Л.Мөнхсайхан: СЕХ шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг байгууллага байж болохгүй

0
хуваалцах
203
үзсэн

Т.БАТСАЙХАН

 

Өнөөдөр Үндсэн хуулийн цэц 2019 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн дахин нэг маргаантай заалтыг хэлэлцэнэ.  Энэ талаар өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхантай ярилцлаа.

 

-Таны гаргасан гомдол мэдээллийн дагуу Цэц дунд суудлын хуралдаан зарлажээ.  Сонгуулийн хуулийн тухайлсан ямар заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сонгуулийн хуулиар иргэний эрхзүйн харилцааг зохи­цуулдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эр­хийг эдлүүлэх үүрэг хү­лээ­дэг гэж хэлж болно. Гэтэл эрх баригчдын баталсан Сонгуулийн хуульд хүний эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой заалт орсон. 

Сонгуульд нэр дэвших хүнд эрүүгийн нэмэгдэл ял оноож байна.  Улмаар СЕХ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болчихлоо.  Энэ нь яалт ч үгүй Үндсэн хуулийн зөрчил юм.  Тиймээс  Цэцэд гомдол мэдээлэл гаргасан.  Миний өргөдлийн дагуу маргаан үүсгэх, цэцийн дунд суудлын хуралдааныг зарлах ажиллагаа 112 хоног үргэлжилж, өнөөдөр хэлэлцэхээр товлоод байна.  Ер нь хүнийг бүх насаар нь яллаж болохгүй, тэр тусмаа Сонгуулийн хуулиар нэмэгдэл ялын харилцааг зохицуулах нь Үндсэн хуульт нийгэмд байж болохгүй асуудал.  Хуулийн нэмэгдэл ялыг СЕХ –гоор гүйцэлдүүлэхээр заасныг ч хуульчийн зүгээс эсэргүүцэж байна.

-Тухайлбал, Үндсэн хуулийн ямар заалтуудтай зөрчилдөж байна вэ?

-Өнгөрсөн арван­хоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан.  Энэ нь  иргэний улс төрийн эрх буюу УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийг агуулж байна.  Тэгэхээр энэ заалтыг цэцээс түдгэлзүүлэх ёстой. Тухайлбал дээрх заалт нь Үндсэн хуулийн гурван заалттай зөрчилдөж байна. Нэгдүгээрт, иргэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг тунхагласан Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ. Хоёрдугаарт , Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тусгасан иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийн тухай “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалттай нийцээгүй. Мөн Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэн хэрхэн хэрэгжүүлэх тухай заасан Үндсэн хуулийн 47 зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, хоёр дах хэсгийн “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөд байна.  Түүнчлэн хүний эрхийн түгээмэл тунхаглалын наймдугаар зүйлд ч  “...Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй”, 21 дүгээр зүйлд “...Хүн бүр улсаа удирдахад шууд чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй”, хоёрдугаар хэсэгт “Хүн бүр улсдаа төрийн алба хаших эрхтэй, ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой гэж тунхагласныг зөрчөөд байна. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал УИХ-иар хэлэлцээд хүлээн авах, эс авах, ҮХЦ -ийн Их суудлын хурал хэзээ болохоос үл хамаарч уг хуулийн үйлчлэл түдгэлзэх юм.

 -Өмнө нь энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргаж байсан.  Тэнд юу гэж заасан байдаг вэ?

-Цэцийн дүгнэлт 2008 онд гарсан нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл парламент дахин Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчимыг уландаа гишгэсэн явдал юм. Тухайн үед гарсан дүгнэлтэд нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна” гээд “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж тухай хүний улс төрийн эрх буюу гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж үзсэн. Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд “ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ес дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцээс түд­гэл­зүүлсэн. Энэхүү цэцийн дүгнэлт одоо ч хү­чин төгөлдөр байхад УИХ дахин Үндсэн хууль зөрчлөө.   Үү­нийг таслан зогсоохгүй маш их удаж байгаад  Цэц ч маш ха­риуц­лагагүй хандаж байна. 

-Энэ маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөө­лөгчөөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оролцож байна.  Цэц түүнээс хариу тайлбар хүссэн.  Тайлбар ч ирсэн гэж сонссон.   УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай танилцсан уу?

-Танилцсан. “УИХ-ын гишүүний бүрэн эрх “тангараг өргөснөөр гишүүний бүрэн эрх эхлэх, шинэ сонгогдсон гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болох” тухай дурьджээ. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргаанд ямар ч  хамааралгүй зүйл.  Түүнчлэн  Т.Аюурсайхан гишүүний тайлбарт “Сонгуулийн тухай хуульд уг заалтыг хийсэн нь Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэсэн хүний эрхийн суурь зарчмыг хөндөөгүй болно” гэжээ.  Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон тул авилгатай тэмцэх үүргээ биелүүлэх талаар дурьдсан нь учир дутагдалтай байна. Мөн Сонгуулийн хуулиар ялгаварлан гадуурхалт явагдаж Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн ,Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын наймдугаар зүйлийн дээр дурьдсан заалтыг, мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 25 дугаар зүйлийн дээр дурьдсан заалтыг зөрчсөн талаараа огт тайлбар хэлээгүй өнгөрөөсөн байна.  Хэлэх ч юм байхгүй биз. Үнэхээр хууль тогтоогчид иргэдээ ялгаварлан гадуурхаагүй юм бол өнөөдөр яллагдагчаар татагдсан,  сэжиглэгдсэн гишүүдийнхээ нөхцөл байдалд дүгнэлт хийж, хуулиа батлах ёстой байсан.  Хүн алсан, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа ашиглан улс орондоо тоо томшгүй их хохирол учруулчихаад ял шийтгүүлсэн, ял шийтгүүлээгүй хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд явж байна. Ялгаварлан гадуурхалт гэж үүнийг л хэлээд байгаа юм.

-Сонгуулийн хуульд ийм заалт оруулснаа мөн Төрийн албаны тухай хуультай холбож тайлбарлаад байна.  Үүнд та хариулт өгөхгүй юу?

-Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны болон тусгай албан тушаалтанд хамаарах зарим зохицуулалт нь улс төрийн албан тушаал хаших хүнд хамааралгүй. Тэд төрийн жинхэнэ албан тушаалд шүүхээр ял шийтгэгдээгүй  байх зарчим улс төрийн албан тушаалд ижил тавигдах ёстой гээд байгаа.  Энэ бол  үндэслэлгүй зохицуулалт.  Жишээ нь, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах дээд боловсролтой байх нийтлэг шаардлага улс төрийн албан тушаалд хамаарахгүй. Энэ нь дунд боловсролтой хүн өнөөдөр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаагаар нотлогдоно. Хэрэв төрийн бүх албан тушаалд адилхан шаардлага тавих ёстой гэсэн бол Ерөнхийлөгч огцорч таарах нь. Тийм зүйл байж болохгүй. Иргэдийн хүсэл зоригоор сонгогдсон Ерөнхийлөгчийг дунд боловсролтой гээд огцруулах үндэслэлгүй учир тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Хэнийг сонгох нь гагцхүү иргэний эрх. Үндсэн хуулиар хамгаалагдсан дархан эрх. Харин нэр дэвшигч амьдралын замналаа л үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.6  ЛХАГВА № 89 (6314)