн хөтөлж заасан. 5-6 настай байхад хурга ишигэнд яв гээд моринд мордуулна. Тэгсэн хэрнээ алсаас харж дасгалжуулагч шиг л байнга дагаж явна. Бид хонио биш эмээгийн гарыг л харна. Наашаа даллавал ир гэсэн үг. Цааш нь дохивол болоогүй. Даллачихаад дохивол хонь хургаа туугаад ир гэдгийг нь үйл хөдлөлөөс нь андахгүйгээр ойлгодог болсон” гэв. Ингэж их хөдөлмөрт сургаж байжээ.

 

ӨВӨРТӨЛЖ ИРСЭН ЭРДМЭЭ ЭХ ОРОНДОО НУТАГШУУЛСАН ОН ЖИЛҮҮД

С.Оргодол дунд ангиа Сант суманд, арван жилээ Арвайхээрт дүүргэхдээ “Онц”-оос өөр дүн авч үзээгүй гэдэг. Сургуулиа төгсөөд МУИС-ийн хуулийн ангид дэвшин суралцахдаа ч мөн л онц дүнтэй төгсөж, сургуульдаа багшаар бэлтгэгдэж байсан чухал боловсон хүчин байжээ. Харин сонирхлоо дагаж Хуульзүйн яамнаас ажлын гараагаа эхлэхдээ Хуульзүйн мэдээлэл сэтгүүлийн Нарийн бичгийн дарга дэс түшмэл цолтойгоор ажлын гараагаа эхэлж байв. Тэр үедээ “Ил товчоо” сониноос эхлээд анхны хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бүртгэх үүрэг түүнд давхар оногдож байжээ. Эндээ төдий л удалгүй 1992-1996 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн яаманд хуулийн зөвлөх, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн даргаар очжээ. Үндсэндээ Л.Бямбасүрэнгийн Засгийн газрын сүүлч Жасрайгийн Засгийн газрын бүрэн эрхийг бараг дуустал ажиллажээ.

Хүнд үйлдвэрийн яаманд Улаанбаатар хот байнгын тогны хязгаарлалт буюу хэсэгчлэн ээлжээр гэрэлтүүлдэг, хэзээ ч тог тасарч магадгүй, цахилгаан станцууд нь Зөвлөлтийн мэргэжилтнүүдээ явуулчихсан, сэлбэг байхгүй хөрөнгө мөнгөний дутагдалтай. Станцууд унтарч зогсдог. Хотоо бүрэн гэрэлтүүлж чаддаггүй байсан хүндхэн цагт 23 настай залуу бүх л гарын үзүүрт гүйж очихгүй ч газаргүй, нойр хоолыг умартан ажиллажээ. Тэрээр Б.Жигжид сайдаасаа болон бусад дэд сайд нар мэдлэгийн их ундарга болсон ахмад үеийнхээсээ их ч зүйл сурсан талаараа ярилаа. Таван жилийн дараа анхны Эрчим хүчний хуулиа батлуулж өөр ажилд шилжихээр болж, 1996 онд ажлаа өгөхөд цахилгааны хязгаарлалт хийхээ больж хүнд үеэ давж ажил овоо цэгцэрсэн байлаа. Яамныхаа дотоод хууль эрх зүйн асуудлаас гадна шууд харьяалагдаж байсан 200 шахам үйлдвэр байгууллагуудад хуулийн туслалцаа үзүүлэх ажлыг өөрт оногдсон үүрэг гэж бодон биелүүлдэг байжээ. “Ашигт малтмалын хуульгүй ч Алт хөтөлбөр зарлагдаж манай яам анх хувийн компаниудад ашигт малтмалын хайгуул, олборлолтын лицензүүдийг олгож эхэлсэн. Алдаа, маргаан гарахад ойрхон байсан ч нэг удаа шүүхэд дуудуулахгүйгээр ажиллаж байснаа бодохоор ноён нуруутай, хувийн шуналгүй удирдлагууд, хамтран ажиллагчидтай байсандаа л талархдаг. Очсон газар бүртээ хүнд үед нь зүтгэж явахдаа зовсон гэхээс илүү хөдөлмөрийн амтанд орж, ажилласан хамт олон бүрээсээ их зүйлийг сурч чадсан би азтай хүн” гэв. Түүний дараа С.Оргодол Худалдаа хөгжлийн банкны урилгаар хуулийн зөвлөхөөр ажиллаж жилийн дараа гэхэд Тамгын газрын захирал болон дэвшсэн байна. Тэрээр ажлаа жаахан завсарлахаар шийдэж 2001 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн ухааны сургуульд жил гаруй хугацаад сурч, үргэлжлүүлээд Массачусетс мужийн Бостоны их сургуулийн олон улсын банк санхүүгийн мастер зэрэг хамгаалжээ. Тэндээ хэсэгтээ ажиллаж АНУ-ын Бие даасан нийгмийн бодлогын хүрээнд шинжээч, судлаач хийж, дагалдуулан сургасан Денис Полхилын хамт олон судалгаа нийтлэл дээр ажиллаж, том гүрний бодлого яаж явдаг, судалгаа шинжилгээний ажил нь төрийн бодлогодоо хэрхэн тусгадгийг сурч мэдлэгээ бататгаж авчээ.

С.Оргодолын ажил амьдралын зам мөрийн хамгийн амжилттай, улс орондоо сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж ирсэн цаг үе бол Дэлхийн банктай хувь заяагаа холбож дэд бүтцийн мэргэжилтнээр ажилласан хоёр жилд дэлхийн банк болон бусад хандивлагчдын хөрөнгө, санхүүжилтийг Монгол руу татахад оюун ухаан, чармайлтаа  дайчилсан байна. 2004 эх орондоо ирээд Дэлхийн банкинд дэд бүтцийн мэргэжилтэн хийхдээ дэд бүтцийг жинхэнэ утгаар нь хөгжүүлснээр улс орны амьдралд томоохон дэвшил авчирсан хэдэн зуун сая ам.долларын санхүүжилт, буцалтгүй тусламжийг Монголдоо үлдээж чаджээ. Эрчим хүч, уул уурхай, цахилгаан дулаан, харилцаа холбоо, төмөр зам, тээврийн салбарт жишиг гэж үнэлэгдсэн төслүүдийг Монголын талаас хариуцаж ажилласан байна. Энэ талаараа “Дэлхийн банк ядууралгүй дэлхийг цогцлоохын төлөө ажилладаг. Гэтэл манайхан мөнгө л гэж хардаг. Өгч байгаа мөнгөний цаадах үр өгөөж, эзэмшүүлж байгаа мэдлэг туршлагыг үнэлдэггүй. Төслийн томоохноос нь дурдвал, социализмын үед байгуулагдсан эрчим хүч хэмээх өрийн сүлжээндээ баригдаж дампуурч байсан алдагдлыг бууруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бүр хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлөх соёл суулгасан. Үүнийг зөвхөн нийслэлд биш Говь-Алтай, Баянхонгор, Төв аймагт хэрэгжүүлсэн.Сэргээгдэх эрчим хүчний 100 мянган нарны гэрэл гэж малчдыг цахилгаанжуулах төсөл хэрэгжүүлсэн. Миний хувь нэмрээ оруулж хүчин чармайсан төслүүдээс хамгийн сэтгэлд ойр нь 2004 онд хэрэгжсэн Улаанбаатар Өвөрхангай хүртэлх засмал зам тавигдсан явдал. Нутгийн замаар өөрөө ч, өрөөл ч аюулгүй сайхан зорчихыг харахдаа  гар бие оролцож, нэмэр хандивтай явсан хүний хувьд сэтгэл дүүрэн байдаг. Энэ бүх төслийн цаана хэдэн зуун саяын техникийн туслалцаа төлбөргүй дагалдаж, хүртсэн үр шим өргөн дэлгэр” хэмээлээ. 

С.Оргодолын хийж хэрэгжүүлсэн ажил бүрийг энд дурдах боломжгүй. Тэр дундаас Харилцаа холбооны салбарт хувийн хөрөнгө оруулалт хийх хуулийг гаргаж, зохицуулах хороог нь байгуулж, хүмүүсийг нь сургаж бэхжүүлж өгчээ. Мөн Бүх нийтийн үүргийн сан байгуулж утасны сүлжээ зөвхөн хот сууринд байсныг орон нутаг руу тэлэх анхны төслийг өөрөө хариуцаж Архангай Цахир суманд мобикомын сүлжээ оруулах ажлыг гардан хийж байв. Энэ мэтээр бүх сумыг холбосон. Мөн өнөө цаг үед хамгийн их шүүмжлэл хардлага дагуулж буй Оюутолгойн төслийн талаар “Рио Тинто”-той хийх хэлэлцээрт Засгийн газарт  дэлхийн хэмжээний зөвлөхүүдийг авах, тэдгээр зөвлөхүүдийн цалин хөлсийг олон улсын 4-5 байгууллагаар төлүүлэх ажлыг бүтээсэн ч Засгийн газар улстөржөөд зөвлөгөөг аваагүйд сэтгэл дундуур явдгаа нуусангүй. Түүнээс тухайн цаг үед хэрхэн ажилласан болон монгол, гадаад хүмүүстэй ажиллахад ялгаа зааг хэр байсныг нь асуухад “Нэг жил Дэлхийн банкны дөрвөн дэд ерөнхийлөгчийг Монголд айлчлуулж байлаа. Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн нэгдсэн стратегийг дэлхийн банкны мөнгөөр хийлгэсэн. Дараа нь олон улсын санхүүгийн корпорацид ажиллахдаа Монголд хөрөнгө оруулах багц 10 сая ам.доллар байсныг 100 сая ам.доллар болгож нэмүүлсэн л дээ. Олон улсын байгууллагад ажиллаад ирэхээр манайх бусад улс оронтой харьцуулахад маш бага хөрөнгө оруулалт авдаг. Гэхдээ боломжийг тултал ашиглахын тулд бусад улс орнуудтай барьцаж, заримдаа дарга, захирлуудаа ч шахамдуулах байдлаар  ажилладаг байлаа. Сүүлдээ Монголд шаардлагатай төслийг танилцуулж шийдүүлэхдээ мэргэшсэн. Хамгийн чухал нь төсөл болгон дээр Монголд олон орнуудын мэргэжилтнүүд, удирдлагуудтай хамтран ажилласан нь чухал хүч байсан юм шүү.

Гадны хүмүүстэй харьцуулахад монголчууд  их ойрхон хараатай, тухайн агшинд яаж аргалах вэ гэж боддог. Дэлхийн томоохон албан тушаалтнуудыг Монголд айлчлуулж байхад заримдаа өөрсдөөсөө ичих үе гарна.  Алсаа харахгүй жижигхэн юм гуйх, зөрүүтэй зүйл ярих, ийм юмыг гуйгаад өгөөсэй гэж өмнөөс нь харамсах, заримдаа орчуулганыхаа завсарт санаа өгөх явдал ч гарч л байлаа” гэсэн юм. 

Тэрээр Дэлхийн банкны ажлаа өгөөд 2008 онд Монгол шуудан банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж хүндрэлийг нь амжилттай удирдаж ашигтай, төлөөлөн ажиллаж байсан хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг үнэ цэнэтэй болгож байлаа. 2009 онд Худалдаа хөгжлийн банк санал тавьснаар гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байжээ. Энд нэг зүйлийг зориуд онцлохыг хүсч байна. Түүнийг орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн аргачлалыг боловсруулж нэвтрүүлсэн гэдгийг мэддэг хүн ховор юм билээ. Олон өрх гэр бүл орлогод нийцсэн тохилог орон сууцтай болох аргачлалыг боловсруулах талаар нь асуухад товчхон хариулт өглөө. С.Оргодол “Орон сууцны зээл жилийн 17 хувьтай байсныг найман хувьтай болгох анхны бонд дээр гарын үсэг зурсан ховор тохиол надад бий. Энгийнээр тайлбарлахад банк хэрэглэгчид 100 сая төгрөгийн зээл олгочихоод 20 жил төлөгдөж дуустал нь өөр хүнд зээл олгож чадахгүй. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээл авахаар дугаарлаж буй 200 мянган хүн 20 жил хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр нь банкны баланс дээр байгаа орон сууцны зээлийг үнэт цаасаар баталгаажуулан бонд болгон хоёр дахь зах зээл дээр зарснаар банк шинэ эх үүсвэртэй болж, уг эх үүсвэрээрээ дараагийн хүнд зээл өгөх боломж нь гарч, олгох зээлийн хүү нь буурах боломж гарч байгаа юм. Энэ схемийг гаргаж ажиллуулах боломжийг Бостоны их сургуульд байхдаа заалгасан” хэмээн даруухан өгүүлэв.

Тэрээр Арбитрчийнхаа хувьд Монголын Засгийн газраас нэг тэрбум гаруй ам.доллар нэхэмжилсэн олон улсын арбитрын маргаанд Гаагын олон улсын байнгын шүүхэд Монгол Улсаа төлөөлөн манайд өмгөөллийн тусламж үзүүлж байсан АНУ-ын Миллбанк хуулийн компанийн ахлах хуульч, дотны найз Майкл Нолантай хамтран ялалт байгуулж байжээ. Энэ мэдээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шуугианд дарагдаад хүмүүст  анзаарагдаагүй ч уг нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтойг хоёр зүйлээр тодотгож болох юм.  Үнийн дүнгийн хувьд одоогоор үүнээс өөр Монголд тэрбумаас дээш ам.долларын маргаанд оролцож, ялалт байгуулсан. Түүнээс гадна Монгол Улсын БНХАУ-тай 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах гэрээг олон улсын эрхзүйд цоо шинэ жишиг болохуйц байдлаар Монголын эрх ашгийг хамгаалсан. Энэ жишгээс болж зөвхөн БНХАУ гэхэд 110 оронтой байгуулсан Хөрөнгө оруулалтыг хамгаалах 70 гэрээндээ өөрчлөлт оруулах шаардлага үүсч байжээ.

 

“НАДАД МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БИЙ”

 

-Өндөр боловсрол, арвин туршлагатай хүнтэй уулзсаных Монгол Улсын хөгжлийн зам ямар байх ёстойг асуухгүй өнгөрч боломгүй. Зочин маань ч “Зөвхөн энэ сэдвээр хэдэн өдөр ярьж болно. Миний зорилго бол сая таван зуун км газар нутгийг хөгжүүлэх учраас Монголынхоо газрын зургийг өрөөндөө өлгөөд өдөр бүр харж гарц гаргалгаа боломжийг эрэлхийлж байдаг” гэсээр өрөөн дэхь газрын зураг дээрээ заан яриагаа үргэлжлүүллээ. Тэрээр “Надад Монголыг хөгжүүлэх төлөвлөгөө бий. Олон зүйлийг цогцоор нь хийх шаардлагатай. Тэдгээрээс хамгийн чухал нь Монголчууд дэлхийн түвшний хуультай болж, дэлхийн дэглэм, журмаар амьдрах хэрэгтэй. Манайхан дэглэм журам бүрийг нь Монголчлоод, шилжилтийг жинхэнээсээ хийхгүй байсаар хагас жарныг алдаж байна. Орос, манайх хоёр ингэсхийгээд аргалж байтал социализм сэргэх ч юм бил үү гэсэн аятай зах зээлийн эдийн засаг, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан тогтолцоонд хагас шилжих байдлаар нэг хөлөө хуучинд нь үлдээгээд зөвхөн нэг хөлөө тавьж үзээд л боломж олдвол буцчих гэсээр байтал бидэнтэй адилхан 1990-ээд он хүртэл зөвлөлт маягийн хууль, шүүх, хүний эрхтэй байсан зүүн Европын орнууд эргэлт буцалтгүйгээр дэлхийн интеграцид орж, одоо дэлхийн түвшний хууль эрх зүй, тэдгээрийг хамгаалах, хэрэгжүүлэх тогтолцоотой болсон.

Манайхны хуулийн ойлголт социалист хэвээр байна. Хамгийн тод жишээ нь төр бол нэг ангиас нөгөө ангиа дарах машин юм гэсэн марксист тодорхойлолт, үзэл нь эрх баригч нэг намаас нөгөө намаа дарах машин болгож хэрэглэж байна. Үндсэн хуулиа ойлгож хэрэгжүүлэхэд манайхны сэтгэлгээ хүрдэггүй. Иргэддээ үйлчлэгч биш дарангуйлагч төр байхаар бүх хууль нь явж байна. Дэлхийн дэглэм журам, жишигт нийцсэн хуультай улс оронд гадны хөрөнгө оруулалт цутгадаг. Монгол Улс хоёр хөршийн аль ч зах зээл рүү гарах тааламжтай байршилтай, уур амьсгал сайхан. Монголд 24 цагийн “Эйр кондейшн” ажиллуулах шаардлагагүй байхад л зардлыг 20-30 хувиар бууруулж байгааг онцолж сонирхсон хөрөнгө оруулагчид олон бий. Даанч хууль эрхзүйн орчноос болоод хөрөнгө оруулж чадахгүйд хүрч эргэлзэж байна. Дэлхийн хөгжлийн хандлагыг илэрхийлж байгаа тогтвортой хөгжлийн нэр томьёог нь хэрэглэдэг ч бүрэн агуулгаар нь ойлгодоггүй. Тогтвортой хөгжил бол даян дэлхийтэйгээ тэрсэлдэж биш зохицож амьдрах хэв маяг. Манайхан техник, мөнгөний хүчээр дэлхийг дарангуйлж, эх дэлхийгээ ухаж төнхөж сүйрүүлж эхэллээ. Иргэнээ дээдэлсэн хуультай болж ногоон хөгжлийг цогцлоох л чухал.

Шүүхийн шинэтгэлийг Монгол толгойгоор хийнэ гээд хүмүүс дээр туршиж болохгүй. Туршилт хийдэггүй арга нь Европын холбооны ихэрлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Хоёр улсын хуулийн шинэтгэлийг ихэрлүүлэх байдлаар хэрэгжүүлдэг. Үүнийг 1998 онд Худалдаа хөгжлийн банк, Норвегийн банкны хооронд ихэрлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан. Манайх засаглал, улс төр менежментээ тэр улсын түвшинд хүргэх замаар үсрэлт хийж хөгжих аргачлал” хэмээн өөрийн төлөвлөгөөнөөсөө цухасхан ярилаа. Мэдээж түүний түүх, хөгжлийн яриаг бүгдийг хэвлэлийн хуудаснаа багтаах боломжгүй учраас энд хүрээд сэдвээ жаахан өөрчилж гэр бүлийнх талаар сонирхлоо. С.Оргодолынх дөрвөн хүүхэдтэй. Гэргий нь Х.Навчаа гэж хэл уран зохиолын багш, хуульч эмэгтэй бий. Том охин хуульч, санхүүч мэргэжилтэй. Англи, Хятад хэлтэй гэнэ. Одоо нөхрийн хамт Лондонд хичээлээ дуусган, эх орондоо ирэхээр нислэг нээгдэхийг хүлээж байгаа. Харин хоёр дахь охин оюутан, хоёр бага сурагч. “Хүүхдүүд АНУ-д сурч байхад хамт байсан учраас надаас түрүүлээд англи хэл сурчихсан. Миний англи хэлний багш нар. Сурах, бүтээх гээд олон ажилтай зав хомс байсан ч, гэр бүлээ цогцлоох, үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх том ачааг эхнэр маань үүрч ирсэн” хэмээлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.25  ДАВАА № 102 (6327)