Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.21/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

Өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтод байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 140 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 26 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн 88 нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ. Мөн 68 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-н гэхэд гарна. Үлдсэн хүмүүс ойрын өдрүүдэд ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэхээр байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус-Дэлхийд

Коронавируст халдвараар 5079000 хүн өвчилж, 329000 хүн нас барсан байна.  11 хоногийн өмнө дөрвөн сая хүн эн өвчнөөр өвдлөө гэж ярьж байсан.  Гэсэн хэдий ч хоёр сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан таатай мэдээтэй байна.

ДЭМБ-ын мэдээлэл

Сүүлийн 24 цагт халдвар ОХУ-д гурван хувиар, Бразилд таван хувиар, АНУ болон Их Британид нэг хувиар нэмэгдсэн байна. Харин нас баралт ОХУ-д нэг хувь, Германд 4.5 хувь, Бразилд зургаан хувь, Их Британид 14 хувьтай байна.Номхон далайн баруун бүсийн ихэнх орнуудад тархалт буурах хандлагатай байгаа бөгөөд Камбож, Лаос зэрэг улсад 36 хоногийн турш шинээр халдвар гараагүй байна.

БНХАУ-д

БНХАУ-ын Хубэй мужид 1.5 сая хүнд тест хийснээс шинж тэмдэггүй тохиолдлын тоо нэг сая 46 гарсан байна. Энэ нь дөрөвдүгээр сарын 1.6 саяас эрс буурсан үзүүлэлт юм. 

Судалгаа

Судалгаануудаас харахад тархалт өндөр байгаа бүс нутагт хүн амын дунд эсрэг биеийн хувь 20-оос хэтрэхгүй байгаа бөгөөд ихэнхдээ 10 хувиас илүү гарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хүн амын ихэнх хувь нь COVID-19 халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн үг. 

Хүүхдийн хам шинж

Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа. Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн. АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна. Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ. ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан. Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn