Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

2010 онд энэ өдөр НҮБ-аас Биологийн олон талт байдлыг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. Биологийн төрөл зүйлийг хамгаалах өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг. Монгол улс ч энэ арга хэмжээнд идэвхитэй оролцож тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг. Тэдгээрээс дурдвал ховордсон ан амьтны баг өмссөн оюутнууд олон нийтэд зориулан биологийн төрөл зүйлийг хамгаалахыг уриалдаг. Энэ ажил иргэдийн анхаарлыг их татаж тэр хэрээр амьтан, байгаль орчноо хамгаалах хүслийг нь өдөөж өгдөг. Энэ өдөр Байгалийн түүхийн музейг хүүхэд, өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1455.05.22. Английн Сент-Олбанс хотоос холгүй газар (Лондоноос хойш 30 км) герцог Йоркийн Ричардын (цагаан сарнайн сүлдтэй) гурван мянган хүнтэй арми, ухаан солиотой болсон IV Генрих хааны өмнөөс эрх барьж байсан Ланкестерүүдийн ( сүлд нь улаан сарнай. Сонирхуулахад уг сүлдийг МАХН “хулгайлсан” юм билээ) хоёр мянган хүнтэй  армитай байлдаж ялжээ. Йоркуудын ялсан энэ тулалдаан нь Цагаан ба Улаан сарнайн дайн гэж нэрлэгдсэн феодалын гучин жилийн дайны эхлэлийг тавьжээ.

1849.05.22. АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч болохоосоо 11 жилийн өмнө Авраам Линкольн усан онгоц засварлах “хуурай хөвөгч”-ийг зохион бүтээсэн патент авсан байна. Тэрээр зохион бүтээлийн патенттай Америкийн цорын ганц Ерөнхийлөгч юм.

1967.05.22. Бельгийн нийслэл Брюссель хотын “Инновасьон” гэх их дэлгүүрт түймэр гарав. Галын албаныхан нарийхан машин тэрэг ихтэй гудамжаар арай гэж гал гарсан газар хүрэх үед түймэр газар авч зөвхөн орой тийшээ л галыг унтрааж чадлаа. Галын гамшигт 350 хүн амиа алдан ба олон хүн угаарын хийд хорджээ.

2003.05.22. Алжирт газар хөдөлж, 1100 орчим хүн амь үрэгдэн, 7000 орчим хүн гэмтэл бэртэл авчээ. Нийслэлийн нэгэн арван давхар байрны нуранги дороос 100 хүний цогцсыг гаргаж авсан байна.

Эх сурвалж www.zms.mn