Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын “Диснейн ертөнц” компани энэ сарын 20-ноос ажиллаж эхлэх “Дисней Спрингс” цогцолборт зочилсон хүмүүс коронавирусын халдвар авсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж мэдэгджээ. Тодруулбал, “Та сайн дураараа манай цогцолборт зочилсноор энэ халдварт өвчинтэй холбоотой  бүх эрсдэл, асуудлыг өөрөө хариуцна” гэж  онцолсон байна. Гэхдээ олон нийтийн  бүх газарт халдвар авах эрсдэл байгааг хүлээн зөвшөөрснөөс гадна коронавирус нь үхэх аюулд хүргэж чадах их халдвартай өвчин болохыг сануулжээ. “Дисней Спрингс” цогцолборын дэд захирал  Мэтт Симон цогцолборыг нээхдээ Засгийн газрын дүрэм журмыг дагаж,  хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулна гэдгээ онцолжээ. Тухайлбал, зөвшөөрөгдсөн  хүмүүсийн тоог хязгаарлах, гурваас дээш насны хүмүүс амны хаалт хэрэглэх шаардлагатай, цогцолборт орохын өмнө биеийн халууныг хэмжих, зарим газарт хүмүүсийг зай бариулахын тулд хаалт ашиглах зэрэг арга хэмжээг авна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.20  ЛХАГВА № 99 (6324)