“Гурван настай соосогтой хүүхэд төгөлдөр хуур сурах ёстой”

0
хуваалцах
175
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн зочноор бага насны хүүхдэд хөгжмийн боловсрол олгодог “Адажио” сургалтын төвийн төгөлдөр хуурын багш О.Цацралтай ярилцлаа.

 

-Та өөрийгөө бидэнд танилцуулаач. Хөгжмийн багш мэргэжилтэй юу?

-Намайг О.Цацрал гэдэг. Би ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Дараа нь Австрийн Вени их сургуульд таван жил суралцсан. Одоо СУИС-д урлаг судлалын чиглэлээр суралцаж байна.

Би найман настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан. 2008 оноос эхлэн ээжтэйгээ хамтарч төгөлдөр хуурын сургалт явуулсан. Манай сургалтад ихэвчлэн бага насны хүүхдүүд суралцдаг. Гадаадад хүмүүс хүүхдэдээ бага наснаас нь хөгжмийн боловсрол олгохыг хичээдэг. Яагаад заавал бага насанд нь хөгжмийн боловсрол олгох гээд байдгийг нь сонирхож, судалгаа хийсэн юм.

Гэтэл бага насны хүүхэд хөгжмийн боловсрол эзэмшсэнээр суурь хүмүүжилд нь сайнаар нөлөөлдөг төдийгүй амьдралын бүх дадал зуршлыг өөртөө бий болгодог байна. Мөн 3-5 насны хүүхэд өнгийг хамгийн эхэлж таньдаг гэдэг нь батлагдсан. Тиймээс л хөгжмийг давхар өнгөөр таниулж хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгодог юм байна. Гэтэл манай улсад бага насны хүүхдийг зөвхөн эрхлүүлж, хоол идэх, өмдөндөө шээхгүй байх гэх мэт энгийн зүйлд нь анхаарч өсгөдөг.Тиймээс сургалтаа эхлүүлэхдээ яг энэ насны бяцхан хүүхдүүдээ төлөвшүүлэхэд анхаарч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Анх хэдэн хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Танай сургалт ямар онцлогтой вэ?

-Бид хүүхдүүдэд ноот таниулахын тулд өнгө ашиглах ёстойг ойлгосон. Тиймээс Солонгын долоон өнгөөр үндсэн долоон нотоо нэрлээд хичээлээ заасан. Эх хүн хүүхдээ 0-3 нас хүртэл нь хайрлахдаа ямар хайраар хайрлагдахыг нь тодорхойлдог. Харин гурван наснаас эхлээд хүүхдүүд аяндаа нийгмийн харилцаанд орж ямар хүн болох байр сууриа тодорхойлдог. Тиймээс эцэг эхчүүд энэ насанд нь ач холбогдол өгч сургах, хүүхдээ хөгжүүлэх маш олон боломж байдаг. Бидний хийж байгаа зүйл зөвхөн төгөлдөр хуураар дамжуулан хүүхдийн оюун санаа болон бие бялдар, анхаарал төвлөрөлтийг бий болгох юм. Анх манай сургалтад 20 гаруй хүүхэд явдаг байсан, одоо нэмэгдсээр л байна.  

-Сургалтын төвийн багш нараа хэрхэн сонгон шалгаруулж авдаг вэ?

-Мэдээж мэргэжлийн төгөлдөр хуурчид байх ёстой. Манай сургалтын төв багш нараа өөрсдөө бэлдэж авдаг. Хүүхэдтэй яаж харьцах, ямар өнгөөр хүүхэдтэй ярилцах гэх мэт бүх зүйлийг нь зааж өгдөг. Багш нар маань хүүхдүүдийг маш их эрхлүүлдэг. Хүүхэд эрхэлснээр муу зүйл ерөөсөө ч байдаггүй. Харин ч эсрэгээрээ бяцхан шавь нар минь их хайранд өсч, суралцаж өөртөө итгэх итгэлийг илүү их авдаг.

-Сургалт нь хэдэн цагаар хичээллэдэг вэ. Хүүхдүүдийн анхаарлыг сулруулахгүйгээр хичээлээ заана гэдэг бас ур чадвар шаардах байх?

-Сургалт маань 45 минутын хугацаатай үргэлжилдэг. Эхлээд өнгийг нь таниулаад дараа нь нот таниулдаг. Тэгээд гарын тавилтыг заана. 3-5 настай хүүхдийн анхаарал төвлөрөлт нь 3-5 минутын хооронд байдаг. Тухайн минутанд л багтаж хичээлээ тайлбарладаг. Тэгээд тоглуулаад дахин гурван минутанд багтаан хичээлээ заах гэх мэтээр хугацаагаа сунгаж хичээллэдэг. Энэ нь хүүхдийг шахахгүй мөн ядраахгүй давуу талтай. Гурван сарын дараа гэхэд хүүхдүүд маань 45 минутын хичээлдээ бүрэн сууж чаддаг болдог.

Эхний гурван өдөр хүүхдүүдэд тийм ч сонирхолтой байдаггүй. Тиймээс бид хүүхдүүддээ бэлэг өгч урамшуулан хичээлээ заадаг. Хамгийн гол нь хүүхдүүд тоглож чаддаг аятай болоод ирэхээрээ хөгжимдөө дурладаг. Хүүхэд болгоны онцлогт тааруулж хичээлийн программаа зохиодог нь бидний давуу тал юм.

-3-5 настай хүүхдийн сурах онцлог нь гэвэл?

-3-5 настайдаа хүүхдийн оюуны чадамж маш сайн хөгждөг. Дөрөвхөн нот дуугарахад хүүхдийн хоёр тархи зэрэг ажилладаг. Дээрээс нь харааны хурд сайжирна. Тархинд маш олон өгөгдөл зэрэг очиж хүүхэд 5-7 бодлого зэрэг бодож байгаа юм шиг тархи нь ажилладаг. Энэ нь хүүхдийг ямар өндөр түвшинд боловсорч болохыг харуулж байгаа юм. Манайд суралцдаг хүүхдүүд сургуульд  ороход бүгд л ангидаа сурлагаар манлайлагч болдог.

-Хүүхдүүдээ уралдаан тэмцээнд оруулдаг уу?

-Монголд жилд 3-5 удаа уралдаан тэмцээн болдог. Эдгээр тэмцээнд хүүхдүүдээ оролцуулдаг. Олон улсын тэмцээнд ч манай шавь нар оролцож чамлахааргүй олон амжилт гаргасан.

-Бусад орны хүүхдүүдээс монгол хүүхдүүд юугаараа ялгаатай вэ? 

-Монгол хүүхдийн онцлог, давуу тал их байдаг. Япон, Солонгос, Европд хүүхдүүдэд хичээл зааж байсан. Монгол хүүхдүүд бол яг л уудаг цаас шиг бүгдийг өөртөө шингээж авдаг. Ядрах нь бага, юмыг хурдан тогтоож, ойлгодог гээд олон давуу талуудтай. Тиймээс энэ олон өгөгдлийг нь ашиглаж ээж аавууд хүүхдээ хөгжүүлэхэд маш сайн анхаарч ажиллах ёстой.

-Та эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч?

-Хүүхдийн нандин нас нь 3-5 нас гэдгийг дэлхийн эрдэмтэд нотолчихлоо. Үүнийг Монголынхоо бүх эцэг эхчүүдэд ойлгуулж, хүүхэд бүрийг хөгжүүлэхийг мөрөөддөг. Өнөөдөр гурван настай хүүхэд төгөлдөр хуур сурах гээд хөтөвчөө бариад ирж байхад нөгөө талд нь өөр нэгэн хүүхэд орондоо шээж болохгүй гээд загнуулж байна. Энэ хоёр хүүхэд 10 жилийн дараа өрсөлдөнө. Ийм ялгааг л үүсгэхгүйн төлөө бид хичээн ажиллаж байна.

Энд гурван настай хүүхэд соосгоо зуугаад, хөтөвчөө барьж ирээд төгөлдөр хуур сурч байна. Тэгвэл таны хүүхэд яг одоо юу хийж байна вэ гэсэн асуултыг аав ээжүүддээ үлдээмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.8  БААСАН № 91 (6316)