Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 03-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдрийг Монгол Улс “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 2019 онтой харьцуулахад гурван байраар ухарч, 73-т орсон ажээ. Үүнд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн хүмүүсийн дийлэх нь сэтгүүлчид байсантай холбоотой хэмээн Глоб Интернэйшнл төвөөс мэдээлж байна. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1942.05.03. Дэлхийн хоёрдугаар дайн: Японы тэнгисийн цэргийн хүч "Мо" ажиллагааны анхны оролдлогоороо Соломоны арлууд улсын Тулаги арлыг эзлэн авав. Улмаар "Сувдан тэнгис"-т АНУ, Австралийн хамтарсан хүч Японы эсрэг тулахаар болсон юм.

1999.05.03. АНУ-ын Оклахома мужийн Оклахома хотын баруунөмнөд хэсэгт F5 ангиллын хүчтэй шуурга дэгдэж 45 хүн амиа алдан, 665 хүн гэмтэж, бэртжээ. Хар салхины улмаас нэг тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Салхины хурд тухайн үед 484 км/ц-г зааж байсан гэдэг.

2007.05.03. Португалийн Парайа да Луз хотоос дөрвөн настай британи охин Мадлейн МакКанн алга болов. Түүнийг хайх ажиллагаа олныг хамарсан ч одоог хүртэл олдоогүй байна. Түүнийг 2010 онд сураггүй бологсдын жагсаалтад оруулжээ.

2016.05.03. Канад улсын Альберта мужийн Форт МакМарри хотод их хэмжээний түймэр дэгдэж 88 мянган хүн орох оронгүй болжээ. Гамшгийн улмаас ойролцоогоор 2 400 барилга, байгууламж сүйдсэн байна.

Эх сурвалж www.zms.mn