Д.Мандах: Монголд амьдарч байгаа гадны иргэд нутаг буцах сонирхолгүй байна

0
хуваалцах
160
үзсэн

С.УЯНГА

 

“Covid-19”-ын нөхцөл байдалтай холбогдуулан ГИХГ-ын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Д.Мандахтай ярилцлаа.

 

-Онцгой нөхцөл байдлын үед олон улсад гадаадын иргэн харьяатын байгууллага ямар журмаар хэрхэн ажиллаж байна вэ. Коронавирусаас болж виз олголттой холбоотойгоор ямар нэг өөрчлөлт орж байгаа юу?

-Цар тахлын үед улс орнууд хамгийн эхэнд хүний эрхийг хангах нийтлэг зарчим баримталж байна. Коронавирусын дэгдэлт дэлхий нийтэд цоо шинэ сорилт, өөрчлөлт авчирч байгаа учраас тухайн улс оронд суугаа гадаадын иргэдийн эрхзүйн байдал янз бүр байна.

Бусад улс оронд нэгэнт хорио цээрт орсон гадаадын иргэдийн хувьд эх орон руугаа буцаж чадахгүй тохиолдолд визний хугацааг сунгах асуудлыг харьцангүй уян хатан шийдвэрлэж байна.

Гадаадын иргэдийн оршин суух виз, хөдөлгөөнтэй холбоотой бүх асуудлыг манай байгууллага хуульд заасан тодорхой чиг үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бусад улс оронтой харилцан адил зарчмыг баримталж, Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу зохицуулалт хийж байгаа. Мөн Гадаад харилцааны яамаар дамжуулж улс орнууд монгол иргэдийн визийг ямар нөхцлөөр сунгаж байгаа болон төлбөртэй эсэхийг судалж олон улсын нийтлэг зарчмыг баримталж байна. Визийн шаардлагаас чөлөөлөх олон улсын гэрээ байдаг. Тухайлбал, БНСУ-ын хувьд богино хугацааны 90 хүртэл хоногийн визтэй иргэдийг боломжит хугацаагаар үнэ төлбөргүй визийн хугацааг сунгаж байна.

Манай улс ч мөн адил үүний дагуу явж байгаа. Монгол Улсад байнгын оршин суудаг гадаадын иргэний  визийг тодорхой шаардлагын дагуу сунгаж байгаа бол түр хугацаагаар буюу 90 хүртэл хоногоор ирээд буцах гэж байгаа гадаадын иргэдийн визийн хугацааг хорио цээрийн дэглэмийн хязгаарлалттай уялдуулан сунгаж байна. Гадаадын иргэдийн хувьд цар тахлын үед виз сунгуулахгүй байж болно гэдэг ойлголт байхгүй. Ямар нэг асуудал үүслээ гэхэд бүртгэл мэдээллийг нь ашиглах, тухайн иргэнд туслах шаардлага гарна. Тиймээс Гадаадын иргэн харьяатын газарт хандаж заавал бүртгүүлж, визээ сунгуулах шаардлагатай.

-Солонгосоос бусад улсын иргэдийн визийг төлбөртэй сунгаж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар виз сунгалтын төлбөрийг зохицуулсан байдаг. Нэгэнт хуулиар  тогтоосон Засгийн газар хооорондын гэрээгээр төлбөрөөс чөлөөлөөгүй бол төлбөр авна. Мөн олон улсын агаарын шуудан үйлчилгээ тодорхой хугацаагаар хаагдсанаас үүдэлтэй гадаад паспортын хүчинтэй хугацааны асуудал хөндөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аль ч улс орон иргэдэд  паспортын хүчинтэй хугацаагаар түр оршин суух зөвшөөрлийг нь өгч байна.

-Монгол Улсад ажиллаж амьдардаг гадаадын цөөнгүй иргэн тусгай үүргийн онгоцоор нутаг буцсан. Одоогоор хэдэн улсын хэчнээн иргэн Монголд оршин сууж байна вэ. Виз, оршин суух эрх хэтэрсэн, хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Монголд оршин суух зөвшөөрөлтэй 121 улсын 19000 гаруй гадаадын иргэн бий. Үүний дийлэнхи  буюу 2933  нь оюутан, 437 нь Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэн байна. Мөн Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын харьяат хүүхэд бүртгэлээрээ гадаад гэж явдаг ч энэ цаг үед дийлэнх нь Монголд оршин сууж байна. Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг тодотгож хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд  “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан байдаг. Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь нь 100592 гэж тооцвол нэг улсын иргэн 33651 хүртэл байх боломжтой гэж үздэг. Энэ хувь хэмжээгээр үзвэл БНХАУ-ын иргэн 7800 орчим буюу 0.056 хувь байгаа.

Чартер нислэгээр буцах хүсэлтэй гадаадын иргэд бол чөлөөтэй. Нөгөө талаас Монголд хууль бусаар амьдарч байсан хүмүүсийг албадан гаргах, торгох ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой зохицуулалт одоогоор байхгүй. Харин яд эдлээд дууссаны дараа, хууль бусаар оршин сууж байгаа бол тухайн улсын Элчин сайдын яамтай нь холбогдоод нутаг буцааж байна.  Аль ч улс орны байр суурь ийм л байна. Манай улс 2020 он гарснаас хойш 110 орчим гадны иргэнийг албадан гаргасан.

-Хичээл сургуулиасаа шалтгаалаад нутаг буцаж чадаагүй оюут­нуудын визийг сунгах уу?

-Оюутнуудын ор­шин суух зөвшөөрөл долдугаар сард дуусдаг учраас сунгах эсэх нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж тухайн үедээ тодорхой зохицуулалт хийгдэх байх. Өнөөдрийн байдлаар бол хуулийн дагуу амьдарч байгаа гадны иргэдийг ямар нэг байдлаар Монголоос гар гэсэн шаардлага тавиагүй. Сайн дурын үндсэн дээр чартер нислэгээр буцах эрх нь нээлттэй.

-Гадны улсад байгаа иргэдийн ажил зогсч, оюутнуудыг байрнаасаа гарах шаардлага тавьж байна. Үүнтэй адил манай улсад байгаа гадны иргэд ажилгүй болох, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байх, оюутнууд сургуулийнхаа байрнаасаа гарах зэргээр хүндрэлтэй нөхцөл байсан үүсч байна уу. Үүн дээр танай байгууллага хэрхэн анхаарч байна вэ?

-Олон улсад бол Монголд байгаа гадаадын иргэд хамгийн таатай нөхцөлд тайван амьдарч байгааг онцолж байна. Гадаадын иргэд ямар нэг байдлаар эрсдэлд орсон, эрх зөрчигдсөн, тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа талаарх гомдол мэдээлэл энгийн үеэс харьцангуй багассан. Мөн гадагшаа чартер нислэгээр явж байгаа иргэдийн 80-90 хувь нь монголчууд байгаа нь Монголд амьдарч байгаа гадаадын иргэд нутаг буцах сонирхолгүйг харуулж байна. Эх орон нь чөлөөтэй байсан ч явахгүй байгаа нь Монгол тайван, хүний эрх хангагдсан байгаагаас гадна үндэстний зан заншил, уужуу ухаантай холбоотой байх.  Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр шуурхай гарч, авч байгаа арга  хэмжээ  нь олон улсад нэр хүндтэй байна.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаадын иргэдэд амьдрах хамгийн тааламжтай улсын нэг болж байна.

-Коронавирус агаа­рын тээвэр, аялал жуулч­лал гээд бүхий л салбарт огцом нөлөөлж байна. Харьяатын байгууллагад ямар өөрчлөлт авчирч байна вэ?

-Цаг хугацааны хувьд гадаадын иргэдийн хөдөлгөөн харьцангуй бага үед коронавирус гарсан. Урд хөршид Цагаан сар таарснаас үүдэлтэй тэндээ очиж гацсан иргэд ч цөөнгүй бий. Ажиллах хүчний хувьд ч сүүлийн жилүүдэд эрс багассан. Одоо бол дипломат шугам, олон улсын ачаа тээвэр хилээр хязгаарлалтгүй нэвтэрч байна. Мөн Европоос хүнс зөөж байгаа олон улсын ангилалтай жолооч нар хэвийн явж байгаа.

Эрсдэлтэй хэдий ч манай байгууллагаар өдөрт 80-100 хүн тогтмол үйлчлүүлж байгаагийн ихэнх нь гадаадын иргэний иргэд визтэй холбоотой үйлчилгээ авч байна. Гэхдээ гадаадын иргэд цахимаар үйлчилгээ авахаас илүүтэйгээр биечлэн ирж үйлчилгээ авах сонирхолтой байна. Энэ нь гадаадын иргэн паспорт бичиг баримтаа биедээ авч явах шаардлагатай байдагтай холбоотой юм. Тодруулж хэлбэл, Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.19  МЯГМАР № 98 (6323)