“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ.  Энэ удаа мэргэшсэн эдийн засагч, “Чимид сан”-гийн тэргүүн Ч.Батцогтыг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Норвеги улсын тэтгэвэр, нийгмийн даатгалын системийг Монголын хөрсөнд буулгах боломжтой.“Норвегийн сан” нь байгалийн баялгаас төвлөрсөн орлогыг хоёр санд төвлөрүүлдэг. Нэг сан нь дэлхийн томоохон биржүүдэд хөрөнгөө өсгөдөг. Нөгөө сан нь зөвхөн орон нутгийн чанартай үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын сан хэлбэртэй.


-Даатгалын сан нь урт хугацаанд хөрөнгө оруулах боломж олгодог ба эх үүсвэрийн өртөг хямд байдгаараа онцлогтой.


-Даатгалын хураамж төлж буй хүнд хүү төлдөггүй. Иймээс даатгалын сан нь урт хугацаанд хөрөнгө оруулах боломжтой, өртөг багатай хөрөнгийн эх үүсвэр юм.


-Манайд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзэх хандлага бий. Гэтэл тийм биш. Хөрөнгийн бирж бол хувьцааны арилжааг л зохион байгуулдаг газар.Хамгийн чухал нь санхүүгийн тайлангийн систем, хяналт, бүртгэлийг төгөлдөржүүлэх ёстой.


-Санхүүгийн тайлан гаргах аргачлал, форматыг ч өөрчлөх шаардлагатай байгаа. Үйл ажиллагаа явуулж буй салбаруудын онцлогоос хамаарч санхүүгийн тайлангийн жилийг өөр өөр байдлаар тогтоох хэрэгтэй.


-Даатгалын сангийн хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг хаахад зарцуулахгүй байх хууль эрх зүйн орчинг бий болгох гарцаагүй шаардлага байгаа юм.


-Борлуулалтын орлого өндөр үеийг товлож тайлангаа гаргаснаар нийт ашгаас хуваарилах хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн хэмжээг өндөр тогтоох боломжтой юм. 


-Би нэг үгэнд дуртай.  “Агуу нээлт хуулахаас эхэлнэ” гэж “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс хэлсэн байдаг. Бид Норвегийн тэтгэврийн болон нийгмийн даатгалын системийг хуулбарлаж, Монголын хөрсөнд буулгах хэрэгтэй. 

Эх сурвалж: www.polit.mn