“Ковид-19”-тэй тэмцэгч роботууд

0
хуваалцах
109
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

Олон орныг хамарсан цар тахал гэж нэрлэсэн коронавирустай тэмцэхэд техник технологийн хөгжил дэвшлийг ашиглаад робот зохион бүтээж, тоноглон ашиглаж эхэлжээ.  Энэ талаар зарим мэдээллийг хүргэе.

 

Нохой роботыг журам сахиулах ажилд ашиглаж эхэллээ

Сингапурын эрх баригчид улсынхаа нэг цэцэрлэгт хүрээлэнд Бостон Динамиксийн спот гэж нэрлэсэн коронавирус халдвар тархаад байгаа энэ үеэр хүмүүст зохих зайгаа барих ёстой талаар мэдэгдэх үүрэгтэй робот нохойг  турших  төслийг хэрэгжүүлж эхэлсэн гэж тус улсын технологийн агентлагаас мэдээлжээ.Энэ байгууллагын мэдээлснээр нохой робот нь энэ сарын 8-наас Бишан Анг Мо Кио цэцэрлэгт хүрээлэнд гурван километр бүсэд эргүүл хийж эхлээд байгаа юм байна. Нохой робот нь цэцэрлэгт хүрээлэнд зугаалахаар ирсэн хүмүүст найдвартай зайгаа барих арга хэмжээг сануулахын тулд бичсэн захиаг  дамжуулах  аж. Түүнээс гадна энэ роботыг цэцэрлэгт хүрээлэнд зочлох олон хүнийг тооцоолж мэдээллийг хуулах камераар тоноглосон байна. Гэхдээ энэ камерыг  хүмүүсийг дахин таних,  мөрдөж мөшгих, хувийн мэдээллийг нь хуулахад ашиглахгүй юм байна.  Харин энэ туршилтын төслийг энэ сарын 22 хүртэл хийхээр төлөвлөжээ. Хэрэв амжилттай байвал  эрх баригчид цэцэрлэгт хүрээлэнд хөдөлгөөн ихтэй, хамгийн ачаалал ихтэй өглөө, орой роботыг ашиглах боломж байгаа талаар судлах юм. Нохой робот нь Сингапурын зах зээлд гарах анхны робот болно. Учир нь өнгөрсөн жил зөвхөн Засгийн газар, компаниуд ашиглаж байсан аж.  Энэ робот нь  ямар ч газар явах чадвартайгаар гадна шатаар өгсөх, дээд  тал нь 13 кг ачаа зөөж чаддаг байна.

 

Ариутгагч төхөөрөмжтэй робот бүтээсэн байна

ОХУ-ын робот зохион бүтээдэг “Аврора” компани  “Жуниор” роботын хоёр дахь загварт шүршигч байрлуулсан роботыг туршиж үзжээ. Энэ нь аюулгүй байдал, эмч нарын болон бусад ажилчдын эрүүл мэндийг баталгаажуулах боломжтой энгийн ариутгах аргын шинэчилсэн хувилбар аж.  Мэргэжилтнүүд “Жуниор” системийн роботод гинжин дугуйтай  платформыг  туршсан байна. Компанийн зүгээс мэдэгдсэнээр   шатаар өгсөх, бусад саад бэрхшээлийг давах чадвартай зэрэг  давуу талтай гэнэ. 50 кг ачаа даах чадвартай учраас ариутгагч шингэнтэй том савнууд авч явах боломжтой юм байна. Мөн роботын зай нь цэнэгээ хоёр цаг барьдаг аж.

 

Хэт ягаан туяаны гэрэл ашиглаж өвчинтэй тэмцдэг робот

Испанийн зэвсэгт хүчин эх оронд нь коронавирус тархсанаар гудамж, байшин, байрнуудыг халдваргүйжүүлж эхэлжээ. Энэ ажиллагаанд  дроноос эхлээд бүх төрлийн төхөөрөмжийг ашиглаж байгаа бол одоо  ЕОД” роботыг  ашиглахаар болжээ. Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгоход ашигладаг роботод явган цэргүүд шинэ ажил олж өгсөн байна.  Атила гэж нэрлэсэн ажиллагаанд оролцож байгаа  техникч цэргүүд хэт ягаан туяа ялгаруулдаг гэрлийг роботонд  суурилуулж өгчээ. Төслийн гол зорилго нь  тодорхой бүс нутгийг халдваргүйжүүлэхийн тулд энэ төрлийн гэрэл үр дүнтэй эсэхийг батлахад байгаа аж. Түүнээс гадна эрүүл мэндэд нь хортой байж болох  учраас хүний оролцоогүйгээр  нян устгах зориулалттай энэ гэрлийг  удирдах боломжтой эсэхийг дүгнэх юм байна.  Мөн энэ Тёодор роботыг ашигласнаар эрсдлийг бууруулахад туслах юм. Харин  Авенжер роботыг хэмжээнд тохирсон  цэвэрлэгээний ажлыг хийлгэхээр болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.13  ЛХАГВА № 94 (6319)