“Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм”

0
хуваалцах
256
үзсэн

Б.СОЛОНГО

 

“Ремикон” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхантай цаг үеийн зарим сэдвээр ярилцлаа.

 

-Энэ жилийн хувьд халдварт өвчин, сонгууль гээд олон юм давхацсан онцлогтой жил болж байна. Бизнесийнхэнд нөхцөл байдал хэр тусч байна вэ?

-Зөвхөн Монголд төдийгүй дэлхийд байдал их өөр боллоо. Бизнесийн бүх салбарууд тодорхой хэмжээнд хумигдаж байна. Ялангуяа манайх шиг түүхий эдийн ханган нийлүүлэгч оронд гадаад нөхцөл байдал хамгийн ихээр нөлөөлдөг. Энэ утгаараа эдийн засгийн доройтол тун удахгүй мэдрэгдэж эхлэх байх. Наадмаас хойш төсвийн эргэлт тасрах хүнд байдалд орж болзошгүй байна. Хувийн хэвшил бол ойлгомжтой, бүгдэд нь хүндхэн байна. Ялангуяа үйлчилгээний салбарууд. Мөн хувийн хэвшил гэлтгүй төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төслүүд ч зогсонги байдалд орчихлоо. Тиймээс бусдын адил энэ өвчин хурдан арилаасай, бүх зүйл эргээд хэвэндээ хурдан ороосой л гэж хүсч байна. Гэхдээ энэ зуныг бол алдах нь тодорхой болчих шиг боллоо. Энэ цаг үед төр засгаас тодорхой шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байнаа. Гэхдээ тэдгээрийн зарим нь оновчтой байхад, зарим нь ч байгаа онохгүй байгаа нь ажиглагдаж байна. Зарим шийдвэрийн хувьд оновчтой хэдий ч, хэрэгжих шатандаа үл ойлголцол үүсгэж байгаа нь ч олон байна.

Энэ бүхний түрүүнд манай төр хаана, хорино гэдэг хэв маягаасаа салахгүй байгаа нь харамсалтай. Хүчээр шийддэг, боодог энэ үйлдлийн цаана маш олон бизнес эрхлэгчид цаг хугацаа, асар их хөрөнгөөрөө хохирч үлддэг. Үүний гол буруутан төр, хувийн хэвшлийн үл ойлголцол, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал гэж би хувьдаа ойлгодог. Төр төмөр нүүртэй байх хэрэгтэй. Гэхдээ үүнээс илүү бодлогоор хангах, тодорхой оновчтой шийдлүүдийг гаргаж ажиллах ёстой юм. Энэ тал дээр учир дутагдалтай байна гэж харж байна.

-Төр засгаас гаргасан шийдвэрүүд амьдралд, бодит хөрсөнд тэр бүр хэрэгждэггүй, нийцдэггүйн шалтгааныг та юу гэж боддог вэ?

-Хэд хэдэн өнцгөөс харж байна. Нэгдүгээрт, төрийн алба мэргэжлийн, цомхон байх ёстой. Одоо бол манай төрийн бүтэц төсвийн орлого, хүн амын тоо, засаг захиргааны нэгжтэйгээ харьцуулахад хэтэрхий данхгар, том байна. Шуудхан хэлэхэд энэ бол улс төрийн томилгоотой холбоотой, механик өсөлт. Ингэж ажлын байрыг хүчээр бий болгож, янз бүрийн агентлагууд нэмдэг эрүүл бус тогтолцоо бий болоод удлаа. Гэтэл Монгол Улсын төсвийн орлого хязгаартай. Бидэнд зайлшгүй зардлууд зөндөө бий. Үүндээ тохирсон хэмнэлттэй, чадварлаг, өгөөжтэй бодлого хэрэгжүүлэх ёстой атал, томилгоог улс төрийн өнцгөөс хийж байгаа нь төрийн залгамж халааг алдагдуулж, тогтвор суурьшил бүрдэхгүй байгаагийн үндэс болж байна. 

Ер нь улс төрийн ихэнх томилгоо байгаа онодоггүй. Мөн төр засгийн шийдвэр судалгаанд үндэслэж гарч байх ёстой. Гэтэл нийслэл Улаанбаатар хот гэхэд л нэг шийдвэр гаргаад, хоёрхон хоноод цуцалж байх жишээтэй. Ингэж болохгүй. Энэ нь судалгаа дутуу байгааг харуулж байна. Төр засгийн шийдвэр ул үндэстэй, мэргэжилтнүүд, экспертүүдийн саналыг  үндэслэж гарах ёстой.

Дарга нар л бүгдийг мэддэг юм шиг, цээжнийхээ бангаар шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Дутуу судалж, буруу гаргасан шийдвэрийнх нь ард маш олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө үргүй зарагдаж байна шүү дээ. Тиймээс салбарыг мэддэг хүмүүст нь хариуцуулж, эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажилламаар байна. Ингэж судалгаанд үндэслэсэн шийдвэр гардаг болбол илүү ухаалаг болно. Одоо төрд, ялангуяа гишүүдэд итгэх ард түмний итгэл алдарсан байна шүү дээ.

-Их хурлын сонгууль болох гэж байна. Таны бодлоор ард түмэн засаглах эрхээ эдэлж чадаж байна уу?

- Ард түмэн дөрвөн жилд нэг удаа төрд төлөөллөө сонгодог. Хуучинтай харьцуулахад бидэнд олон ололт байгаа нь үнэн. Гэхдээ гажуудал ч бас байсаар байна. Үүнийг бүгд анзаарч мэдэж байгаа. Төрийн хүний нэр хүнд унаж байна. Төр ээлжилж барьж байсан намууд хэрүүл тэмцлээ зогсоохгүй байгаа нь төрийг хямрааж байна. Харин “ард түмэн зөв сонголтоо хийж чадахгүй байна” гэдэгтэй бол би санал нийлдэггүй ээ. Өмнөх сонгуулиудын статистикаас харахад ч энэ батлагддаг. Ард түмэн хожуу ч гэсэн дүнг нь зөв тавьж чаддаг юм билээ.

Уг нь манай Монгол Улсад нөөц боломж нь хангалттай их бий. Сайхан газар нутаг, байгалийн баялаг, геополитикийн ашигтай байрлал, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан гээд бүх боломжууд байна. Гэтэл яагаад ийм боломжтой хэрнээ тогтворгүй байгаад байгаа юм. Яагаад ядуурал өсөөд байна. Энэ  бол болохгүй байгаагийн илрэл.

Миний ойлгож байгаагаар 2008 оноос Монголын улс төрд мөнгө хүчтэй орж ирсэн. Сонгогчдыг мөнгөөр татаж, төөрөлдүүлж, сонголтонд нь нөлөөлдөг болсон. Үүнийг олон баримтаар хүмүүс хэлдэг. Гэвч хариуцлагаа хүлээж, нэрээ татаад явсан нэг ч нэр дэвшигч, нэг ч гишүүн байхгүй. Энэ манайд хууль хэрэгждэггүйн тод жишээ. Өөрөөр хэлбэл, ард түмнийг, өрсөлдөгчөө шууд хүчирхийлж байгаагийн хэлбэр юм.

Мөнгө, төрд орж ажиллах гэсэн шударга үзэл бодолтой, чадварлаг залуу хүмүүсийн улс төрийн сонгуульд өрсөлдөх боломжийг хааж байна. Улс төрийн намуудаар дамжиж төрийн бодлого хэрэгждэг. Улс төрийн нам гэдэг нэг талаас бодлогын, нөгөө талаар боловсон хүчний байгууллага. Тиймээс намууд зөв сонголт, сайн бүрэлдэхүүнийг хүсч байгаа бол хамгийн доод нэгжээсээ л эхэлмээр байна. Танил талаараа, мөнгөөр биш, хуульд нийцсэн зөв, шударга шалгуураар нэр дэвшигчээ шалгаруулах ёстой. Тэгээд болж өгвөл насны бүлэг, мэргэжил, нийгмийн салбар бүрээс, хүйсийн тэнцвэртэй төлөөлөл парламентад байвал илүү үр өгөөжтэй байх болов уу гэж би боддог.

-Энэ жил бие даагчдын тоо огцом өслөө. Иргэдийн дунд арай өөр сонгууль болох нь гэх хандлага ч ажиглагдаж байна.  Та энэ талаар юу хэлэх вэ? 

-Надад бас тийм зүйл мэдрэгдэж байгаа. Мэдээж өмнөх сонгуулиас өөр байх ёстой. Яагаад гэвэл нийгмийн өөрчлөлт маш хурдтай явагдаж байна. Бид мэдээллийн асар их урсгал дунд амьдарч, хот хөдөөгийн ялгаа бараг арилсан байна. Цахим мэдээллийн энэ их хурдтай урсгалд худлаа хэлэгчид хол явахгүй баригдаж, баг нь хууларч байна. Олон нийт олон талаас нь харж, дүгнэлт өгч чаддаг болж, захиалгатай мэдээллийг ялгаж, салгадаг болсон байна. Харьцангуй нээлттэй болж буй энэ бүх үйл явц улс төрийг, улстөрчдийг олон нийтийн өмнө ил болгож, үйл явцууд нүдний өмнө өрнөдөг болжээ. Хүмүүсийн хандлагад гарч буй энэ өөрчлөлт залуу үеийнхний нийгмийн идэвхи, оролцоог эрчимтэй болгож, улс төрд орох, сонгуулиа өгөхөд нь нөлөөлөх байх.

Тиймээс би арай өөр цаг ирж байна гэж боддог. Судалгаанаас харахад, өмнө нь парламентын сонгуулийн өмнө нийт намуудын рейтинг нийлээд 70-75 хувьтай байдаг байсан бол, одоо 40-өөс доош орчихсон байна. Чөлөөт сонголт хийх хэсэг нь 60 хувьд хүрчихсэн байгаа нь өөрөө маш том өөрчлөлт юм.

-Гэхдээ нөгөө талаас залуучууд улс төрд орох гэж байгааг шүүмжлэх хүмүүс ч байна?

-Харьцангуй ойлголт л доо. Нэр дэвшигчдийг улайрч байна гэвэл бүгдийг л хэлж болно. Гэхдээ тэр хүн ямар зорилгоор, ямар үзэл бодолтойгоор улс төрд орж байгаа юм. Энэ асуултын хариултыг сонсч байж дүгнэх хэрэгтэй. Би бол намынх ч бай, бие даагч ч бай залуучуудыг илүү эерэгээр харж байгаа. Магадгүй, үнэхээр болж бүтэхгүй хэсэг байгаа бол тэр нь чадваргүй, сэтгэлгүй, дэлхийн хурдыг гүйцэхгүй, болхи байдалтай нь холбоотой. Боловсролтой, туршлагатай, хийж бүтээсэн зүйлтэй залуу хүн улс төрд ороход, өөрөөс нь шалтгаалахгүй сорилтууд олон шүү дээ. Үүнийг давж байж л бид нийгмээ өөрчилнө. Тиймээс би залуучуудаа илүү эерэгээр харж байгаа.

-Өнөөгийн залуучуудын боловсрол, чадварыг та хэрхэн үнэлдэг вэ?

-Хүний амьдралын үе болгонд ахмадуудын “Одоогийн залуучууд...” гэх үг байдаг шүү дээ. Гэхдээ үүнийг хэлэхдээ ихэвчлэн голонгуй хандлагаар хэрэглэдэг. Тэгвэл би одоогийн залуучуудад ингэж хэлэх хэрэггүй гэж бодож байна. Тэдэнд итгэх хэрэгтэй. Би доод үедээ, дүү нартаа, залуучууддаа итгэдэг. Тэр арай өөр байна. Илүү бие даасан, орчин үеийн технологи, хандлага, олон улсын чиг баримжаанд нийцэхдээ хурдтай, чадварлаг, бас соёлтой байна. Мэдээж дутагдалтай зүйлс бий. Гэхдээ бид сайн талаас нь харж, тэдэнд итгэх ёстой юм. Ингэж байж ирээдүй маань сайн сайхан болно. Үүнд би итгэж байгаа. Тэр сайхан цагийг наашлуулахын тулд залуус оролцоотой, хичээл зүтгэлтэй, идэвхтэй байх ёстой юм. Залуус маань сонгуульдаа идэвхитэй оролцож, өөрийнхөө итгэл үнэмшлээр бие даасан сонголтоо хийх байхаа.

- Намуудын мөнгө амласан мөрийн хөтөлбөрүүдийн талаар та ямар бодолтой байгаа бол?

-Бид бодит боломжоо л үнэлэх хэрэгтэй л дээ. Мэдээж нийгмийн халамж хүртэх ёстой хэсэг байгаа. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, халамж үйлчилгээ гээд бодлогууд хэрэгжиж байна. Гэхдээ хүн сурч, өөрийгөө хөгжүүлж байж л нийгэмдээ үнэ цэнэтэй амьдралыг бий болгодог шүү дээ. Хөдөлмөрлөх бол хүний амьдралын салшгүй хэсэг. Тиймээс төр халамжийг хавтгайруулах сонголтыг хэрхэвч хийж болохгүй. Түүний оронд ажлын байрыг бий болгож, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд илүүтэй анхаарал хандуулах ёстой юм. Жишээ нь, олдоц сайтай, бага хүүтэй боломжийн зээлээр үйлчлэх ёстой болохоос, хүн болгонд, ялангуяа хөдөлмөрийн насны хүмүүст халамжийг хавтгайруулж өгөөд байж болохгүй ээ. “Загас өгснөөс, барих аргыг нь зааж өг” гэх үг бий.  Хавтгайрсан халамжийн бодлого лав миний үзэл баримтлалд таарахгүй зүйл.

Ер нь худал амлах ямар шаардлага байгаа юм. Алсын хараа, бодлого зорилт байх ёстой биз дээ. Ард түмэн илэрхий худал гэдгийг нь мэдээд, дүгнээд шоолоод л байна шүү дээ. Угаасаа боломжгүй зүйл. Тиймээс худлаа амлахаас илүү бодлогоор өрсөлдөх хэрэгтэй. Хэрэв заавал тоо тоолох гээд байгаа бол ажлын байрыг хэдээр нэмэгдүүлснээ тоолж болно шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд ажлын байр, ДНБ хэдээр нэмэгдэв, яагаад, ямар үйл ажиллагаа явуулав гэх мэт. Үүнийг хийж болохгүй биш болно. Гэвч манайхан үр дүнтэй ажил хийгээд, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгосноо ярихаасаа илүү улс төрийнхөө хэрүүл зодоонд живчихээд байх шиг.

Чадваргүй, сэтгэлгүй хэсэг нөхөд унаж яваа унаагаа хойш чангаагаад, зарим дугуйг нь буруу эргүүлээд байх юм. Уг нь бүгд нэг чигт харж, нийтийн үнэт зүйлтэй болчихвол болох гээд л байна.

Манайд бодлогын баримт бичгүүд нь салбар бүртээ хангалттай байдаг юм билээ. “Цаас”-ыг бол хангалттай үйлдвэрлэсэн байна. Гэвч энэ нь хэр ажил хэрэг болж, бодит биелэл болж, хэрэгжиж байгаа нь эргэлзээтэй. Төрийн залгамж халаа заавал байх ёстой. Тэр бодлогын баримт бичгүүд аль ч нам, төр солигдсон хэрэгжиж, урдын сайн, сайхан ажлуудыг улам сайжруулаад явах нь чухал.  Энэ үйл явц төрийн үйл ажиллагааны бүх шатандаа байхгүй байгаагаас гажуудаж байна.

-Та Монгол Улсын хөгжилд ямар боломжууд байгаа гэж харж байна?

- Миний бодлоор Монгол Улсад маш их боломж бий. Хөгжил гэдэг сайжралт. Сайжрах л ёстой. Гэхдээ сайжирах явцдаа эрсдэл даах чадвартай, эдийн засгийн өсөлттэй, тогтвортой зөв байх ёстой. Нэг өгсөөд, нэг уруудаад байж болохгүй. Ийм байвал, хүн бол зүрх нь  муудаад үхнэ биз дээ. Түүнтэй адил.

Бидэнд тогтвортой өсөлт хэрэгтэй. Уул уурхайд гэхэд боловсруулах үйлдвэрүүд хэрэгтэй байна. Томоохон ордуудаа нэмэгдүүлж, уул ус байгаль сүйтгээд байгаа жижиг ордуудыг хааж, тэр газарт нь аялал жуулчлал, мал аж ахуй, хөдөө аж ахуйгаа хөгжүүлээд явмаар байна.  Том ордуудаа эргэлтэнд оруулж, орлого нь хүн бүрт тэгш хүртээмжтэй байх ёстой. Энд бэлэн мөнгө тараах тухай яриагүй байна шүү. Жишээ нь, бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн татаасыг тэр татвараар төлж болно. Ингэж орон нутагтаа үйлдвэр үйлчилгээг хөгжүүлж болно. Үр дүнд нь ажлын байр нэмэгдэнэ. Амьдрал дээшилнэ. Хүмүүс эрүүл мэнд, боловсролдоо анхаардаг болно. Амьдралын үзүүлэлтүүд нь сайжраад ирэхээр бие даасан үзэл бодолтой иргэд олон болно.

Бие даасан үзэл бодол гэдэг энэ ардчилсан нийгмийн амин сүнс нь юм шүү. Бусдаас хамааралтай, өнөө маргаашийнхаа талхны мөнгөнөөс цааш гарч чадахгүй бол хүн хүлцээд суухаас өөр аргагүй байдалд ордог. Тиймээс ч бид ядуурлыг бууруулж байж л хүчтэй иргэдтэй болно. Манай монголчууд ядуу байгаа учраас энэ ужиг байдлууд засагдахгүй байна. Нэг нь юм хийхээр нөгөөдүүл нь дандаа гацаадаг, туйлширдаг. Муу өнцгөөс дандаа хардаг. Олон талаас нь харж ярилцдаггүй. Үүнийг одоо болих хэрэгтэй. Мэргэжлийн, хараат бус дүгнэлтүүд хэрэгтэй байна. Энэ дундаас иргэд үнэн зөв мэдээллийг авна.

Түүнчлэн уламжлалт мал аж ахуйн салбар маань ч бас хүнд байдалд орж эхэллээ. Бэлчээрийн даац тав дахин нэмэгдсэн байна. Малын хорогдол маш их байна. Энэ байдлаар цаашаа явбал хэцүүдэх нь. Монголын газар нутаг урдаасаа эхлээд цөлжиж байна. Төр засаг санаачилгатай ажиллаж, хуулийн зохицуулалтаар малчиддаа туслах хэрэгтэй болж. Бид одоо малын тоо, толгойны хойноос биш, ашиг шимийг нь нэмэгдүүлэх замаар илүү чанартай мал аж ахуйтай болох хэрэгтэй цаг иржээ. Яахав, хэдэн малынхаа буянд малчид маань өнөө маргаашаа өөрсдөө аргалаад л байгаа. Харин төрөөс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хэрхэн үр ашигтай болгох талаар тодорхой бодлогогүй явсаар өнөөдрийг хүрлээ.  Ганцхан жишээ хэлэхэд, манайд 1000 төгрөгөөр зарагддаг нэхийг багахан боловсруулалт хийгээд хэдэн арван доллараар зарж болж байна. Тиймээс ердөө л зөв менежмэнт дутагдаад байна. Үүний үр дүнд хүмүүс ажилтай, орлоготой, ажлын байртай болно. Эргээд эдийн засаг маань сэргэнэ. Энэ бол тасралтгүй эргэх цикл юм. Төрийн бодлого энэ бүхнийг зохицуулах уялдаа холбоо, гинжин хэлхээ нь байх ёстой. Зөвхөн уул уурхай, мал аж ахуй биш үүний цаана өөрийнхөө зөнгөөр хөгжиж байгаа салбар манайд олон бий. Жишээ нь мэдээллийн технологи, дижитал цахим үйлчилгээ, финтек, блокчейн гээд ямар ч дэмжлэггүйгээр хөгжиж байна. Үнэндээ манай залуучууд өөрсдийн сурч, мэдсэнээрээ л хөгжүүлж байна шүү дээ. Энэ бүхэн бидэнд хийх ажил ямар их, боломжууд ямар олон байгааг харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.8  БААСАН № 91 (6316)