М.ҮГ

 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн “Орон нут­гийн онцлогтой зорил­тот төсөл”-тэй нь холбоо­тойгоор АТГ шалгаж байгаа. 

Тэрбээр өөрийг нь АТГ шалгаж байгаа уг хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд нэг биш удаа нээлттэйгээр мэдээлэл цацсан бөгөөд одоогийн сайд С.Чинзоригийг бас шалгах ёстой, бид хоёр яг адилхан шийдвэр гаргаж, яг адилхан ажил хийсэн хэмээсэн нь үнэнээс гажсан үйлдэл болж байгаа юм. Тогтоолд зурсан гарын үсэг, он сараас бусад нь үг үсгийн зөрүүгүй шахам хэмээн Н.Номтойбаярын өөрийгөө өмгөөлж, бусдыг буруутгаж буй тогтоолынх нь талаар дараах тайлбарыг хийж байна.

Сайд асан Н.Номтой­баяр, сайд С.Чинзориг нарын гарын үсэгтэй хоорондоо ямаа тэмээ шиг зөрүүтэй шийдвэрийг та дараах хүснэгтээс хараарай.

Тодруулаад тайлбарлая.

Н.Номтойбаяр сайдын үед Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамжид “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн хүрээнд олгох санхүүжилтийн хэмжээ нэгж төсөлд 200.0 хүртэл сая төгрөг. Өөрөөр хэлбэл, нэг аж ахуйн нэгжид ийм хэмжээний санхүүгийн дэмжлэгийг хүүгүйгээр 24 сарын хугацаатайгаар үзүүлэхээр заасан. Ингэхдээ төсөлд оролцогчийг сонгон шалгаруулах ажлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталгаажуулдаг зарчмаар явуулсан.

Харин С.Чинзориг сайд Н.Номтойбаярын гаргасан дээрх журмыг өөрчлөн нэгж төсөлд олгох зээлийн санхүүжилтийг 20.0 сая төгрөг болгон багасгаж, хугацааг 36 сар хүргэж уртасгасан. Мөн төслийн сонгон шалгаруулалтыг ХХҮЕГ хийх биш аймаг орон нутаг өөрсдөө шийдвэрлэдэг байхаар эрхийг нь шилжүүлж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд зээлийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан нээлттэй явуулдаг байхаар өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, сайдын тушаалаар баталгаажуулдаг байсныг болиулж, орон нутгийн ХХҮГ-ын байгуулсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг нь бие даан шийдвэрлэх эрх олгосон.

Кинон дээр гардаг “Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг юм болж байна уу.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.12  МЯГМАР № 93 (6318)