“Та бидний эвсэл” анхдагч болж, “Нийгмийн захиалга”-д нэгдлээ

0
хуваалцах
209
үзсэн

Т.БАТСАЙХАН

МҮЭХ-оос УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам эвслүүдэд “Нийгмийн захиалга” баримт бичгийг хүргүүлээд байв.  Нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө тодорхой саналуудыг тусгаж, эргээд МҮЭХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулдаг билээ.  Тэгвэл МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох “Та бидний эвсэл” анхдагч болж, өнөөдөр /05.18/ МҮЭХ-той “Нийгмийн захиалга” баримт бичгийн дагуу хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Энэ үеэр талууд байр сууриа илэрхийлэв.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Гэрээнд 13 асуудлыг тусгалаа

-Нийгмийн захиалгын гэрээ бүх улс төрийн хүчинд нээлттэй. “Та бидний эвсэл” анхдагч болж байгаад баяртай байна.  Энэ нь иргэд хөдөлмөрчдийн ялангуяа үйлдвэрчний эвлэлийн тавьж байгаа саналуудад ач холбогдол өгч байгааг харууллаа.  Иргэдийн цалинг нэмэгдүүлэх, амьдралд нь хүрэлцэхүйц цалин тэтгэвэр олгох, холбогдох хууль ёсны эрхийг нь тууштай хамгаалах, амьдралын төвшинг дээшлүүлэх зорилгоор гэрээг байгуулж байна.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын 13 асуудлыг гэрээнд тусгасан.   Улс орны ирэх дөрвөн жилийн хувь заяатай холбогдох  сонгуулийн үйл ажиллагаанд тань амжилт хүсье.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх цаг ирсэн 

-Бид иргэдийнхээ итгэлийг алдахгүй зүтгэнэ. Монгол хүн өөрийн хөдөлмөрөө ингэж багаар үнэлүүлж, болохгүй.  Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх цаг ирсэн.  Одоог хүртэл капитал гэдгийн талаар ойлголт буруу явж байна.  Капитал өөрөө капиталыг бий болохгүй, хөдөлмөртэй нийлж байж шинэ баялагийг бүтээнэ.  Тэгэхээр хөдөлмөрөө үнэлэхгүйгээр капитал үнэ цэнтэй байхгүй.   Хөдөлмөрийг, оюун ухааныг шингээж бүтээгдэхүүнээ дэлхийд үнэлэх цаг болсон. Хүн өөрийнхөө авч байгаа цалингаар хангалттай хэмжээнд амьдардаг улс орон болъё.  Хахуулиар амьдардаг биш цалингаараа амьдардаг шударга тогтолцоо руу шилжье.  МҮЭХ-ноос ирүүлсэн саналуудаас бид мөрийн хөтөлбөртөө тусгасан.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Боловсрол бол бүх нийтийнх байх ёстой

-Боловсролын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэг санал хэлмээр байна. Манай эвсэлд Зүүний чиглэлийн намууд байна.  Ялангуяа МАХН голлох үүрэг гүйцэтгэж байна. Монгол хүн эх орныхоо баялагаас хүртсэн шиг хүртээд өөрийн орлогоороо элбэг хангалуун амьдрах эрхтэй.   Монгол хүн эх орондоо яаж амьдрах ёстой юм гэсэн тэр эрэмбийг тогтоож өгөх ёстой гэдэг дээр бид санал нэгддэг. Тэр ч утгаараа Монголын гурван баялаг хөтөлбөрийг боловсруулсан. Үүнээс хамгийн эхний баялаг бол монгол хүний тухай юм.  Эрхэм дээд баялаг бол энэ.  Боловсролын тэгш байдлыг хангах тухай санаагаа бусад нам, эвслүүдээс түрүүлж мөрийн хөтөлбөртөө оруулаад байгаагаа дуулгах хэрэгтэй. Яагаад боловсролын тэгш байдлын тухай ярих болсон бэ гэхээр нийгэмд өнөөдөр баян хоосны ялгаа асар их болжээ.  Үүнийгээ дагаад боловсролын үнэлэмж өөр болж ирлээ.  Боловсрол бол бүх нийтийнх байх ёстой.  Ялангуяа  ерөнхий боловсрол улсын, төрийн анхааралд байх ёстой. 

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: МҮЭХ бол социал демократ үзлийг дээдэлдэг байгууллага

-МҮЭХ-той “Та бидний эвсэл” хамтран ажиллах болсонд баяртай байна.  Учир нь бид социал демократ үзэлтэй нам.  МҮЭХ бол энэ үзлийг дээдэлдэг байгууллага. Өөр намууд бол үзэл бодлоо өөрчилсний дараа энэ гэрээг байгуулах ёстой.  Аливаад зарчим гэж байх ёстой.  Монгол орон баян, ядуу гэж хуваагдаад жирийн ажилчин, хөдөлмөрчин хүмүүсийн орон зайг маш их боймолж, хумьж байна.  Энэ асуудалд “Та бидний эвсэл” ч ганцаарддаг.  Тэгэхээр МҮЭХ-той хамтран маш том зорилгын төлөө, монгол оронд дундаж ангийг бий болгохын төлөө энэ гэрээг байгуулж байна.  Энэ бол Монголын олон хөдөлмөрчдийн хувьд чухал мэдээ, үйл хэрэг.

Эх сурвалж:www.polit.mn