А.ДОРЖХАНД

Хэнтий аймгийн музейтай хамтран тус аймгийн байгалийн дурсгалт болон орон нутгийн ховор нандин үзмэрүүдээс хүргэж байна.Энэ удаагийн цувралаар энхрий хүүхдийн дээлийг танилцуулж байна. Монголчууд хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг мөн багаасаа өвчинд өртөмтгий, аймтгай буюу хөлсдөг хүүхдийг “энхрий” хэмээн нэрлэдэг. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх нь бүгд учиртай. Тухайлбал хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийнх нь дээлний баруун ханцуйнд боодог. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах, эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд хоч маягийн элдэв нэр өгдөг бөгөөд даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд “хүүхэн” хэмээн нэр өгч баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг байна. Харин эмэгтэй хүүхдийг эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг. Энэ нь тэднийг гай барцадаас хамгаалж байгаа домын зан үйл юм. Энхрий хүүхдийг эмзэг үед нь үсийг нь хөнддөггүй агаад долоон нас хүрэхэд нь амь нас нь батжиж тогтлоо гэж үзэн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ёсоор цээр гаргах ёс үйлддэг. Энэхүү цээр гаргах ёс нь үсний сэвлэг үргээх ёслолоос эхэлнэ. Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энэхүү дээлийг Хэрлэн сумын 3-р багийн иргэн, музейн ахмад ажилтан Н.Энхцэцэг урласан байна. Уг дээл нь төрөл бүрийн даавуу, торгыг зүйж хийсэн 108 зүйдэлтэй, буруу энгэртэй, нударгатай бөгөөд урт-42см, өргөн-37см юм. Нүүдэлчин удамтай бидэнд уламжлагдан ирсэн нэгэн дом юм.

Эх сурвалж: www.polit.mn