Б.Оюунбилэг: Нэр дэвшигчид тавигдах шаардлагын зарим хэсэг сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан

0
хуваалцах
293
үзсэн

С.УЯНГА

 

Энэ удаагийн “Хуулийн шинжлэл” буландаа хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэгийг урилаа. Тэрээр Сонгуулийн хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

 

-Хууль санаачилж баталж буй байдал манай улсад хангалттай. Гэвч хэрэгжилт туйлын дутмаг байж ирлээ. Хуулийг нэг мөр зөв хэрэглэх  тайлбарыг Улсын дээд шүүхээс сүүлийн жилүүдэд цөөн гаргаж байгаагийн дээр УИХ-аас ч энэ тал дээр анхаарч ойлгомжтой дэлгэрэнгүй тайлбар хийхгүй байна.  Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Сонгуулийн тухай шинэ хуулийн зарим заалтыг авч үзье. Гэвч иймэрхүү заалтууд урьд өмнө Сонгуулийн тухай хуульд байсан ч шинээр орж ирж байгаа хэд хэдэн заалт ч бий.

Сонгуулийн тухай хуулийн 29, 32-дугаар зүйлд нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүртгэх талаар заасан. Нэр дэвшигчид тавигдах шаардлагын зарим хэсэг нь Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна. Үндсэн хуулийн 16.9-д  “Монгол Улсын иргэн нь төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ, Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно”  гэж заасан. Гэтэл иргэнийг УИХ, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдэд Үндсэн хуулийн энэхүү заалттай харшлахаар хэд хэдэн шалгуур тавьж, иргэн хүн дээрх сонгуулиудад сонгогдох эрхийг хязгаарласан байх жишээтэй. Зээл, татвар, батлан даалтын өр төлбөр, ял шийтгэлтэй эсэх, төрийн албан хаагч бол заавал ажлаасаа чөлөөлөгдсөн байх, аж ахуйн нэгж, хамаарал бүхий хүмүүсийн талаарх мэдээлэл гэх мэтийг дурдаж болно. Мөн шинээр орж ирсэн нэг заалт нь Авлигын хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцсон талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа гэсэн атлаа энэ талаарх лавлагааг Цагдаагийн байгууллага гаргаж өгч байх жишээтэй. Тэгэхээр хуулийн эдгээр заалт нь хүссэн иргэн хүн сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байдлыг бий болгож байна.

Сонгуулийн хуулийн бас нэгэн анхаарах зүйл нь Сонгуулийн жил болохоор л  сонгуулийн хуулиа эрх барьж буй нас, эвслүүд өөрчилж, шинээр баталж байна.  Тухайн цаг үеийн нөхцөл байдлыг болон дараагийн сонгуульд орох тактикаа харгалзаж, шулуухан хэлэхэд бараг өөрсдөдөө зориулж өөрчилж шинэчилж байна. Хууль хэтэрхий богино настай байх тусам чанар муу, хэсэг бүлэг хүмүүс, нам эвсэл, эрх баригчдын хүсэл зориг биелэх боломжийг нээж өгдөг. Ганц Сонгуулийн тухай хууль ч биш өөр бусад хуулийн тухайд ч адил. Амьдрал дээр зарим хуулийг хэрэглэх үед эрэмдэг, зэрэмдэг хуулиуд нэлээд байдаг. Хариуцлагын тогтолцоо нь тодорхой бус эсвэл байхгүй. Байсан ч хэн яаж хэрэгжүүлэх нь тодорхой биш байх тохиолдол байдаг. Зарим хуульд санаатай  оруулсан, эсвэл орхигдуулсан мэт харагддаг. Тэгэхээр хууль санаачлагч, хууль тогтоогчид хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх үед тухайн хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх, дагаж мөрдөх иргэд, тухайн систем, байгууллагын саналыг сайн авч байх нь хуулийн цоорхой, хийдэл бага байх үндэслэл болно. Нөгөөтэйгүүр энэхүү байдалд саналаа өгөх идэвх чухал.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.20  ЛХАГВА № 99 (6324)