Б.НАМУУНТАМИР

Монголчуудыг эх орноороо болон дэлхийгээр аялахад нь шаардагдах бүхий л мэдээллийг нэг дор цогцлоохоор ажиллаж байгаа www.joinme.mn платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Цоморлигийг энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьж, ярилцлаа.

 

-Аялал жуулчлалын салбарт дижитал шилжилтийг анхлан хийж, Монгол аялагчдад зориулсан цогц мэдээлэл бүхий платформын тань талаар яриагаа эхлүүлье?

-Манай төсөл 2019 онд анх эхэлж, 2020 оны нэгдүгээр сараас онлайн ажиллаж эхэлсэн. Төслөө эхлүүлэх болсон гол шалтгаан нь манай аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн компаниудын дийлэнх нь  гадаадын жуулчдад зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлж, бодлого нь ч тийм хандлагатай байсан. 

Үүн дээр бид дүгнэлт хийгээд зөвхөн дотоодын аялагч нарт зориулсан платформ хөгжүүлсэн. Монгол хүн эх орноороо аялахад яг хаана нь байгалийн үзэсгэлэн цогцолсон, аюулгүй мөн хамгийн тав тухтай жуулчны бааз хаана байдгийг төдийлөн мэддэггүй. Тэр мэдээллийг л хэрэглэгч нарт ойртуулахаас гадна, шууд аяллын онлайн худалдан авалт хийх, аяллын цахим зээл олгох үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгч талаа­саа одоогийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Монголчуудын худалдан авах чадвар муудаж байгаа нөхцөл байдалд сонирхолтой шийдэл санал болгож байгаа платформ юм. 

Аялал жуулчлалын мэргэжлийн буюу ханган нийлүүлэгч байгууллагуудад зочид буудал, хоол үйлчилгээний газруудаас эхлээд тээвэр, энтертайнмэнт, үзвэр үйлчилгээ гээд маш олон төрлийн байгууллагуудад хамаардаг. Нэг талаас энэ байгууллагууд бүтээгдэхүүнээ манай платформд байрлуулаад, бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг нь борлуулж, шимтгэл авах бодлоготой.

-Шинэ коронавирус олон улсын аялал жуулч­лалын салбар дэлхий дахинд “тэг зогсолт” хийсэн гэж ойлгож болно. Монголчууд дотооддоо гэхээсээ илүү гадагшаа аялах сонирхолтой юм шиг ээ?

-2019 онд Монголчууд эх орноороо аялахдаа 225 сая ам.доллар зарцуулсан байдаг. Энэ мөнгө нь зөвхөн зочид буудал, жуулчны баазад зарцуулсан мөнгө биш шүү дээ. Жишээлбэл, та аяллаар явлаа гэж бодоход дэлгүүрээр үйлчлүүлнэ, малчин айлаас цагаан идээ, мах  худалдаж авна, хоолны газраар үйлчлүүлнэ, шатахуунаа авна гэх мэт бүхий л зарцуулалтын дүн юм. Тэгэхээр манай аялал жуулчлалын салбар зогслоо гэхэд дан ганц энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсээр хязгаарлагдахгүй гэдгийг эндээс харж болно. Тооцоод үзэхэд нэг аялагч дунджаар 60 хүний ажлын байрыг хөдөлгөдөг.

Харин Монголчууд гадаадад аялахдаа 615 сая ам.доллар зарцуулсан. Энэ бол харамсалтай тоо юм. Тэгэхээр монголчууд эх орноороо аялахаасаа илүү гадагшаа аялахыг илүүд үзсээр ирсэн. Хэдийгээр Ковид-19  улс орны эдийн засгийг зогсоож,  олон хүний эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулж байгаа хэдий ч нөгөө талаасаа гадаадад аялахдаа зарцуулдаг байсан энэ их мөнгийг эх орондоо авч үлдэх боломж гарч байгаа эргэлтийн цаг үеийг бидэнд авчирсан. Гаднын улс орнуудын эдийн засгийг бид ийм их мөнгөөр дэмждэг байсан байх нь. Байгууллагуудын ой, тэмдэглэлт үйл явдал мөн шинэ жилээр удирдлагууд ажилтнаа зөвхөн гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулдаг уламжлал маягийн юмтай болсныг бид бүгд мэднэ.  Бүгд л Хайнань, Тайланд, Манжуурын аяллын эрхийн бичгээр шагнадаг нь нууц биш. Эдийн засаг эрчимтэй байх үеийн зардал нь 615 сая доллар юм бол одоо энэ хөл хорионы үед эдийн засаг зогсонги байдалд тал хувиар буурлаа гэж үзээд Монголдоо үлдээх боломжтой цаг үе ирчихээд байгаа юм. Тиймээс манай компанийн зүгээс аялал жуулчлалын салбарынхандаа нөгөө талаас, нийт масс руу хандсан компанит ажлуу­дыг хийхээр төлөвлөж байгаа ажлуудын нэг нь захирлуудыг ажилтнуудаа эх орноороо аялах аяллаар урамшуулдаг болоход уриалсан ажил байгаа.

-Харин танай энэ сис­темийг ашиглан гадаг­шаа аялахад чиглэсэн мөнгөний урсгалыг до­тоод­доо шингээх боломжийг бий болгосон гэж ойлгож болох уу?

-“Ковид 19”-с өмнө Монголчуудад аялал санал болгодог Аутбаундын буюу гадаад аялал санал болгодог компаниудтай ажиллаж байсан.  Одоо бол Монголчуудыг  Монголд  аялуулах мэргэжлийн компаниудтай хамтарч ажиллаж байгаа. Олон улсын аялал жуулчлалын урсгал хаагдаад гаднаас жуулчид авчирдаг байсан компаниуд энэ жил ажилгүй орлогогүй боллоо. Ирэх зун хэвийн байдалд орох уу гэдэг ч асуудалтай болж байгаа болохоор аялал жуулчлалын томоо­хон буюу үйлчилгээний стандарт нь тогтсон ком­паниудтай хамтран  ажил­лахаар гэрээгээ хий­гээд систем хөгжүүлэлтийн үйл ажиллагаа явагдаж байна.

Дашрамд дурдахад яг хэдэн хүн Монгол аялагчдын талаарх статистик судалгаа их ховор л доо. Яг хэдэн хүн эх орноороо аялдаг вэ асуултанд ямар ч байгууллага, хувь хүн хариулах боломжгүй нөхцөл байдалд байна.

-Монголчуудыг эх орноор нь аялуулдаг аяллын компани хэр их байдаг юм бэ?

-Монголчуудыг эх орноор нь аялуулдаг компани туйлын цөөхөн, хоёрдугаарт маш жижиг давжаа компаниуд байсан.  Дээр нь бүтээгдэхүүний ялгарал бага  буюу харьцангуй залуу хүмүүст зориулсан тав тух муутай аяллууд зах зээл дээр давамгайлж байсан. Үнэхээр л ийм харамсалтай нөхцөл байдалд байсан. Яг ийм нөхцөлд манай төсөл ажиллаж эхлээд нөгөө компаниудаа хэрхэн хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулаад, олон сонирхолтой контентуудыг захиалаад хийлгэдэг болсон. Гадаад аялал ч мөн ялгаагүй Манжуур, Байгал, Хайнань, Тайланд, Солонгос зэрэг орнуудын аялал сонголтгүй байсан. Тиймээс бид хамтран ажиллаж буй компаниуддаа зах зээл дээр ийм контент илүү сонирхол татахаар байна, үүн дээр ажиллаад өгөөч гээд захиалга өгдөг болсон.

“Ковид-19” цар тахал дэгдэж, манай гад­наас жуулчин авч ирдэг мэр­гэж­лийн компаниуд бидэнтэй хамтран ажилласнаар бүтээг­дэхүүний ялга­рал, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд дээр бид санаа зовох шаардлагагүй болсон л доо. Яагаад гэхээр тэднээс гаднын жуулчдад санал болгодог олон төрлийн хөтөлбөрүүд ороод ирчихэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл төрөл бүрийн сегментүүдэд санал болгох сонирхолтой  аяллын багцуудыг бидэнд өгөх болсон гэсэн үг. Одоо энэ хөл хорио л тавигдчивал маш олон төрлийн, олон сонирхолтой контентууд манай системд дэлгэгдэх гээд бэлтгэгдээд байж байна.

Тухайлбал бид өнгөрсөн долоо хоногт Монгол орны хойд цэг болох Монгол шарын давааны аялал зарласан.  Тэнд Монгол соёлын маш өвөрмөц элемент байхаас гадна дахин давтагдашгүй, үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай. Мөн сүлжээгүй болохоор тархиа амраан, нүдээ баясгаж, бие сэтгэлийн таашаал аваад ирэх сонирхолтой аяллыг зарлахад долоо ч хоног хүрэхгүй хугацаанд суудлын тоо гүйцчихсэн. Үнийн хувьд 1.1 сая төгрөг. Зарим хүмүүс үүнийг үнэтэй гэдэг ч хямдхан аяллаас ялгаатай тал нь өвлийн майхантай, мөнх цэвдэгтэй газар аялагчдын эрүүл мэнд, тав тух, сэтгэл ханамж,  аюулгүй байдлыг бүрэн хангасан аяллын багц юм л даа.  Харин одоо Монгол орны урд цэгийг үзэх Орвог гашууны бор толгойн аяллаа зарласан байгаа. Хилийн багана дээр очих их сайхан мэдрэмж л дээ.

-Аяллын анхны цахим зээлийн үйлчил­гээг нэвтрүүлсэн. Энэ талаар?

-Манай системийн гол бодлого нь салбартаа танигдсан, мэргэжлийн, өөрийн гэсэн имижтэй, чиглэлтэй, дугуйн, уулын, адал явдалтай аяллуудаа өгдөг компаниудтай хамтран ажилладаг. Манай компанийн бас нэг гол давуу тал нь аяллын цахим зээлийн үйлчилгээ юм. Монгол хүнд үргэлж аялах хэрэгцээ байдаг. ШУТИС-ийн доктор Н.Галиймаа гурван жилийн давтамжтайгаар Монгол­чуудаас судалгаа авсан байдаг. Судалгааны дүгнэлт нь үнэхээр сонирхолтой. Монголчуудын хувьд аялал бол тэдний амьдралын хэв маяг, эдийн засгийн хямрал ч Монгол аялагчдад нөлөөлдөггүй гэж гарсан байдаг. Санхүү, эдийн засаг нь гайгүй байвал илүү хол аялна, харин бага байвал хот тойрсон аялал хийдэг гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс бид яг энэ хэрэгцээнд нь таарсан бүтээгдэхүүн санал болгож байна. Өнөөдөр та аяллын мөнгөө бүтнээр нь төлөх чадваргүй байгаа бол манайхаас цахимаар зургаан сарын хугацаатай зээлээд аялж болно. Тухайн аялах хөтөлбөрөөсөө шалтгаалаад зээлийн хэмжээ гарна.

-Монголчуудын аял­лын боловсрол хийгээд, дотооддоо аялах соёл хэр төлөвшиж байгаа вэ?

-Монголд маш олон төрлийн сегмент бий. Монгол аялагчдыг бүгдийг аяллын боловсролгүй гэж хэлж болохгүй. Тухайлбал, та дэлгүүрт ороход ганцхан атар талх санал болговол мэдээж сонголтгүй учраас атар талхаа л авна. Урьд нь яг ийм л байсан. Бүтээгдэхүүний солонгорол байхгүй байсан учраас аялагчид зохион байгуулалтгүй  буюу бие даасан аяллыг сонгож байсан. Тэр нь тийм ч таатай биш байсан учраас хүмүүс аялахаараа л гадагшаа явж аялах ёстой гээд ойлгочихсон байж.  Тэрний үр дүнд дотоодын олон үйлчилгээний байгууллагуудын хөгжих боломжуудыг үгүй хийчихсэн. Харин одоо 90 мянгаас эхлээд есөн сая төгрөгийн загасчлах аялал гээд олон төрлийн сонголттой болчихоор хүн өөрийн сонирхол, цаг зав болон, төлбөрийн чадвараасаа хамаараад олон янзын бүтээгдэхүүнээс авахад нь тусалж байгаа юм.  Энэ нь эргээд л дотоодын тэр олон компаниудыг  хөгжүүлэхэд нь тусалж байгаа юм л даа.

-Нэг жилийн өмнө төлөв­лөсөн ажил, төсөл цар тахлаас болж салба­рынхан сорилттой нүүр тулсан байх. Ха­рин одоо эсрэгээр нь эргээд эерэгээр зөв менеж­мен­тийг хийгээд эхэлсэн байна?

- Анх ковид-19-өөс шалтгаалан гадаад урсгал зогсчхоор манай салбар тэр аяараа гүн шоконд орсон. Мэйлээ нээгээд л харахад аяллаа цуцалсан маш олон мэйл-үүд ирчихсэн. Харин одоо үүссэн нөхцөл байдалдаа дасан Монголчууддаа маш олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгох ёстой юм байна гэдгийг ойлгоод дуу нэгдэж эхэлсэн. Яахав гадаадын жуулчдаас олдог байсан тэр их мөнгөний урсгалыг төвлөрүүлчж чадахгүй ч гэсэн аялал жуулчлалын салбартаа бэлтгэгдсэн боловсон хүчнээ хадгалж үзэх нь чухал. Нэг аяллын компани дунджаар 50 хүнийг ажлын байраар хангаж байдаг. Нэг зун жуулчингүй хоцроход  олон жил ажилласан туршлагатай хөтөч, жолооч, тогооч, орчуулагч нар амьдрахын төлөө өөр салбарт шилжин ороход  дахиад тийм хүнийг бэлтгэх гэж асар их хугацаа ордог. Тиймээс энэ жил манай салбарынхан ашиг сонин биш, ажилчдаа ажлын байртай нь хамгаалж үлдэх л нэн чухал гэдгийг сануулж байгаа юм. Одоо Монгол аялагчдын энэ олон сегмент байгаа дээр нь ажилла гэж уриалаад ажиллаж байна даа.

“Ковид-19” хөл хорио бол гэр бүлийнхнийг хамт байлгаж, ойлголцох боломжийг олгож байгаа. Энэ зун эргээд гэр бүлийн аялал тренд болно. Тэгэхээр аяллын компани болон жуулчны баазууддаа гэр бүлээр нь аялахад  хүүхдүүдэд нь зориулсан хөтөлбөр гаргах тал дээр бид анхаарал хандуулж захиалгаа түлхүү өгч байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.29  ЛХАГВА № 84 (6309)