Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 10-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Микронезийн холбоот мужуудын Үндсэн хуулийн өдөр тохиож байна. Дэлхийн II дайны үеэр Япончуудаас Америкийн флотын эзлэн авсан Микронези нь АНУ-ын засаг захиргаатай байсан ба одоо ч тэд Америктай чөлөөт эвсэлд байдаг. Жилийн өмнө бүх нийтийн санал асуулгаар батлагдсан Үндсэн хууль нь 1979 оны энэ өдрөөс хүчин төгөлдөр болжээ. Сонгууль явагдаж анх удаагаа Микронезийн парламент ба Засгийн газар байгуулагдсан байна. Анхны ерөнхийлөгчөөр нь Тосива Накаяма сонгогдсон юм. Микронезийн Засгийн газар 1986 онд бүрэн бие даасан ба 1991 онд Микронезийн нэгдсэн холбооны улс НҮБ-ын гишүүн болов. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм. Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1933.05.10. Энэ өдрийн орой нацистууд Берлиний төвд  өөрсдийн үзэл сурталд таарахгүй гэсэн зохиолчдын номуудыг шатаалаа. Г.Гейне, Л.Толстой, Э.Золя, М.Пруст, Э.М.Ремарк, Т.Манн, Г.Манн, Г.Уэльс, Ж.Лондон… зэрэг нэртэй зохиолчдын номуудыг галджээ. Ардын боловсрол, суртал ухуулгын сайд П.Й.Геббельс уг ажиллагааг гардан удирдсан байна. Германы суут зохиолч Гейне тухай үедээ “номыг шатаагчид хэзээ нэгэн цагт хүнийг шатаадаг болон хувирдаг” гэж хэлсэн нь оносон үг байжээ.

1946.05.10. АНУ-ын Батлан хамгаалах яам Цагаан элстийн туршилтийн баазад алсын тусгалтай V-2 пуужинг амжилттай туршжээ. Уг пуужинг дайны үеэр Нацистын Герман хөгжүүлсэн ч дайнд хэрэглэж амжилгүй бууж өгсөн юм.

1954.05.10. Рокн Ролл хөгжмийн урсгалын түүхэнд анх удааг Биллбордын жагсаалтыг тэргүүлэв. "Bill Haley & His Comets" хамтлагийн "Rock Around the Clock" дуу Биллбордын хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн юм.

1970.05.10. Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээ тоглолтын цувралын долоо дахь тоглолтод Бостон Бруинс багийн тоглогч Бобби ор нэмэлт цагг хожлийн гоол оруулж Бостон Бруинс баг дөрөв дэх удаагаа түрүүлэв.

1981.05.10. Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшсэн Франсуа Миттеран ялалт байгуулав. Ингэснээр тавдугаар бүгд найрамдах улсаас хойш тус улсыг удирдсан анхны социалист удирдагч болсон юм.

Эх сурвалж www.zms.mn