Д.АРИУН

Дэлхий даяар дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдал манай хойд хөрш ОХУ-д хүндрэлтэй байгаа билээ. Бүртгэгдсэн халдварын тоо 281752  болж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд хоёрт бичигдэж байгаа. Тавдугаар сарын 1-нээс хойш өдөрт нэмэгдэж байгаа халдварын тоо байнга арван мянгаас дээш байсан бол  сүүлийн гурав хоногийн хоёрт нь энэ үзүүлэлт доош буусан дүн гарч байгаа аж.

Сүүлийн хоногт халдварын  9709 тохиолдол  85 бүс нутагт бүртгэгджээ.   Эдгээрээс хамгийн олон нь буюу 3855 нь Москва хотноо гарсан байна. Ингэснээр Москва хот дахь халдвар авсан хүний тоо 142824 болоод байгааг Шуурхай удирдлагын штабаас мэдээлжээ.  ОХУ-ын нийслэл хот дахь СОVID-19-ын халдвар авсан хүмүүсийн насны байдал ямар байгаа талаар Шуурхай удирдлагын штабаас дараахь тоо баримтыг гаргасан байна. Үүнд: 18-45 насныхан 42,5 хувийг эзэлж байгаа бол, 33 хувь нь 46-65 насныхан байгаа аж. 66-79 насныхан 10,6 хувийг, 80-аас дээш настай ахмадууд 5,7 хувийг эзэлж байгаа бол хүүхдүүд өвчилсөн тохиолдол 8,2 хувьтай гарсан байна.

Халдварын нөхцөл байдал тогтворжиж, цаашаагаа буурах нөхцөл байдал бүрдэж байна гэж албаны хүмүүс, мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа ч тус улсын иргэд тавдугаар сарын 31 хүртэл карантинд байх юм.

Эх сурвалж: www.polit.mn