“Хөг-Жим”-чид гудамжны тоглолтыг хөгжүүлэхийг зорьж байна

0
хуваалцах
828
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн “Залуус” буландаа “Хөг-Жим” компанийг үүсгэн байгуулагч, “DGL” хөгжмийн сургалтын төвийн багш, залуу морин хуурч Х.Өлзийсайханыг онцоллоо.

 

Морин хуурч Х.Өлзийсайхан нь 2012 онд “Хаан хуур” сургалтын төвд анх суралцаж эхэлсэн байна. Одоо тэрээр СУИС-ийн морин хуурын төгсөх ангийн оюутан юм. Х.Өлзийсайхан II дамжаанд байхдаа “Хөг-Жим” арт эйженси компанийг СУИС-ийн оюутан залуусын хамтран үүсгэн байгуулсан. “Хөг-Жим” нэрийн утгыг тайлбарлахдаа хөг бол зохист харьцаа бөгөөд үүнийг нийгмийн ёс зүйтэй жишиж бодсон. Харин жим бол бидний туулах ба туулсан амьдралын замнал шүү дээ. Залуусын амьдрал, жимд л хөг аялгуу нэмэхийг хүссэн гэж байлаа.

Энэ компани нь соёл, урлагийн маркетинг, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оноос өнөөдрийг хүртэл зах зээл, салбарын судалгаа хийсээр ирсэн байна . Мөн “Хөг-Жим / Khug Jim” хэмээх цахим хуудсаараа хүмүүст хөгжмийн ертөнцийг мэдрүүлэхийг зорьдог ба “Music Date” хөгжимд дурлагчдын цугларалтыг ч амжилттай зохион байгуулдаг байна. Улирал бүр зохион байгуулдаг цугларалтын зорилго нь мэргэжлийн урлагийн сургуулийн оюутан залууст зориулсан чөлөөт тайзыг бий болгох, залуу уран бүтээлчдийн шинэхэн, сонирхолтой аялгуу энд эгшиглэдэг байна. Үзэгчдийн хувьд мэдээж хөгжимд дурлагсад.

“Хөг-Жим” багийн залуусын хийж буй ажлуудын хамгийн отгон нь урлагийн Подкаст юм байна. Тун удахгүй залуусын сонорт хүрэх нь. Харин энэ зун гудамжны тоглолтыг их хотын залуустаа сонирхуулахаар ажиллаж байна. Энэ нь их хотын хамгийн том соёлуудын нэг юм байна.

Х.Өлзийсайхан “Урлагийн боловсрол, тэр дундаа хөгжмийн боловсролыг хамгийн өргөн дэлгэрсэн боловсрол болгон хувиргах нь миний хүсэл. Бидний үүсгэн байгуулсан “Хөг-Жим” арт эйженси ч “Нийгмийн төлөө урлаг, урлагийн төлөө уран бүтээлчид” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг шүү дээ. Энэ нь гадаад үзэмж бус гоо зүйн боловсрол хүн төрлөхтнийг аварна гэсэн утгатай гэж үзэж байна. Бид өөрсдийн аргаар гоо зүйн боловсролоо олж авч, түүнийгээ тэтгэж байна. Миний хувьд энэ нь хөгжим” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.21  ПҮРЭВ № 100 (6325)

Mundag margaangui mundag zaluu