Р.Сүхбат: Генерал цолыг хүртсэнээ их хувь заяа гэж ойлгодог

0
хуваалцах
461
үзсэн

Т.БАТСАЙХАН

 

Өдгөөгөөс 76 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал  хэмээх цэргийн дээд цол олгосон байдаг. Түүнээс  хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэстнүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн байна. Энэ нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн генералуудаар бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг ажээ.  “Зууны мэдээ” сонин “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан хошууч генерал Р.Сүхбатыг урьж,  ярилцлаа.

 

-Өнөөдөр Монголын генералуудын баярын өдөр.  Энэ цаг мөчид тантай уулзаж байгаадаа баяртай байна.  Юуны өмнө танд баяр хүргэе. Та Монгол Улсын 151 дэх генерал.  Монголчууд бид төрийн генералыг төр л гэж хардаг?

-Баярлалаа.  Аливаа улс орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа, эх орноо хамгаалах гол хүчин нь цэрэг, арми байсаар ирсэн түүхтэй.

Тиймээс цэрэг, арми байгаа цагт тэднийг удирдах дээд дарга, генералууд байх ёстой гэж үздэг. Дэлхийн жишигт ч тийм. Анх генерал цолыг Франц улсад XVI зуунаас хэрэглэж ирсэн бол Орос улсад 1657 онд Нэгдүгээр Петр хаан армидаа хэрэглэж ирсэн тухай түүх баримт бий. Монголчуудын хувьд өнө эртнээс цэргийг үүсгэн байгуулж, төр улсаа сахин хамгаалж ирсэн арвин баялаг уламжлалтай бөгөөд тэрхүү цэргийг удирдах дарга, жанждаа баатар, хөлөг баатар, мянгат, түмтийн ноён гэх зэргээр нэрлэж байсан нь нэг талаараа албан тушаал боловч нөгөө талаараа цэргийн цолыг давхар илэрхийлж байсан байгаа юм. 1944 оноос бол албан ёсоор бүртгэлжүүлсэн. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн хүнд хошууч генерал гээд нийт  11 цэргийн зүтгэлтэнд анх удаа генерал цолыг олгосон түүхтэй. 1944 онд анх генерал цол олгосноос хойших 76 жилийн түүхэнд нийтдээ 180 гаруй офицер генерал хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн байна. Генерал цолтнууд дотор маршал нэг, армийн генерал  нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 41 байна. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 онд Монгол Улсын бригадын генерал цол, 2016 онд хошууч генерал цол хүртсэн. Энэ бол их хувь заяа.

-Хүмүүс генерал гэхээр их том мундаг хүн гэж боддог. Энэ ойлголтын тухайд?

-Хувцсаа тайлбал бусадтай л адилхан хүн шүү дээ. Баярлаж догдлоно, гуньж гутарна. Айхтар цол зүүчихлээ гээд хэдэн цэргүүдээ л захираад явж байдаг юм бас биш.  Мэдээж энэ цолонд хүрнэ гэдэг амаргүй. Цэргийн бүх төвшинд ажилласан байх шаардлага гарна.  Тодорхой сургуулиудыг төгссөн байх шаардлагатай. Үүн  дээр өөрийн мэдлэг чадвар, цэргийн хүний ур ухаан хэрэгтэй.  Түүний дараа шаардлага хангасан албан тушаал дээр томилогдож байж, энэ эрхэм цолыг хүртэх боломжтой.  Түүнээс биш хүссэн бүхэн генерал болдоггүй. Генерал хүн бол Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний жудаг, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг. Тийм учраас бүх талаараа манлайлагч байх ёстой.

-Та анх байлдагч болж Зэвсэгт хүчиндээ ирж байсан гэсэн.  Тэр үед генерал болно гэж төсөөлж байгаагүй байх?

-Яаж байх вэ дээ. Аав маань цагдаагийн ажилтан байсан болохоор түүнийхээ замналаар л цэргийн албыг сонгосон. Аавынхаа аваагүй цолыг авахсан гэж ч бодож байсангүй. 1982 оноос хойш миний амьдрал Зэвсэгт хүчинтэйгээ холбогдсон байна. Тухайн үеийн Ардын армийн 282 дугаар ангид нэг жил алба хааж байгаад, 1983 онд хуучнаар ЗХУ-ын цэргийн сургуульд суралцаж төгссөн хүн. Сонгож, суралцсан мэргэжилдээ л үнэнч байя гэж бодсоноос, тэр холыг харж явсангүй. 

-1980-аад онд цэргийн мэргэжлийг сонгоно гэдэг хүнд сонголтуудын нэг байсан болов уу. Аав, ээж тань  яаж хүлээж авч байсан бэ?

-Хүндэтгэсэн. Ялангуяа, аав минь цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан  учраас магадгүй дотроо их дуртай л байсан байх. Одоо бодоход хуучны ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуульд цэргийн инженерийн чиглэлээр суралцаж төгсөөд, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас эхлүүлж байсан нь саяхан юм шиг л санагдаж байна.

-Цэргийн хүнийг нүүдлийн амьдралтай гэж ярьдаг л даа.  Түүнээс хойш та ямар анги, салбаруудад ажиллаж байв?

-Зэвсэгт хүчинд 38 дахь жилдээ ажиллаж байна. 1982 онд Ардын армийн эгнээнд орж ирснээс хойш  байлдагчаас хошууч генерал хүртэлх бүх цолыг зүүж, буудагч албан тушаалаас ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга болтлоо ажиллажээ. Энэ бол яалтгүй ч миний сонгосон зам мөр. Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй ч гэж ярьдаг л юм. Зарим талаараа яахын аргагүй үнэн л дээ. Тэр жишгээр би ч  гэсэн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас Зүүнбаянгийн дивиз, Төв аймаг дахь Зэвсэгт хүчний анги, ЗХЖШ гээд томилогдсон байна. Манай цэргийнхэн албан тушаал ахихын хэрээр тодорхой сургалт дамжаануудыг төгссөн байх шаардлага тавигддаг. Энэ хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын академи, дараа нь ОХУ-ын ЗХЖШ-ын академийг тус тус төгссөн. Мөн ОХУ-д ерөнхий цэргийн академид мэргэжил дээшлүүлсэн.  Ингэж Зэвсэгт хүчиндээ зүтгэхийн зэрэгцээ дөрвөн шатны цэргийн мэргэжлийн академи дүүргэсэн байна.

-Зүүнбаянгийн цэргийн ангид та хэр удсан бэ.  Цэргийн офицер бүхэн тэнд ажиллаж амьдарч байснаа дурсан ярих дуртай...

-Тийм шүү.  1995-1997 оны хооронд хээрийн академи гэгддэг Зүүнбаянгийн дивиздээ ажилласан.  Хамгийн дурсгалтай он жилүүд тэр хуаранд өнгөрсөн байна.  Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаа ч үгүй байлаа. Монголын томоохон дивиз болсон Зүүнбаянд би өөрийгөө цэргийн хүн болсон гэж боддог шүү. Тэнд ажиллаж байхдаа цэргийн академид шалгалт өгч тэнцсэн.  Тэр  ч утгаараа ажил, амьдрал минь өөдөө дээшээ явах эхэлж болж, ээлээ өгсөн газар гэж хүндэтгэлтэй ханддаг. Одоо ч очих дуртай.

-Байлдагчаас  генерал, буудагчаас ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга болсон.  Ийм  завшаан олон хүнд тохиогоод байхгүй. Та энэ он жилүүдэд цэргийн дарга хүний хувьд ямар зарчим барьж ажилласан бэ?

-Би Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт олон албан тушаалд томилогджээ.  Бүр багаас нь эхэлсэн. Мерит зарчмаар томилогдож ирсэндээ баярлаж явдаг. Тэр бүхэнд чадвар, туршлага, чадавхи суудаг.  Энэ нь мэдээж зааж сургаж, чиглүүлж явсан дарга нарын минь тус их.  Мөн удирдсан хамт олон, найз нөхдийн маань хичээл зүтгэл.   Түүнээс биш надад арын хаалга, дэмжлэг туслалцаа  гэж байсангүй.  Аав минь ч үүнийг захиж сургасан.  Цэргийн амьдрал бол хэцүү л дээ.  Олон цэрэг эрстэй харьцаж, тэдний түрхүүрийг тааруулна гэдэг амаргүй.  Гэхдээ миний өдийг хүртэл баримталж ирсэн зарчим бол ерөөсөө л хүнтэй хүнлэг ёсоор харьцах юм. Цэрэг, дарга ч байсан хүндэлж харьцаж байж эргээд хүндлэлийг нь олдог. Хүндлэл хүндлэлээ дагуулдаг.  Өөрөөрөө үлгэр дуурайлал болж байж бүхнийг зааж сургадаг ийм л зарчмаар ажиллаж ирсэн байна. Эргээд харахад ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл  цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө л зүтгэжээ.

-1990 он зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд хэцүү цаг үе байлаа.  Энэ үед олон хүн Зэвсэгт хүчнээ орхисон. Харин та үлдсэн төлөөллийн нэг.   Ер нь цэргийн амьдралаас шантрах үе байв уу?

-Нэгэнт миний сонгосон амьдрал учраас буцах зам байсангүй.  Хугацаат цэрэгт байхдаа л цэргийн дэг жаягт дасчихсан.  Сургуулийг нь төгсөөд офицер болоод ирэхэд улам л сайхан санагдаж байлаа. Надад үүнээс илүү боломж бололцоо бий гэж зүтгэсэн. “Дараагийнх нь цэргийн сургуульд явж, мэдлэг боловсролоо дээшлүүлье.  Энэ миний амьдрал, зам мөр” гэдэгт бүрэн итгэсэн хүн дээ.  Түүнээс биш 1989-1990 онд Зэвсэгт хүчинд томоохон цомхотгол хийж, олон арван офицер ахлагч нар ажилгүй болсон хүнд хэцүү цаг үе байсан уу гэвэл байсан.   Зарим нь ч өөрсдөө сонголтоо хийж, наймаанд явж, бизнес эрхлэх нь эрхлээд гарсан даа.

-Нэгэн үе Зэвсэгт хүчний хэрэг байна уу гэх яриа ч гарч байв шүү?

- Аливаа улсын тусгаар тогтнолын гол баталгаа нь цэрэг арми, зэвсэгт хүчиндээ байдаг. 1921 оноос хойш Монголын орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэл хөгжил яригдаж байна. Өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд  Зэвсэгт хүчин тодорхой үе шатуудаар хөгжиж ирсэн. 1921 оноос 1945 оны Чөлөөлөх дайн хүртэлх хугацаанд Монголын Ардын хувьсгалт цэрэг улам бэхжиж, анги салбар бий болсон он жилүүд байлаа.  Гэхдээ хар толботой ч үлдсэн.  1937 онд тухайн үеийн цэргийн боловсролтой, цэргийн дарга, байдагч нарыг хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайрсан. Мөн 1939-1945 оныг дуустал Монгол Улс том сорилттой тулгарсан  Гаднын зэвсэгт түрэмгийллээс эх орноо хамгаалах, дэлхийн хамтын нөхөрлөл социалист орнуудын үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.  Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёрдугаар дайнд Монголын Зэвсэгт хүчин тодорхой үүрэг гүйцэтгэсэн түүхэн замналтай. Энэ замнал маань Зэвсэгт хүчнийг  хөгжүүлэхэд томоохон түлхэц болсон. Түүний дараа буюу  1945-1960-аад онд үндсэндээ зогсонги үе ирсэн байдаг. Гэхдээ хамгийн олзуурхууштай нь энх тайван цаг байсан л даа. Энэ үед Ардын армид татагдан ирсэн олон мянган хүн бэлтгэлээр халагдаж, арми цомхон болж ирсэн.  Харин 1960 оноос хойш Монгол Улсад шинэ цагийн Зэвсэгт хүчин бий болох үйл явц үндсэндээ гурван үе шаттайгаар явж ирлээ.  Тодорхой түвшинд орчин үеийн зэвсэг, техникээр хангагдаж ирсэн. Чадварлаг хүчтэй боловсон хүчинтэй, ийм бүрэлдэхүүн бий болж ирсэн.  Мэдээж нэг нийгмийн тогтолцооноос нөгөөд шилжих явцад ганц цэрэг арми гэлгүйгээр Монгол Улсын бүхий л салбарт хүнд цохилт болсон. Тэр зовлонг бид амсаагүй биш амссан.  Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж Монгол Улс Үндсэн хуульдаа тунхаглан оруулж өгсөн. Ингэснээр социализмын үеийн бүх хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийх шаардлага үүссэн.  Энэ бүх өөрчлөлтүүдэд манай  салбарын дарга, удирдлагуудын хичээл зүтгэл их шингэсэн. Ш.Жадамба сайдаас эхлээд олон сайхан эрхмийг энд дурдаж болно. Тэд өнөөдрийг бүтээхэд үнэтэй гавьяа байгуулсан. Үндсэндээ ХХI  зууны Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн.   Энэ хүмүүсийн түүчээ болж, генерал цолыг нь зүүгээд салбартаа зүтгэж байгаадаа баяртай байдаг. Миний 38 жилийн амьдралаа зориулсан Зэвсэгт хүчин хичнээн сайхан салбар гээч. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс л ойлгоно доо. Хажуугаар байлдагч хүү гүйгээд гарахад ч хайрламаар шүү дээ.  Үүрэг аваад “Ойлголоо” гээд зогсож байгаа офицер, ахлагч ч гэсэн хайрламаар. Яагаад гэвэл тэдний хамгийн эцсийн зорилго нь эх орноо хамгаалахдаа учир байгаа юм.

-Ярилцсан танд баярлалаа...

-Энэ завшааныг ашиглаад ухамсарт бүхий л амьдралаа цэрэг, эх орныхоо төлөө зориулж ирсэн, өдгөө албаа хашиж буй болон чөлөөнд гарсан нийт генералууддаа их амжилт, урт нас, удаан жаргалын ерөөл дэвшүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.28  МЯГМАР № 83 (6308)