-Монголоо босгоё гэвэл Хархориноо л босгох хэрэгтэй. Энэ хүсэл, мөрөөдөл сэтгэлээс байнга уяатай явдаг-

 

Д.АРИУН

Үндэсний мэдээллийн www.polit.mn сайт долоо хоногийн лхагва гариг бүр уншигчдадаа хүрдэг Онцлох ярилцлага буландаа түүхч, доктор Д.Хоролдамбыг урьж Хархорум хотын судалгаа тойрсон асуудлаар сонирхолтой ярилцлаа.

-Өнгөрсөн зууны сүүлчээр улсын нийслэлийг Улаанбаатараас шилжүүлэх тухай таны санал санаачлага их содон сонсогдож байв. Нийслэлийг Хархоринд шилжүүлэх тухай Төрийн ордонд олон улсын томоохон хурал хүртэл хийж байсныг тань санаж байна. Ямар үндэслэлээр энэ санааг дэвшүүлсэн бэ?  

-Манай улсын нийслэл Улаанбаатар хот  хүн ам, аж үйлдэр, дэд бүтэц, засаг захиргаа гээд л бүхний төвлөрөл, бөөгнөрөл “дүрвэгсдийн хуаран” мэт болчихоод байна гэдгийг олон удаа сануулсан даа. Монгол улс хот-улс болон хувирах ёстой болж байнауу? Зүй зохистой бус төвлөрөл 20 жилийн өмнөөс илэрч, он цаг өнгөрөх тусам түүний сөрөг үр дагавар газар авсан. Хүн амын ундны усны нөөц, зай талбайгаас  эхлээд  ил, далд инженерийн байгууламж, аюулгүй байдал зэрэг бүх талаараа хэт ачааллыг даахаа больсон. Тун наанадаж агаар, хөрсний бохирдол нэн ноцтой болж, хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрана гэсэн ойлголтгүй болоод олон оныг үдлээ. Үүнээс болж хичнээн монгол хорвоог орхиж байгааг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байдаг. Хөрс, орчны гүн бохирдол, газар хөдлөлтийн аюул гээд яриад байвал барагдахгүй. Энэ хэвээрээ улс маань Улаанбаатар хавьцаа шаваад байвал нүүдлийн соёл иргэншил хавчигдан сөнөж, улс үндэстэн мөхөхөд хүрнэ шүү! гашуун ч гэсэн энэ үнэн.

- “Улаанбаатрыг улсын нийслэл гэхээсээ дүрвэгсдийн хуаран гэвэл илүү оновчтой”, “Хархорумын бүтээн босголт-Монголын хөгжлийн гарц”, “Нийслэл Хархорумд сүндэрлэх нь түүхийн дуудлага” гээд таны томоохон ярилцлагууд нийтлэгдэж байсан санагдана!

-Тиймээ, тийм ярилцлага сонин хэвлэлээр бараг 100 гаруй гарсан. Дээр нь телевиз, радиогийн ярилцлагад олон удаа орсон доо. Оюутан байхдаа 20 гаруй жилийн дараа Хархорумын 800 жилийн ой 2020 онд болно. Тэр цагт Хархорин монгол улсын нийслэл болон сүндэрлэх болно гэсэн хүсэл мөрөөдөл минь миний ажил, амьдралын нэг жигүүр болсон юм. Тэгэхээр би оюутан байхдаа алсын зорилгоо тодорхойж, түүндээ тууштай яваа жирийн Монгол.  Монголоо босгоё гэвэл Хархориноо л босгох хэрэгтэй. Энэ хүсэл, мөрөөдөл сэтгэлээс байнга уяатай явдаг.

-Энэ 2020 оны эхнээс Хархорины талаар та маш хэрэгтэй цуврал нэвтрүүлэг санаачлан зохион байгуулсан. Олон түмэнд их хэрэгтэй ажил хийлээ гэж харж байна. Ийм ажлыг зөвхөн Хоролдамба доктор л хийж чадах юм байна гэсэн итгэл миний хувьд төрсөн шүү. Хүмүүс ч  сонирхож үзэцгээлээ. Сэтгэл хангалуун байх шиг байна.

-Баярлалаа, хичээнэ ээ. Хархорины түүх, соёл, өнөө ба ирээдүйн тухай концепци дэвшүүлээд, түүнийгээ  өөрөө, хөтөлж  үзэгч түмэнд хүргэнэ гэдэг яггүй ажил. Үүнийг хийж байхдаа илүү их мэдэрсэн шүү. Хүмүүс цувралын дараагийн дугаарыг харж хүлээж ярьдаг байлаа. Цаашид хийхээр төлөвлөсөн юм.

-Та Монгол Улсыг хот улс болж хувирлаа, газар нутаг эзгүйрч, ар хударгаар нь харийнхан тонож байна гэж олон удаа сануулж байсан. Хот улс болсон гэдэг их сонин санагддаг юм. Энэ тухайд?

-Монгол Улсын хүн амын нутагшилт байршлын асуудал тун ноцтой болчихоод байгаа юм. Манай улсын газар нутаг Бельги, Швейцарь, Лихтенштейн, Монака, Голланд, Сингапур, Бруней, Кипр, Кувейт, Израйль, Катар, Бахрейн зэрэг 13 улсын газар нутагтай тэнцдэг.  Гэтэл Сингапур, Люксенбург шиг хот улс маягийн болгож хувиргаад байгаа нь тун ноцтой хэрэг. Тийм л учраас Ховд, Улиастай, Хархорин, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Дорнод гээд хөгжлийн төвүүдийг бий болгож, тэдгээрээс Хархорум гэдэг шинэ нийслэл хоттой болох тухай нилээд судалгаанд тулгуурласан санал, санаачлага хүмүүсийн сонирхолыг их татсан байх.

-Нийслэлийг нүүлгэе гэдэг санаа их содон дуулдаж байсан тэр үед таны саналыг тухайн үеийн төр засаг яаж хүлээж авсан бэ? Өөрөөр хэлбэл сонссон уу?

-1996 оны парламент  “Монгол Улсын нийслэлийг XXI зуунд Хархоринд шилжүүлэх шаардлага, хугацаа, бололцоо, нөхцлийг судалж дүгнэлт гаргах УИХ-ын Ажлын хэсэг”-ийг Р.Бадамдамдин гишүүнээр ахлуулан байгуулж, намайг нарийн бичгээр ажиллуулсан. Сүүлд 2004 онд мөн Засгийн газрын Ажлын хэсэг байгуулсан, сайхан санал санаачлага, шийдвэр бэлдсэн шүү дээ.

-Хархорины Ажлын хэсэгт ямар гишүүд орж байв?, сонирхолтой дурсамж бий л биз дээ. Хуваалцахгүй юу?  

-Манай ажлын хэсэгт Д.Лүндээжанцан, Лу.Болд, Э.Бат-Үүл, Т.Султан, Д.Энхтайван, бурхан болооч С.Төмөр, М.Зэнээ, О.Дашбалбар гишүүн гээд дээр нь ШУА-ийн Ерөнхийлөгч, МУИС-ийн ректор ордог, 20-иод хүний бүрэлдэхүүнтэй байв. УИХ-ын эрхэм гишүүн М.Зэнээ гуай бид хоёр 1999 оны тавдугаар сарын 24-нд Үндэсний Телевизийн нэвтрүүлэгт орсон минь санаанаас гардаггүй юм. М.Зэнээ гишүүн инээмсэглэж байгаад Хархориныг улсын нийслэл болгох шаардлага, бололцоо, ач холбогдлын тухай яриаг минь дэмжин ярьж байсан нь тодхон санагддаг.  Харин О.Дашбалбар гишүүн эхлээд уулзахад “Бадамдамдин, та хоёр Улаанбаатарыг хаяна гэж байж тархиа хага цохиулав!” гэж загнаж байв. Учир начрийг нь тайлбарлахад тун сайн ойлгож, надад сайхан сэтгэгдэл төрүүлж байж билээ. Ер нь Хархоринд нийслэлийг шилжүүлье, нийслэлээ шинээр байгуулъя гэдэг маань хөгжилдөө бүтээлчээр хандах гэсэн сэтгэлгээний тэсрэлт байхгүй юу даа. Улсын хөгжилд үнэхээр том дэвшил гарна.

- Дараахан нь Ц.Элбэгдоржоос эхлээд Хархорумаар шоудсан улс гарч ирээд удалгүй чимээгүй болчихсон. Харин та Хархорумын бодлогоо хаяхгүй тууштай явж, өнөө болтол  төрийн бус байгууллагын шугамаар ч ажиллаж олон ажил хийлээ. Хархорумын талаар  нийгмийн дуу хоолой, хөтлөн, түүчээлэгч эзэн нь Хоролдамба доктор гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс  аргагүй  болжээ. Цаашид  ч Хархорумаа орхихгүй бололтой. Энэ талаар...

 -Ц.Элбэгдорж гуайг Америкаас ирээд “Нүүх үү? Үлдэх үү?” гэсэн лекц уншиж, Хархоринд газар аваад  байхаар үнэхээр нүүх нь гэж нийгэм  сонирхон хүлээж авсан. Хархориныг жишиг хот болгоно гээд л. Харамсалтай нь нийгмийн тэр их хүлээлт шийдэгдэлгүй энэ хүрлээ. Ард түмэн, бид бүхэн  төр, засгаа шийдвэр төгс ажиллахыг харсан хэвээрээ байх шив дээ. Бид 20 жилийн өмнөөс өнөө  хүртэл  эртний нийслэл Хархорумын түүх, соёлын дурсгалуудыг хадгалж хамгаалах,  сэргээн байгуулах, Орхон-Хархорумын бүс нутагт хөгжлийн шинэ орчин бий болгох асуудлаар нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс, эрдэмтэн судлаач, төрөл бүрийн мэргэжилтнүүдтэй  санал солилцож, хурал, семинар, баримтат нэвтрүүлэг, кино хийх, өөрсдөө судалж, сурталчилж, төрөөс мөнгө санхүүжилт авалгүй өөрсдийн хэмжээнд сэтгэл зүтгэл гаргасаар ирснийг мэдэх нь мэдэх байхаа. Энэ бүхэн чинь Монголчууд бид хөгжилдөө бүтээлчээр хандах цаг болжээ, үндэсний бахархалаа бүтээсэн ард түмэн хөгждөг юм шүү гэдгийг л өргөн түмэндээ ойлгуулахад чиглэсэн ажлууд хийсэн, мэдээж цаашид хийх ажлууд хүлээж байна.

-Гурав үечилж байсан, тэр төлөвлөгөөгөө манай сонинд гаргаж байсан байхаа! Та эргээд товчхон сануулж болох уу?

-Тиймээ, өчүүхэн миний хувийн төлөвлөгөө гэх үү дээ, ухаандаа нэгдүгээр үе нь 2000 он хүртэл. Хоёр дахь шат нь 2000-2006 гээд 2006-2020 хүртэл. Эхний шатанд бид Хархорин хот гэж чухам ямар хот  байв гэдгийг судалж гаргаж ирэх, яагаад сэргээх ёстой вэ, ирээдүйд юу хийх вэ гэдэг чиглэлээр нийгмийн сэтгэлзүйг бэлтгэх ажлууд хийсэн. Хоёрдугаар шатанд Хархориныг хөгжүүлэхийн чухлыг төрийн бодлогын хэмжээнд тусгах, эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон. Энэ хүрээнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн концепци, бүсүүдийн дунд хугацааны стратегид тусгалаа олж, Хангайн бүсийн төв байхаар шийдэгдсэн юм.  2020 он хүртэл бодитой практик ажлуудыг хийнэ гэж төлөвлөөд ёстой сэтгэлээрээ зүтгэсэн дээ. Орхоны хөндийг хөгжлийн төв болговоос үндэсний ухамсар сэргэж, нийгэмд тулгарсан олон асуудлыг шийдвэрлэх давхар давхар ач холбогдолтой юм. Энэ тухай ном, бүтээлүүддээ оруулж байсан. Тиймээс төр шийдэж өгөх хэрэгтэй байна гэж бид олон жил шаардаж ирлээ.

 -Таны олон жилийн хүсэл, мөрөөдөл, санал санаачлагууд, нийгмийг энэ үзэл санаагаараа хөтөлсний үр дүн гарч,  сая УИХ сүүлчийн чуулганаараа 2050-д батлачихсан юм биш үү?. Бид тэгэж  үзэж байна!

 -За яахав, тэгэж хэлж болох л байх. Гэхдээ Орхон Тамирын савд  шинэ нийслэлийг байгуулна гэж оруулж өгсөн мөртлөө өнөөгийн Хархорин хотыг хэрхэн хөгжүүлэх асуудлыг орхигдуулсан. Тэр ч байтугай “Арвайхээр, Хархорин хоёр Өвөрхангай аймгийнхаа хөгжлийн хос багана болно” гэж өмнө хэлсэн санааг минь уялдуулж өгсөнгүй. Надаас энэ талаар асуусан бол тодорхой төлөвлөгөө хэлж өгөх л байлаа. Жишээ нь  Хархорины бод­логыг нэгтгэн зан­ги­даж, бодлого, үйл ажиллагаа явуулах Хархориныг хөг­жүүлэх Үндэсний Зөвлөл байгуулах УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн төслийг би бэлдэж, аль эрт Д.Лүндээжанцан гишүүн, бурхан болооч гавьяат хуульч Б.Чимид багш нараар хянуулаад бэлэн болгочихсон л байгаа. Энэ мэтээс эхлээд Хархорумын хөгжлийн бодлогын 800 жилийн ойгоор энэ онд багтааж асуудлыг иж бүрнээр шийдэх ёстой юм.

-Мэдээж өнөөдөр ч гэсэн та Улаанбаатараас нийслэлийг Хархоринд нүүлгэх хэрэгтэй гэдэг байр суурин дээрээ хэвээрээ юу?

-Тиймээ, Улаанбаатар хотын даац хэтрэлт бүр хурцдаад байгааг байнга л ярьж байна. Олон хүчин зүйл нийслэлийг шилжүүлэх үндэслэл болж ирсэн. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө гээд олон боть бүтээл, монгол улсын хөгжил, дэд бүтэц, хүн амын нутагшил байршил, бүсчилсэн хөгжлийн асуудал гэх мэт өргөн хүрээний асуудлуудтай Хархорумыг харилцан шүтэлцээ холбоонд нь цогц байдлаар судласан. Эдгээрээс гадна улс орны аюулгүй байдлын талаас нь авч үзэхэд л нэг дор хот улс шиг байж болохгүй нь тодорхой. Улаанбаатарт хэт төвлөрөн бөөгнөрч, түлхэлцэж, толхилцож багталцаж ядах нь энэ улсын ирээдүй бишээ.

-Шийдвэрлэж болох ямар гарц байна вэ?

 -Улаанбаатарт шавааралдсан энэ олон барилгын компаниудыг татварын бодлогоор зохицуулж хөдөө, орон нутаг руу хандуулж болно. Одоо сум гэсэн статустай 21 аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэхэд дайчлах хэрэгтэй. Улаанбатар хотын зүй зохистой бус төвлөрөлийг хуваарилах ёстой. Хэт төвлөрлийг сааруулая л гэж байгаа бол энэ мэтээс эхлээд олон арга байна шүү дээ. Нийслэл хот бол харьцангуй цомхон, цэвэр цэмцгэр, амгалан тайван орчинтой байж, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн элдэв сөрөг үзэгдэлгүй, засаг захиргаа, соёл, оюун санааны төв болж, тухайн орны өнгө төрх-нүүр царайг эерэгээр илэрхийлэхүйц байх учиртай. Энэ тухай би олон нийтлэл, ном бүтээл бичиж, нийтлүүлсэн. Хархорумаа бол монголчуудын үндэсний язгуур өв соёл, оюун санаа, эв нэгдэл, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн билэг тэмдэг болгох хэрэгтэй байгаа юм. Тийм л учраас энэ санааг дээгүүр гаргаж ирсэн юм. Дотоод, гадаадад ч энэ тухайгаа  сурталчилах ажил хийсэн.

-Гадаадад хэрхэн сурталчилсан тань их сонин санагдана?

-Хоёр Герман нэгдэж, нэгдсэн улс болоод нийслэлээ Бонноос Берлинд шилжүүлсэн нь их сонирхолтой байдаг. Хуучин баруун Германы хөгжилтэй бүс нутгаас Зүүн Германы мужууд руу их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хөгжлийн эрс ялгаа байсныг богино хугацаанд төрийн бодлогоор арилгаж улс орныхоо жигд хөгжлийг хангаж чадсан нь гадаад дахинд үлгэр дуурайл болвол болохоор, бахархмаар үйл явдал болсныг хүмүүс мэдэх байх. 2001 оны зургадугаар сарын 21-д ХБНГУ-ын “Берлинер Рүндфүк” радиогийн сурвалжлагчид манайх бас Германы туршлагыг сонирхож, Хархорумаа анхаарч, засаг захиргаа, аялал жуулчлал, хөгжлийн төв  болгох хүсэл эрмэлзэлтэй байдаг талаар ярилцлага өгсөн юм. Түүний хойтон жил 2002 оны зургадугаар сарын 23-ноос долдугаар сарын 6-ны өдрүүдэд Конрад-Аденауэрийн Сангийн ажилтантай хамтран ХБНГУ-Франц хоёр улсын хамтарсан АRTE Телевизийн сурвалжлагч Керстин Мауэрсбергер, оператор Детлес Слух, туслах оператор Петра Саттлер нарын бүрэлдэхүүнтэй сурвалжлах группыг Монгол улсад ирүүлсэн.  Улаанбаатар, Хархоринд тус бүр нь 55 минутын 2 ангит баримтат кино-сурвалжлагын голлох ярилцлагуудыг надаас авч байлаа. Улаанбаатараас нийслэлийг Хархоринд шилжүүлэх учир холбогдол, улсын хөгжлийн тухай  сэдвээр санал, бас бус зөвлөгөө өгч, хамтран зохион байгуулсан. Хархорин төдийгүй монголыг босгох нэг арга нь Хархорумын бүтээн босголт.

-АРТЕ телевизээр цацсан тэр баримтат кино дэлхий дахинд цацагдсан байх аа?

-Мэдээж, дэлхий дахинд цацагдсан. Маш чухал, сайхан  ажил болсон гэж би өнөө хүртэл бахархаж явдаг. Үзсэн хүмүүс их л урам хайрласан. Бас Туркийн ТИКА  агентлаг, Турк, Японы ЭСЯ, БНКазахстан улсын хэргийг хамаарагч, Итали улсын Хот байгуулалтын Финончо компаны удирдлагууд,  ХБНГУ-ын Элчин сайдын Яамтай  холбоо тогтоож Ажлын хэсгийнхээ гишүүдтэй хамтарсан уулзалууд хийсэн. Under the Eternal sky-Lets reconstruct the Karakorum” (Мөнх тэнгэрийн хүчин дор-Хархорумаа сэргээн босгоцгооё) ном англиар хийж түгээсэн. Түүнээс гадна Хархорумынхаа 780 жилийн ойг тэмдэглэж, томоохон хурал хийе гэж төлөвлөөд дэмжүүлэх гэж нилээд хөөцөлдөв. Хурал хийхэд бага ч гэсэн санхүүжилт хэрэгтэй байдаг. Ядаж 100-гаар тоологдох хүний хоол, ундны мөнгө гээд асуудалтай тулгарч, хөөцөлдсөөр явтал 2000 он гарав. Ашгүй, ХБНГУ-ын Элчин сайд Юрген Элиас гуай нааштай хүлээн авч 300 дойч маркийн санхүүгийн дэм өгсөн. Одоо ч Юрген Элиас гуайнхаа нэрийн хуудсыг нь би хадгалж, дурсан санаж явдаг.

-Казахстаны нийслэлээ шилжүүлсэн туршлагын талаар Та өөрийнхөө номонд бичсэн байсан. Энэ талаар тодруулна уу?

-Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Парламентын дарга М.Оспанов нар 1997 оны аравдугаар сарын 20-ны өдөр нийслэлээ шилжүүлэх талаар зоригтой шийдвэр гаргасан юм. Ийнхүү тус улсын удирдлагын шийдэмгий алхам, шуурхай ажиллагааны үр дүнд газар нутгийнхаа зүүн өмнөд хэсэгт орших Алма-Аты хотоос төвдөө ойртуулж Астанад нийслэлээ шилжүүлсэн шүү дээ. Тэд шинэ нийслэлээ түргэн хугацаанд хөгжүүлсэн. Энэ нь мастер төлөвлөгөө гаргаж, олон улсын тендер зарлан, гадны хөрөнгө оруулалтыг уул уурхайгаа ухаж зөөхөд биш харин бүтээн босголтдоо зориулан татаж чадсаны үр дүн юм. Өөрөөр хэлбэл, шийдвэр төгс ажилласны үр дүн. 2020 онд шинэ УИХ Хархорины хөгжлийн асуудлыг шийдэж  өгөх ёстой.

-Алма-Аты хотоос нийслэлээ шилжүүлсэн шалтгаан нь юу байсан юм бол?

-Хуучин нийслэл нь Казахстан, Хятад хоёр улсын бараг хил дээр шахуу Алма-Аты хотод байв. Түүнээс гадна газар хөдлөлтийн идэвхитэй бүст хамаардаг, үерийн аюулд автагдах бүст байрладаг, урдуураа өндөр уулаар хашигдмал, агаарын бохирдолт ихээс гадна улс төрийн  шалтгаан ч байсан юм билээ. Казакууд улсынхаа төв дунд орших жижигхэн Астана хотод нийслэлээ шилжүүлээд агуу том бүтээн байгуулалт хийж чадлаа, үнэхээр бахархмаар.  Миний номонд Герман, Казакстан, Бразил, Австрали гэх мэт улсууд нийслэл шилжүүлэх далбаан дор томоохон хөрөнгө оруулалт, бүтээн босголт хийсэн тухай  бүхэл бүтэн бүлэг, зүйл байгаа. Тэдгээр орны нийслэлээ шилжүүлж, улсаа хөгжүүлж чадсан бахархам амжилтаас манай улс үлгэр жишээ авмаар юм их бий.

Казахстан үнэхээр атаархмаар хөгжиж байна шдээ. Манайхыг бодвол төр улс гэж бараг байгуулж чадалгүй явсаар хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарч ирэхдээ хөгжлийн сууриа бий болгож гарч ирсэн улс шүү дээ. Н.Назарбаев энэ онд ард түмэндээ хандаж “Казахстаны замнал-2050 он” гэсэн илгээлт гаргасаныг би үзсэн. Тэрээр дурдсан хугацаанд улсаа дэлхийд тэргүүлэх 30 орны тоонд багтаах бүхэл бүтэн концепцио тодорхойлжээ. Энэ ондоо багтааж Астана болон Алматы хотуудын бөөгнөрөл буюу агломерацийг бүрдүүлэх төслийг боловсруулахыг Засгийн газартаа хариуцуулан даалгажээ. Төр шиг төртэй улс ингэж л ажиллаж байна. Манай улс яагаад ингэж болохгүй гэж. Н.Назарбаев энэ илгээлтдээ цааш нь: “бидний хамтын хувь тавилан бол “Мэнгэлик Ел” буюу аугаа их Казахстан улс билээ” гэж ам бардам бичсэн. Сайхан байгаа биз. Тэр зорилгоо биелүүлэхийн төлөө казакууд ажиллаж байна.

-Тэр үед л манайх Казахстантай зэрэгцээд зоригтой хөдлөх байсан гэж сэтгүүлч бидэнд бодогддог юм. Тэгэж болоогүй юм уу? Судалгааны ажлыг нь хийж, бичиг баримтыг нь боловсруулж байсны хувьд та энэ талаар юу гэж бодож явдаг вэ?

 -Хятад улс их гүрэн, дэлхийн хүчирхэг үйлдвэр болчихлоо. Умард Солонгос цөмийн зэвсэг бүтээгээд, ард түмэн нь ядуувтар амьдарч байгаа ч хүчирхэг үзэл суртлаараа оюун санааны эв нэгдлээ хадгалж чадсаар байна. Өмнөд Солонгос хөгжихсөн. Аугаа их Орос гүрэн эргээд босч байна. Казакстан нийслэлээ шинээр байгуулж,  үндэсний үзэл нь сэргэчихлээ. Үнэндээ бол Казах анх удаа бие даасан хүчирхэг улс болж чадлаа ш дээ. Шинэ нийслэл хоттой болж чадлаа. Монгол улс хоноцийн сэтгэлгээтэй улс төрчиддөө дөрлүүлсээр идэр залуус нь хөдөлмөрийн цагаач болоод гадагшаа дүрвээд  явчихсан.Энэ дунд ядуусын арал болоод хоцорлоо. Аюул нүүрлээд байгааг монголчууд ухаараач.  Энэ аюулыг гэтлэн гарахын тулд эх орноо бодсон бүтээлч ажлууд хийх шаардлагатай байна. Мань мэт нь төр хөдлөхгүй болохоор төрийн бус байгууллагын шугамаар хөөцөлдөхөөр гадаадынхан Засгийн газрын баталгаа шаарддаг юм. Үүнд Засгийн газар ажил хэрэгчээр ханддаггүй, бүр Хархорин гэж ярихаасаа хүртэл айдаг байхгүй юу. Эдийн засгийн хямрал нүүрлээд байхад юун Хархориныг чинь ярихтай манатай л гэдэг. Харин ч тэгэх тусмаа “Мянганы төмөр зам”-ыг Хархориноор дайруулан тавиад Хархорины бүтээн босголтыг шийдэж, улсынхаа хөгжлийг шинээр харах цаг болсон. Ингэвэл улс даяар хүн амын нутагшил, байршил, дэд бүтэц, зам харилцааны сүлжээ их зохистой болох гольдиролдоо орно.Хархорин шинэ Монгол улсын өнгө жавхаа болох ёстой.

  -Парламентын ордноо барь гээд Кувейт улс мөнгө өгөөд байхад л барих газар олдохгүй байна гээд өнгөрсөн шүү дээ. Гэтэл Хархорумын тухай асуудлыг шидйэхгүй   байгаад л байдаг?

-Нэг хэсэг саарал ордны ард Парламентын ордонг барина  гэж хэсэг шуугив. Алийн болгон саарал ордны хойно, өмнө нэмж шавах юм бэ?  Ирээдүйгээ харах хэрэгтэй. Хархорумын бүтээн босголтыг яриад байхад л зөрөөд эндээ нэмж шавах гээд байх юм. Хархоринд байшин барих нь Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн  нэгийг зөрчсөн асуудал болохгүй. Тэгэж үзвэл ажилд чөдөр, тушаа болсон тэр илүү үгийг цаашид өөрчилж болно.

-Хархоринд улсын нийслэлийг шилжүүлэх нь нэг талаас төвлөрлийг сааруулж буй хэрэг боловч буурай хөгжилтэй Монгол Улсын мандан бадрахын угтал болно гэж та үздэг. Энэ талаараа юу гэж бодож байна?

-Яагаад манай эртний улсууд, ялангуяа Чингис хаан Хэнтийн нуруунаас Хархорин руу зүтгэх болов гэдгийг эргэцүүлж нэг бодох хэрэгтэй л дээ. Орхоны хөндий бол үе үеийн туршид монголчуудын сэргэн мандах эх ундарга болсон газар  л даа. Үе үеийн нүүдэлчдийн эзэнт гүрний төв, нийслэл нь болж ирсэн. Бидний өвөг дээдэс аугаа их түүхэн бахархалыг бүтээсэн. Түүхэн бахархалаа бүтээсэн ард түмэн хөгждөг юм. XIII зуунд хүн төрөлхтний зүрх нь Орхоны хөндийд, дэлхийн нийслэл нь Хархорум хот болж, Еврази дахины өргөн хүрээтэй “даяаршил”, “дэлхийчлэл”-ийн бодлогыг Монгол хаад  анх нийслэл Хархорумаас хэрэгжүүлсэн. Их эзэн Чингис хааны тулганд бадарсан монгол төрийн гал голомт ариун дагшин байх ёстой. Чингисийн тулганд бадарсан гал голомт Хархоринд бадарч байх ёстой.

-Бид бас юун түрүүнд төрийн ордноо тэнд байгуулж таарна. Байрлах гадаадын элчин сайдуудын яамдын барилгыг тендер зарлан босговол зүгээр байх гэж санаж байна?

-Эртнээс Хархорин орчимд Монголын эртний улсуудын улс төрийн төв байсан. Үүнийг дагалдан эдийн засаг, нийгмийн олон бүтээн байгуулалт бий болж байв. 2020 он гэхэд Монгол улсын хөгжлийн нэг чухал  төв тэнд бий болчихсон, аялал жуулчлалын онцгой бүс босчихсон, орчин үеийн супер хот байхаар төлөвлөж байв. Гэвч тарчиг улс төрчид шийдэж өгөөгүйгээс асар их цаг хугацааг Монгол улс алдсан.  Өнөөгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын нийслэлийг Хархоринд шинээр байгуулах боломжийн асуудлыг судлаад нэг мөр шийдэх тухай заалт бий. Энэ онд хэрэгжүүлэх ёстой. Төрийн бодлогод  тусгачихсан асуудлыг нэн анхааралтай шийдвэрлэх үүрэгтэй. Нийслэл болгоно гэхээс айх, бэрхшээх хэрэггүй. Үнэхээр бид хөгжье гэж бодож байгаа бол Хархоринд хөгжлийн шинэ голомтыг яаж бий болгох вэ гэдэгт онцгой хүчин чармайлт гаргах ёстой. Улаанбаатарт ч Хархорумын цогцолбор гудамжтай болох бүрэн боломжтой. Ингээд яриад байвал ярих, хийх юм мөн ч их байна даа.  Үүнийг нөхцөл байдал шаардаж байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.

Эх сурвалж: www.polit.mn