Б.СОЛОНГО

“Улстөрч бол өнөөдөр Монгол Улсын төр, нийгмийн тогтолцооноос болж дөрөв, дөрвөн жилээр л амьдардаг болжээ. Харин би энэ насаа төр, түмэндээ зориулж яваа төрийн түшээ хүн ” гэсээр гурван цагийн урт яриаг дуусгасан түүний тухай нийтлэлд ямар гарчиг өгөхөө бодсоор суусан надад энэ өгүүлбэр олз боллоо. Яг тийм, тэр бол төрийн түшээ хүн.

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булан энэ удаагийн дугаартаа Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг урьсан юм. Богинохон хугацаанд Төрийн аудитын байгууллагыг удирдахдаа түүх болж бичигдэх томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг энэ салбарт хийж чадсан гэдгээр нь хамт олон нь, ард түмэн нь түүнийг үнэлдэг. Тэр ер нь даруухан, гэхдээ ард нь хэдий товчлон бичсэн ч сонины хуудас хаана нь ч хүрэхгүй арвин туршлага, түүх намтар нь баяр, гуниг, жаргал, зовлонтойгоо сүлэлдсээр ирсэн.

 

ЦӨЛӨГДСӨН ААВЫН ХҮҮ

Энэ үг онцгүй сонсогдож мэднэ. Гэхдээ үнэн түүх. Тэрээр юуны өмнө аавынхаа тухай ярихыг хүссэн юм. Учир нь түүнийг Монгол төрийн түшээ гэж нэрлэсэн нь аавтай нь салшгүй холбоотой. Хүрэлбаатарын аав Жамсрангийн Доржсүрэнхорлоо Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, ээж Доржийн Дэнсмаа нь Төв аймгийн Бүрэн сумын уугуул юм. Аав нь цэргийн алба хаасныхаа дараа хотод суурьшин үлдэж хороо, захиргааны байгууллагуудад нам, захиргааны ажил хийж яваад Багшийн их сургуулийн түүхийн ангийг төгссөн түүхч хүн. Намын архивыг өргөжүүлж Улсын архивыг үүсгэн байгуулахад гар бие оролцож, анхны даргаар нь томилогдож байжээ. Архивын даргаар ажиллаж байхдаа “Үнэн” сонинд хувийн аж ахуй, хоршоолол байх ёстой талаар нийтлэл бичсэн нь тухайн үеийн нийгмийн үзэл бодолтой зөрчилдсөн учраас түүнийг намаас нь шийтгэж  1958 онд Архангай аймгийн багшийн дунд сургуулийн эрхлэгчээр нутаг заан явуулжээ. Нэг үгээр цөлөгдсөн гэсэн үг. Ингээд тэнд байх хугацаанд нь буюу 1961 онд тав дахь хүү Хүрэлбаатар нь мэндэлжээ. “Цөлөгдсөн аавын хүү болж төрснөөрөө ах дүүгээсээ арай өөр юм болов уу даа” гэж тэрээр хэлсэн юм. Удалгүй Ж.Доржсүрэнхорлоог хэлмэгдсэнийг хүлээн зөвшөөрч, нэр төрийг нь сэргээжээ. Ингээд тэднийх 1963 онд хотод нүүн ирж, аавыг нь Толгойтын төв бараа бааз, мах, гурилын үйлдвэрүүдийг хариуцуулан намын хорооны даргаар нь томилсон байна. Тухайн үед Толгойтын төв бараа бааз бол улсын том үйлдвэрүүдийг хариуцан ажилладаг, гадаад дотоод бүх худалдааг дамжуулдаг, хуваарилдаг нэг үгээр Үйлдвэр, худалдааны яамны статустай байгууллага байжээ.

Удалгүй Улаанбаатар хотод маш их гамшиг, хохирол дагуулсан 1966 оны их үер болж, хамгийн их ус нь Толгойт орчимд буув. Баазын бараанууд усанд урсаж хэн хүнгүй усан дунд ажиллаж байхад намын дарга дутсангүй. “Тэр үед намын дарга хүн бусдыгаа манлайлдаг байсан юм” гэсэн ганцхан өгүүлбэрийг нухацтай хэлээд тэрээр цааш нь ингэж ярив.

 

Д.Х: Би тэгэхэд тавхан настай байсан. Аавынхаа тухай бага зэрэг санадаг. Ээж, ах, эгч нарын ярьж өгснөөр миний аав тэр үерээс хэд хоногийн дараа бөгсөн бие нь мэдээгүй болж босож чадахаа больсон. 45-хан настай байсан юм. Удалгүй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад хоёрхон сарын дараа эмчилгээ нь буруу хийгдсэнээс болж насан өөд болсон доо. Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч явж байгаад амь эрсэдсэн тухай нь сонин хэвлэлүүдээр ч гарч байсан гэдэг. Намын удирдлагууд эмгэнэл илэрхийлж байсан сонины хуудаснууд одоо ч надад хадгалагдаж байна”...

 

Түүний аав түүхч мэргэжлийнхээ дагуу олон баримт, материал цуглуулж, судалж байсны  зөвхөн нэг жишээ нь Мандухай сэцэн хатны тухай. Аавыг нь тэнгэрт дэвшсэний дараа Төрийн шагналт зохиолч Ш.Нацагдорж гэрт нь ирж хатны тухай шуудай дүүрэн судалгааны материалыг авч байжээ. Хожим алдартай том роман нь хэвлэгдэн гарч түүхэн кино болж байсан билээ.

Төрд үнэнч зүтгэсэн энэ аавын түүхийг хүүхдүүд нь, үр ач нар нь үргэлжлүүлж явна. Д.Хүрэлбаатар дээрээ дөрвөн ах, эгч, доороо нэг дүүтэй. Том ах, бэр эгч нь насаараа тооны багш, том эгч, хүргэн ах нь түүхийн багш, түүхч, бага эгч нь эмч, бага ах нь цагдаа, дүү нь мөн цагдаа гээд удам дамжсан төрийн хүмүүс. Хорвоогийн жам ёсоор эгч дүү гурвуулаа үлдсэн ч энэ гэр бүлийг мод юмаа гэвэл 200 орчим мөчир, салаатай болжээ. Түүний том хоёр хүү нь мөн төрийн албанд ажиллаж байна.

 

БОКСЧИН ХҮҮ ЭДИЙН ЗАСАГЧ БОЛОХООР ЗХУ-ЫГ ЗОРИВ

Оюутан үе.

Хамгийн том нь дөнгөж аравдугаар анги төгсөж байсан тэрсхэн, бяцхан зургаан хүүхэдтэйгээ хоцорсон ээж Д.Дэнсмаа нь тэднийгээ тэжээхийн тулд багш мэргэжилтэй ч цалин мөнгөнийх нь  ахиуг бодож худалдагчийн ажил хийх болжээ.  Аавгүй хүн хагас байдгийн адилаар эд, сэтгэлээр дутагдаж,  гачигдахын зовлонг багаасаа мэдэрч өссөн нь ах, дүүсийг багагүй хэрсүү,  амьдралын ухаантай болгож хүмүүжүүлсэн байна.

 

Д.Х: Социалист нийгэмд сайн, муу олон нэр байдаг ч төрд ажиллаж байсан хүмүүс, ар гэрийг нь халамжилдаг байсан сайхан нийгэм байж. Бидэнд Намын төв хорооноос сансарт дөрвөн өрөө байр өгсөн юм. Наран талдаа цонхтой их гоё байр байж билээ. ЗХУ-ын тусламжаар цогцоороо баригдсан анхны хороолол шүү дээ. Манай байранд тэр үеийн олон дарга нар, сэхээтнүүд амьдардаг байлаа. Багадаа гадаа шороо бужигнатал тоглож өссөн олон найз, танилууд маань хожим том албан тушаалууд хашсан байдаг. Тэр гоё хороолол, дулаахан байр, өссөн сайхан орчин бидний хүнд хэцүү амьдралыг өнгөлж, гэрэлтүүлж, итгэл найдвар өгсөн юм болов уу даа гэж боддог.

 

Том ах нь сургуулиа төгсөөд Өмнөговь аймагт багшаар хуваарилагдан гэр бүлээрээ очжээ.  Бага насны хоёр хүүхэдтэй байсан тул тэднийгээ харуулахаар Хүрэлбаатарыг авч явахаар болов. Ингээд наймдугаар ангиасаа Өмнөговь аймагт суралцаж эхэлжээ. Тэднийхэн хичээл, спортдоо сайн хүүхдүүд байжээ. Том ах нь гэхэд 1-р дунд сургуульд суралцаж, улсын олимпиадад удаа дараа түрүүлдэг, спортоор хичээллэдэг, өндрийн харайлтаар улсын рекорд эвдэж явсан байна. Хүрэлбаатар ч сурлагаараа эхний байруудад тогтмол жагсаж, спортын тэмцээн уралдаануудад оролцдог хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Хотод байхаасаа л боксын дугуйланд хичээллэж эхэлсэн, Монголын спортын нэрт зүтгэлтэн, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн анхны шавь нарын нэг юм билээ.

Ингээд 1986 онд 10-р ангиа төгсөж Усны аж ахуйн яамны шийдвэрээр ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуульд барилга төлөвлөлтийн инженер, эдийн засагч гэсэн хос мэргэжлийг эзэмшихээр аяны жолоо залав. 

Оюутан байхдаа хичээл сургуулийнхаа хажуугаар боксоо орхисонгүй. Өдөр бүр тогтмол бэлтгэл хийнэ. Архи тамхи хэрэглэхгүй, хүнтэй эе эвдрэлцээд байхгүй ч хааяа найз нөхдөө өмөөрч гар зөрүүлэх үе гарна. Байнгын бэлтгэлтэй байдаг тул ганцхан л цохидог чанга гарын оюутан байж. Багаасаа дутуугийн зовлонг мэдэрсэн болохоор тэрээр бизнес сэтгэлгээ нэлээн сайтай болж. Оюутны тав зургаан жилийг зүгээр сууж өнгөрөөсөнгүй. Тухайн үед дамын наймаа оюутнуудад хатуу хориотой байсан ч Монголоос очихдоо тарваганы арьс, савхин дээл гэх мэтийг авч очоод дөрөв тав дахин нугалаад зарчихна. Москва, Ленинград руу яваад жинсэн өмд бөөндөж авчраад нэмээд зарчихна. Оюутны стипенд 100 рубль байхад манай хүн халаасандаа тогтмол 5-10 мянган рубльтэй явдаг мөнгөтэй, сүйхээтэй оюутан байжээ. Зуны амралтаар ирэх бүртээ ах эгч, дүү нартаа бэлэгтэй ирнэ. Төсвийн ажил хийдэг тэднийхээ авч чадахгүй өнгөт телевизор, гурван талт толь гээд ховор нандин бараануудыг бэлэглэчихээд явчихна. Бусад хот руу наймаанд явахдаа ОХУ-д суралцдаг гадаадын оюутнуудыг буудалд хонуулахыг зөвшөөрдөггүй тул мөнгөтэй байсан ч вокзалын шалан дээр сонин дэвсээд , цэцэрлэгт хүрээлэнд сандал дээр унтаад л явдаг байж. Найз нөхдөөс нь худал үнэн хэлээд зугтаах нь байхад, дотуур байрныхаа цонхоор орныхоо даавууг унжуулаад татаад авдаг нь ч олон байж.

Энэ бүхний хүчинд бизнест суралцахын хажуугаар мөнгөний үнэ цэнэ, хүний чанар, мөнгөтэй байсан ч худалдаж авч болдоггүй зүйл олон байдгийг ойлгосоор байсан гэнэ. Сургуулиа төгсөж ирэхдээ ахдаа машин худалдаж авч өгөөд өөрөө хар далайд амраад ирж байсан монгол оюутан ийнхүү амьдралд суралцсаар.

 

ХУЛГАЙЧИЙГ ҮЗЭН ЯДАЖ, АМЬДРАЛЫН УХААНД СУРАЛЦСАН ОН ЖИЛҮҮД

МАСЗХ-ны анхдугаар зөвлөгөөн, 1998 он.

Чамин ганган бэлэг явуулаад байдаг дүүдээ ах, эгч нар нь санаа зовж байжээ. “Энэ нөхөр сураад байна уу, юу хийгээд байна, яагаад ийм мөнгөтэй байна” гээд. Гэхдээ мөнгө түүнийг эвдэж чадсангүй. Учир нь багын суурь хүмүүжил нь түүнийг зарчимч, шударга байхад сургажээ. Орой бүр гэртээ ирээд зарсан барааныхаа тооцоог хийж зүдчин суудаг ээж нь тэдэнд энэ хүмүүжлийг өгсөн. 200 төгрөгийн  цалингаар зургаан хүүхдээ тэжээж, дөрвөн өрөө байрныхаа зардлыг төлж явсан худалдагч ээжид нь амархан байсангүй. Тухайн үед орон байр, халаас, лангууны хулгайч нар элбэг. Ээжийнх нь бараанаас дутна, тэр бүрд цалингаасаа нөхөж төлнө, өрөнд орно. Нэг хүний цаана олон хүний амьдрал, хоол хүлээсэн хүүхдүүд байдгийг маш сайн ойлгодог байсан учраас тэр багаасаа хулгай, луйврыг жигшиж, үзэн яддаг болж өсчээ. Найзууд дундаас нь ч худалдагчийн лангуунаас юм аваад гүйдэг хүүхэд олон байж.

 

Д.Х: Бидний багаас төлөвшсөн том хүмүүжил бол энэ юм даа. Худал ярьдаггүй, хулгай хийдэггүй, төлөв төвшин, хүнтэй муудалцдаггүй, шударга, шулуун байх гэрийн хүмүүжилтэй айл. Ах эгч нарынхаа дэргэд дүү нар нь олон юм ярихгүй, дуугүй л сонсдог. Одоо хүртэл манай дүү миний хажууд архи, тамхи хэрэглэхгүй. Намайг загнавал дуугүй л сонсоно. Хэдийнээ ач гучаа тойруулсан өвөө болчихсон хүн шүү дээ.  Багаасаа л тийм байсан. Хүүхдүүд маань хүртэл яг энэ хүмүүжлээр өссөн.

 

Түүнд амьдралын ухааныг зааж сургасан бас нэгэн чухал хүн бол оюутан цагийн өрөөнийх нь найз Ж.Жамсрандорж. Түүний өвөө нь Эрдэнэзуу хийдэд шавилан суудаг лам хүн байсан бөгөөд ертөнцийн зүй тогтол, амьдралын ухааныг хүүдээ харамгүй зааж сургасан байжээ. Харин тэр найз нь аавгүй өссөн хүүд энэ бүхнийг хэлж ярьж өгдөг байж. Монгол зан уламжлал, эр хүний ухаан, амьдралын утга учир гээд маш том хичээлийг тэр найзаасаа суралцжээ. Анхандаа төвөгтэй ч юм шиг санагддаг байж. Хичээлдээ явна, бэлтгэл хийнэ. Өглөө унтмаар байдаг. Өрөөнийх нь сонин залуу эрт босоод эрх эргүүлээд суучихна, үлгэр домог шиг зүйл байнга ярина. Сүүлдээ энэ нь маш сонирхолтой санагдах болж шөнөжин хамаагүй мэтгэлцээд суучихдаг болж.

Нэг удаа Хүрэлбаатарын оюутан өөр нэг найз нь түүнээс мөнгө зээлүүлэхийг гуйж л дээ. Төгсөөд харих дөхчихсөн, өөрт нь мөнгөний хэрэгцээ байдаг, бас буцааж өгөхгүй байх гэж болгоомжлоод зээлүүлэхгүй л гэж. Гэтэл өнөөх нь бүр салдаггүй, тасралтгүй гуйгаад л байж. Гуйлгаж гуйлгаж муу найзыгаа өрөвдөөд өгөөд явуулжээ. Гэтэл дуугүй сууж байсан Жамсрандорж гэнэт загнаж гарав. “Чи ямар сонин хүн бэ. Өгөх байсан юм бол шууд өгчихгүй яасан юм. Ингэж баахан гуйлгаж өгдөг нь яаж байгаа юм” гээд л. Хүнд тусалчихсан додигор сууж байсан Хүрэлбаатар гайхаад “Үгүй ээ, би харин үнэхээр болохгүй байсан юм аа. Гуйгаад байхаар нь өгчихлөө” гэтэл “Үнэхээр болохгүй байсан юм бол яах гэж өгсөн юм. Чи мөнгөө өгчихлөө шүү дээ. Болох л байсан юм биш үү. Битгий ийм муухай бай” гэж загнасан гэнэ.

 

Д.Х: Би тэгж загнуулчихаад их зүйлийг бодсон. Юм гэдэг учиртай байдаг юм байна. Наанатай, цаанатай бодож байх ёстой юм байна. За бол за, үгүй бол үгүй гэж үгэндээ эзэн байж сурах ёстой юм байна. Зөв амьдрах ёстой юм байна. Амьдрал алсын зүгтээ зөв байвал амжилтад хүрдэг юм байна. Юмыг олон талаас нь бодож хийж чадах зүйлээ хийх, хэлсэндээ хүрэх, хүний итгэлийг итгэлээр хариулах хэрэгтэй гээд олон зүйлийг найзаасаа сурсан. Манай найз их мундаг. Одоо ч гэсэн надад зөвлөөд явдаг. Тухайн үеийнхээр бол салбарын сайд хийх чадалтай хүн байгаа юм. Бид хэдээс ганцаараа докторантурт суралцах эрхээр шагнуулаад ирж байсан. Намайг Монголдоо ирсний дараа их тусалсан.  Бид хоёр заримдаа шөнөжин маргалдана, мэтгэлцэнэ. Нэг эхлэхээрээ дуусахаа мэдэхгүй. Хичээлээс илүү ертөнцийн зүй тогтлын талаар  маргалддаг байлаа. Жишээ нь аяга заавал дээшээ харах ёстой юу, яагаад доошоо харж болохгүй гэж, хайр гэж юу юм гээд л. Энэ хүний хүчинд мөнгөгүйгээр зохицуулж болох үнэ цэнэтэй зүйлс олон байдгийг ойлгож авсан даа. Тиймээс хөрөнгө мөнгөний араас энэ амьдралдаа яваагүй.

Тиймээс үр хүүхэддээ, залуучуудад үүнийг сайн хэлж захихыг хичээдэг дээ.

 

ЭЭЖИЙГЭЭ АЛДСАН ХАРУУСАЛ БУЮУ ТӨВ АЙМАГ ДАХЬ 21 ЖИЛ

 

Д.Хүрэлбаатар сургуулиа төгсөж ирээд Усны аж ахуйн яамны хуваарилалтын дагуу Төв аймаг эсвэл Багануурын Усны аж ахуйн нэгийг сонгох болов. Ээж нь Төв аймгийн Бүрэн сумын уугуул хүн тул ээжийнхээ нутагт ажиллахаар болжээ. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн, залуухан, чадварлаг боловсон хүчин Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт инженер, эдийн засагчаар оржээ.

“Сургуулиа ч төгслөө, ажил, амьдрал ч эхэллээ. Одоо л ээжийгээ сайхан амьдруулъя. Өмнөговь явснаас хойш 10-аад жил ээжээсээ хол байсан. Одоо суурин амьдрах юм байна. Ээждээ, сүү махыг нь зөөгөөд сайхан амраая” гэж бодож байтал тэр жил ээжийг нь бурхан аваад явчихжээ. Ажилдаа орсноос нь ердөө хоёрхон сарын дараа. “Хүн ер нь хайртай хүмүүсээ мөнх гэж эндүүрч явдаг юм билээ. Алдсаных нь дараа л харамсах юм даа. Миний дүү ч гэсэн бодож байгаарай. Ахмад настнуудыг аль болох баярлуулж байгаарай” гэж хэлэхдээ тэр нулимсаа нуух гэж хичээв.

 

Д.Х: Ах нь яагаад харамсаад байдаг вэ гэхээр ээж маань тэр үед зүрхнийх нь талаар өвдөөд байна гээд хэлж байсан юм. Ажилд ороод удаагүй, даваа гараг байсан санагдана. Тэр долоо хоногт Усны аж ахуйн удирдах газрын Ардын шалгах группийн даргыг сонгох хуралтай байсан. Хариуцаж байсан эдийн засагч нь хот руу шилжээд надад тэр ажлыг хариуцуулна, заавал өөрөө байх ёстой гэсэн л дээ.  Байгууллагын санхүү, хөрөнгө мөнгөнд хяналт тавих албан тушаал.  Ээж ээ би ийм хуралтай, баасан гарагт л хүрээд ирнэ. Хоёулаа нэгдэх өдөр эмнэлгээр явъя гэж хэлээд л орхиод явчихсан. Тэгтэл араас эндчихлээ гэсэн мэдээ ирсэн... Залуу хүүхэд гэндсэн л дээ. Одоо байсан бол өвдлөө л гэнгүүт шууд эмнэлгээр дагуулаад явах байсан байх. Эхлээд ажлаа цэгцэлчихээд гэж бодоод алдчихсан. Харамсалтай зүйл болсон юм.  Манай том ах гэнэт гэртээ ухаан алдаж унаад ээж ажлаасаа гүйж ирээд ахыг харангуутаа зүрх нь хаагдаад ойччихсон байсан. Гэнэтийн юм гэнэтийн л байдаг юм билээ. Ядахдаа эм аваад өгчихсөн бол гэсэн харамсал одоо ч сэтгэлд тээглээд байдаг...

 

Гадаадад боловсрол эзэмшиж ирсэн хүүхдүүд хөдөөд сайн боловсон хүчинд тооцогддог тул Д.Хүрэлбаатар ажлын гараагаа эхэлснээс хойш гарын арван хуруунд багтахгүй олон сонгуульт ажил хийдэг байжээ. Зуунмод хотын залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн, Биеийн тамирын спортын зөвлөлийн гишүүн, Социалист уралдааны комиссын дарга, Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан, Аймгийн эвлэлийн хорооны гишүүн, Батлан хамгаалах нийгэмлэгийн болон Иргэний хамгаалалтын штабын дарга, Ардын хянан шалгах группийн дарга гээд тоочиж бичвэл нэлээд урт болно. Харин энэ бүх ажлын хүчинд маш их зүйл сурч авсан гэдгээ тэр хэллээ.

Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газар улсын хэмжээний социалист уралдаанд гурван удаа дараалан улсын аварга, таван удаа усны аж ахуйн системийн болон аймгийн аваргаар шалгарав. Энэ хугацаанд байгууллагынхаа бүх төлөвлөлт, санхүү, тооцоог хариуцаж ажилладаг байв. Ингээд 1989 онд Улсын үйлдвэрийн тухай хууль гарч хамт олон нь даргаа сонгодог болжээ. Тэр үед байгууллагынхаа хамт олны дунд хамгийн олон хүний саналаар сонгогдон даргаар дэвшин ажиллажээ.

Даргын ажлаа аваад удаагүй байтал аймгийн Засаг дарга Гомбожав дуудаад аймгийн төлөвлөгөө эрхэлсэн орлогч даргаар авъя хүрээд ирээч гэж л дээ. Тэр үед хамт олныхоо итгэлийг алдаад яваад өгч болохгүй гээд татгалзсан байна. Дараа нь Улаанбаатар хотод Усны аж ахуйн нэгдэл байгуулагдаж орлогч даргаар нь ирэх санал тавихад бас л татгалзаад явсангүй. Нийгмийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед олон аж ахуйн нэгж дампуурч, хаалгаа барьж байхад Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газар улам өргөжиж байв. Д.Хүрэлбаатар даргыг ажлаа авахад 300 гаруй ажилтантай байсан газар 600 орчим ажилтантай болж улсын системийнхээ хэмжээнд эхний гуравт бичигддэг том газар болжээ.

 

 Д.Х: Тэнд байхдаа олон ажил хийсэн. Зах зээлийн эдийн засаг гэж бужигнуулсаар байгаад төрийн бодлого буруу явчихсан юм. Тэрний хар гайгаар манай усны аж ахуйн салбарын олон хөрөнгө газарт булагдсан. Усны нөөцөө хадгалж чадахгүй болсон. Тухайн үед нь зөндөө хэлээд дийлээгүй. Сүүлд нь би харамссан. Яагаад би төрийн удирдлага руу очсонгүй вэ. Очсон бол салбараа аваад үлдэх байсан юм биш үү. Хамт олныхоо итгэлийг алдахгүй гэж үлдсэнээрээ алдчихав уу. Яаманд нь ирээч гэхэд нь ирээд ажилласан бол өнөөдөр усны салбарын бодлого арай өөр байх байсан болов уу. Өнөөдөр усны бодлого тэр чигтээ алдагдсан маш хэцүү байгаа. Улаанбаатар хот болон төв суурин газрууд ундны усны хомсдолд орж, усалгаатай газар тариалан уналтад орсон хөдөө орон нутагт малын бэлчээрийн усжуулалт орхигдсон. Энэ мэргэжлийн чухал салбарыг хаяснаас болж эмгэнэлтэй байдалд орсон шүү дээ. Амьдралын эх булаг бол яалт ч үгүй ус. Сая харин Усны агентлаг байгуулахаар болсон нааштай мэдээ сонсогдлоо.

 

Д.Хүрэлбаатарыг Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргаар дөрвөн жил ажилласны дараа аймгийн Засаг даргаар С.Гончиг гэж хүн иржээ. Тэр хүн түүнийг дэргэдээ авч ажиллуулмаар байна гэсэн байна. Нөгөө л очихгүй гэдгээ хэлтэл “Чи яасан мэддэг чаддагаараа боодог хүүхэд вэ. Тийм сүрхий юм бол Улаанбаатар луугаа явахгүй юу” гэж загнаж л дээ. Ингээд Д.Хүрэлбаатар Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар дэвшин ажилласан байна. Энэ ажлыг хийсэн жил хүрэхгүй хугацаанд Төв аймгийг бие даасан санхүүжилттэй болгож, төсвөөс татаас авдаггүй болгожээ.  Мөн Өвөрмонголын Улаанцав аймагтай худалдааны холбоотой болгож, гадаад дотоод худалдааг эрчимжүүлэх ажлыг идэвхтэй хийсэн байна.

"Ажлын хувцас" ХК Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Шилдэг ажлын байр бий болгосон байгууллагаар тодров. 2000 он.

Нэг удаа Улаанцав аймаг руу ажлаар явчихаад ирэхэд нь дарга нь дуудаж. Хоёр хуудас цагаан цаас ширээн дээр нь байна. Чиний талаар хүмүүс өргөдөл ирүүлжээ гэж. “Яасан юм бол” гэсэн айдас, санаа зоволт зэрэгцэн зогстол аймгийн “Ажлын хувцас” үйлдвэрийн 100 гаруй ажилчны гарын үсэгтэй өргөдөл ирсэн байж. Д.Хүрэлбаатарыг захирлаар томилж өгөөч гэсэн өргөдөл.  Тухайн үйлдвэрийг байгуулаад жил хүрээгүй хугацаанд зах зээлийн шилжилт таарч хаалгаа барьсан байжээ.  Ингээд тийшээ очиж ажиллахаар болов. Түүнд хамт олны итгэлийг алдахгүй гэсэн зарчимдаа бат итгэлтэй зогсдог нэг чиг шугам байдаг. Өмнө нь хамт олноо хаяж яваагүй бол энэ удаад ч ажилгүй болж хүнд байдалд орчхоод өөрт нь итгэж эвлэн нэгдсэн хүмүүсийн хүсэлтийг хүндэтгэсэн.

Ингээд тэрээр 1993 оноос 2007 он хүртэл тасралтгүй 14 жил энэ үйлдвэрийн захирлаар ажилласан байна. Түүнийг очиход 100 гаруй хүн бүртгэлтэй ч хаалгаа барьсан, тоног төхөөрөмж нь ажиллахгүй болсон балгас угтжээ.

“Та чинь тэгвэл усны салбараас гэнэт оёдлын салбарт орчихсон байна шүү дээ” гэхэд “Тэгсэн шүү. Усны салбарт ихэнх нь эрчүүд ажилладаг. Хэл амаар ойлголцохгүй үед шанаа өгөх ч үе байсан бол  оёдлын үйлдвэрт хүүхнүүдтэй ажиллах болсон. Эмэгтэй хүнтэй ажиллах их онцлогтой нэг итгэсэн хүндээ их сайн. Даалгасан ажлыг итгэл дааж сэтгэлээсээ дайчин хийнэ. Хатуужил тэвчээр нь гайхамшигтай” гээд инээв.

1990-ээд оны эхээр үйлдвэрүүд тэр байтугай төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй хүнд цаг үе байсан гэдэг. Гурван сар хүртэл цалингаа өгч чадахгүй нь энгийн үзэгдэл. Энэ хүнд үед өдөр шөнөгүй ноцолдсоор байж үйлдвэрээ хөл дээр нь босгожээ. 2000-аад оны эхээр Төв аймгийн төв дээр 1000 гаруй, улсын хэмжээнд дахиад 1000 нийтдээ 2000 ажилтантай том үйлдвэр болж Монгол Улсад экспортоороо эхний гуравт ордог болжээ. Жилдээ сая ширхэг хувцас экспортолж, сардаа 100 гаруй мянган долларын орлого олдог байв. Аймгийн төвийн дэлгүүр, худалдааны газрууд, дулаан эрчим хүчний байгууллагууд  “Ажлын хувцас” үйлдвэрийн цалинг буухыг хүлээдэг, тэр үеэр орлого нь нэмэгддэг болсон байжээ. Өнөөдөр хүртэл энэ оёдлын үйлдвэр бүрэн бүтнээрээ ажилласаар байгаа аж.  Тэрээр Төв аймагт өөрийн залуу насыг тэр чигээр нь буюу 21 жилийг зориулсан нь ийм түүхтэй. Хөдөө орон нутгийн олон иргэдийг тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, цалинтай, орлоготой болгож, үйлдвэрийн эзэмшлийн таван давхар угсармал хоёр орон сууцыг ажилчиддаа үнэ төлбөргүй хувьчлан өгч, байртай болгож, олон хүнийг зээлд хамруулж амьдралд нь үнэтэй хувь нэмэр оруулжээ.

 

ААВЫН ХУВЬ ТАВИЛАН ДАВТАГДСАН НЬ

 

Д.Хүрэлбаатар 2000-2007 онд МАН-ын хорооны гишүүн, тэргүүлэгч, орон тооны бус дэд дарга, аймгийн ИТХ-д төлөөлөгч даргаар хоёр удаа сонгогдсон, тэргүүлэгчээр болон ИТХ дахь намынхаа бүлгийн даргаар ажиллаж байсан гээд улс төрийн сонгуульт ажлууд нь өргөн хүрээнд байжээ.

1997 онд Төв аймгийн Монголын ардчилсан социалист залуучуудын холбоог /одоогийн НАМЗХ/ анх үүсгэн байгуулалцаж, даргаар нь ажиллаж 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигч Н.Багабандийг Төв аймгаас дэмжин, 2000 оноос Төв аймгаас УИХ-д МАХН /тухайн үед одоо МАН/-аас нэр дэвшигчид ялж байсан.

Ингээд 2007 онд Улаанбаатар хотод шилжин ирж Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан байна. Тухайн үед сайдтай уулзаад анкетаа өгөхөд шууд Төрийн нарийн бичгийн даргаар ажилла гэхэд нь их гайхжээ. Учир нь ийм том ажил авна гэж санаагүй байж.

 

Д.Х: Би эхэндээ жаахан санаа зовсон ч хэрэв та итгэж байвал хийе гээд хүлээж авсан. Гэхдээ нэг зүйл их сонин. Хүний амьдралын төөрөг тавилан гэж байдаг бололтой. Яг миний аавын хийж байсан ажил байсан. Толгойтын төв бараа баазыг мах гурилын комбинатын намын хорооны дарга гэдэг бол тухайн үедээ Монгол Улсын Үйлдвэр худалдааны яамтай адилхан байсан. Хувь төөргөөр түүнийг нь нэг хүүхэд нь залгамжлах ёстой байж л дээ.

 

2008 онд шинэ Засгийн газар гарч яамдын бүтэц өөрчлөгдөж Эрдэс баялаг, эрчим хүчний яам болсноор тэрээр 2012 он хүртэл энд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. 

Өөрөөр хэлбэл бодлогын томоохон салбаруудыг хариу­цаж ажилладаг гол яамдын халуун тогоог барьсан гэсэн үг. Гадаад дотоод худалдаа, жижиг, дунд, хүнд, хөнгөн үйлдвэрүүд, ашигт малтмал, уул уурхай, газрын тос, эрчим хүч гээд чухал салбарууд эдгээр яаманд харьяалагдаж байв. Тиймээс тав зургаан жил ажилласан туршлагаар салбарын бодлогыг нэлээн сайн судалж, туршлага сууж авав.

Мөн ЭБЭХЯ-ны Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын сурын салбар хорооны даргаар ажиллаж Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Төв стадионы сурын талбайг хандиваар тохижуулж, сурын асрыг сүүдрэвчтэй, том дэлгэцтэй, хиймэл ногоон зүлэгтэй болгон наадамчин олноо тав тухтай наадах нөхцөлийг бүрдүүлж байж.

Харин 2012 оны сүүлчээр Засгийн газар өөрчлөгдөж АН засгийн эрх авав. Улстөрд байдаг бичигдээгүй хуулиар МАН-ын угшилтай гэсэн шалтгаанаар цаашид ажиллуулахгүй гэв. Тухайн үед уул уурхайн салбарыг хариуцаж авсан Д.Ганхуяг, эрчим хүчний салбарыг авсан М.Сономпил сайд хоёулаа түүнд дэргэдээ ирэх санал тавьж байжээ. Гэхдээ өнөөх шалтгаанаар Н.Алтанхуяг ерөнхий сайд зөвшөөрсөнгүй. “Төрийн ажил надаас болж гацаж болохгүй. Харин та бүхэнд салбарын бүх бодлогын баримт бичгүүдээ сайтар боловсруулан үлдээе” гээд орхиж явсан.

Түүнээс хойш Барилга хот, байгуулалтын сайдын зөвлөх, Эрчим хүчний сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байгаад 2017 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий аудитораар томилогдон ажилласан байдаг.

 

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧИЛСӨН 15 САР

 

Богинохон хугацаа боловч энэ 15 сард Төрийн аудитын байгууллагыг орвонгоор нь өөрчилж орхисон Ерөнхий аудитораар Д.Хүрэлбаатар нэрлэгдсэн юм. Тухайн үед “Нүүрс” хөтөлбөрийн гурван тэрбумын зөрчил аудитын байгууллагын хамгийн том актаар нэрлэгдэж байв. Тэгвэл Д.Хүрэлбаатарын хамт олон дээрх хугацаанд бодлогын шинжтэй томоохон аудитуудыг хийж 10 гаруй их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, төсвийн хөрөнгийг төлүүлж, цэгцэлсэн. Оюутолгой, Дубайн гэрээ, Монголбанк, АСЕМ, Хөгжлийн банк, Төрийн банк, МИК, Цэвэр агаар сан, “Эрдэнэт” үйлдвэр, Тавантолгой, “Алт” хөтөлбөр, стратегийн ордууд, Сайн хашаа, уулзвар, Улаанбаатар хотын газар олголт, концессууд, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан гэх мэт төсвийн мөнгө хамгийн их эргэлддэг, томоохон сэдвүүдийг тэр зоригтой барьж авсан юм. Мөн Монгол Улсын түүхэнд анх удаа УИХ-ын төсөв батлах үйл ажиллагаанд аудит хийж 2012 оны төсөв батлах үед албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан  УИХ-ын таван гишүүн, хоёр сайдыг Авлигатай тэмцэх газарт холбогдох материалыг шилжүүлсэн. Мөн УИХ-ын баталсан Ашигт малтмалын тухай хуульд аудит хийхээр сэдвийг батлуулан эхлүүлж байсан юм. Монголын ард түмний өмч болсон газрын баялгийг эзэнгүй, үнэ цэнэгүй болгосон, энэ хуульд аудит хийж ард түмэн байгалийн баялгийнхаа эзэн байх үндсийг бий болгохоор ажиллаж байлаа. Харамсалтай нь УИХ-ын Төсвийн байнгын хороо Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж уг сэдвийг хассан юм.

Тэрээр Ерөнхий аудитораар ажиллах хугацаандаа Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын нийгмийн бодлого, цалин хөлсийг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг бүгдийг нь шинэчилж өөрчилж чадав. Аудитын горим, стандартыг өөрчилж, үл итгэгчийн байр сууринаас ханддаг байсан бол зөвлөн тусалдаг байгууллага болгов. Бодлогын баримт бичгүүд, хууль эрхзүйн актуудыг шинэчлэх ажлыг эхлүүлэв. 10 жилийн өмнөх үнэ хөлсөөр ажиллаж байсан хувийн аудитын компаниудын ажлын хөлсийг дөрөв дахин нэмүүлэв. Аудитаар дамжуулан ард түмний төр барих, хянах эрхийг хэрэгжүүлэх иргэний зөвлөлүүдийг байгуулав. Монгол Улсын мэргэжлийн лавлахад ороогүй байсан аудитор гэх мэргэжлийг төрөлжүүлж, зэрэг дэвтэй болгов. Энэ бүх ажлын эцсийг үзэх ёстой, үргэлжлүүлэх хэрэгтэй гэж тэр аудитын хамт олондоо манай сониноор дамжуулан уламжилсан.

 

ШАЛТАГ НЬ ЖДҮ, ШАЛТГААН НЬ....

 

Түүнийг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлснөөс хойш хэвлэлд тодорхой мэдээлэл төдийлөн гараагүй юм. Тиймээс энэ талаар болон Төрийн аудитын бодлогын талаар ярилцлага хэлбэрээр үргэлжлүүлэн хүргэж байна.

 

-Та Монгол Улсын Ерөнхий аудитораар нэг жил гурван сар ажилласан юм билээ. Яагаад таныг энэ албан тушаалаас холдуулсан гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд тодорхой дүгнэлтүүдийг хийсэн байх?

-Би өөрөө эргэж бодоод их гайхсан. Жил гуравхан сар л ажилласан байна лээ. Их богинохон хугацаа л даа. Олон ажил амжуулж, хийж, эхлүүлсэн байна. Энэ нь зарим нэг хүмүүст таалагдаагүй. Ганц нэг жишээ хэлэхэд хамгийн сүүлд аудитын сэдэв хэлэлцэх байнгын хорооны хурал дээр Ашигт малтмалын тухай хуульд аудит хийнэ гэж оруулсан байсан. Өнөөдрийн уул уурхайн маргаан бол хуультай нь холбоотой. Тиймээс цоорхой хуулиа өөрчилье. Аудит хийе, бурууг нь засаад өөрчлөлт оруулъя гэж энэ сэдвийг оруулсан. Миний буруу хэлсэн нэг үг юу байгаа гэхээр “Монголд ашиггүй ийм алдаатай хуулийг хэн хийснийг нэртэй устай нь гаргаад өгнө” гэж байнгын хорооны хурал дээр хэлсэн. Энэ үг бол намайг холдуулах шалтгаануудын зөвхөн нэг нь.

Ажиллах богино хугацаандаа бид дандаа бодлогын томоохон аудитуудыг хийсэн. Монгол Улсад нүүрлэсэн том асуудлуудыг системтэйгээр гаргаж ирж байсан юм. Бид Оюутолгой руу хүчтэй орж шалгаж эхэлсэн нь бас нэг шалтгаан болсон. Хамгийн ээдрээтэй хэсэг рүү нь өөрөөр хэлбэл Дубайн гэрээг нь бариад авсан байхгүй юу. Үнэхээр анхнаасаа хөрөнгө оруулалт нь бүрэн орсон юм уу, ТЭЗҮ нь зөв хийгдсэн юм уу гээд мөрөөр нь хөөгөөд ирэнгүүт хүчээр холдуулж байгаа юм. Дубайн гэрээ дээр гэхэд хэсэгчлэн хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтүүдийг нь гаргаад өгчихсөн. Засгийн газар дүгнэлтийн дагуу ажиллаж байгаа гэж итгэж байна.

Үргэлжлүүлээд Оюутолгойн гэрээнд аудит хийх ёстой байсан. Энэ ордыг жинхэнэ эзэд нь авах боломж байсан.   Хэн ч мэдэхгүй, үндэслэл муутай татвар дээр маргалдаад суугаад байх хэрэггүй. Эхнээс нь үндсээс нь эхлээд явж байсан. Гэх мэтчилэн бид стратегийн бүх ордуудыг шалгаж өгсөн. “ГОК”, “Ачит ихт” гээд одоо П.Цагаан, Ц.Элбэгдорж нарын холбогдоод байгаа асуудлуудыг манай аудитаар гаргаж өгсөн юм. АСЕМ, Цэвэр агаар сан гээд төсвийн 400 орчим тэрбум төгрөгийн зөрчилтэй асар их хөрөнгийг үргүй зарцуулсан ажлуудыг илчилсэн. Хөгжлийн банк, Монголбанк, МИК гээд санхүүгийн бүх сүлжээг аудитаар гаргаад ирсэн. Монгол Улс өнөөдөр банкны хүүгээр ард иргэдээ мөлжиж байна. Монголбанкны тухай хууль, Арилжааны банкны тухай хуулиуддаа аудит хийж өөрчилье гэж дуугарсан. Улсын, ард түмний хөрөнгийг хулгай хийн тэрбумтан болж, банканд мөнгө байршуулаад түүнийгээ ард түмэнд өндөр хүүтэйгээр зээлүүлж, хүүлж амьдарч байгаа нь үнэн. Энэ шударга ёс уу. “Алт” хөтөлбөрөөс гэхэд хоёр тонн орчим алт хулгайд алдагдсаныг тогтоосон шүү дээ. АМНАТ-ийн хэрүүл хийж байхаар хулгайгаа багасгая гэсэн дүгнэлт гаргасан. Халдварт өвчинтэй холбоотой хилийн хориг тавигдаж өнөөх хулгай алтаа хилээр гаргах боломжгүй болоод ирэхээр алт тушаалт ямар их өсөж байгааг бид харж байгаа. Улаанбаатар хотын газар олголтын 90 хувийн зөвшөөрөл зөрчилтэй олгосон байна. Газрын төлбөр 70-80 тэрбумаар төлөгдөөгүй зөрчил илэрсэн. Сум хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сангаас 60, 60 тэрбумаараа зөрчлүүд илэрсэн.  Энэ бүхнийг хийсний хүчинд Монгол Улсын төсөв алдагдалгүй гарч орлого нэмэгдсэн. Зөвхөн Засгийн газар биш бүх аймаг сумдад манай аудиторууд ажиллаж цэгцэлж чадсан. Төсвийн цоорхой үрэлгэн зардлуудыг хянаж, сайжруулж чадсан. Дараа нь нийгмийн салбар луу орох гэж байлаа. Эрүүл мэнд, даатгал, халамж, боловсролын тогтолцоогоо хянах, дүгнэх гээд. Тэр байтугай үндэсний аюулгүй байдлын аудитыг хийх гээд төлөвлөөд байсан. Ингээд шалгаад ирэхээр Хүрэлбаатар гэдэг хүнийг зайлуулах хэрэгтэй боллоо л доо. ЖДҮ гэдэг жижигхэн юмаар шалтагласан. Тэр шалтагласан зүйл дээр нь миний гэм буруу өчүүхэн ч байхгүй. Эхнэрийн маань 14 жил тасралтгүй эрхэлж ирсэн оёдлын компани ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн бүх шаардлагыг нь хангаад, барьцаа хөрөнгөө байршуулаад зээлээ аваад зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Яагаад тэр компани авч болдоггүй юм. Ажлын байраа нэмээд зориулалтын дагуу ашиглаад л явж байна шүү дээ. Монгол Улсын ямар нэгэн хуульд Ерөнхий аудитын эхнэрийн компани ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч болохгүй гэсэн байсан бол авахгүй л байсан шүү дээ.

-Та яагаад ажлаа түдгэлзүүлэх хүсэлт өгсөн юм бэ?

-Ерөнхий аудитор ЖДҮ-тэй холбогдсон байна аа гээд хардаж болно. Би хэдэн юм бодсон. Нэгдүгээрт, нэгэнт нийгэмд ийм мэдээлэл тарсан байхад ингээд байгаад байх нь зохимжгүй. Хоёрдугаарт, Их хурлын дарга ажлаа өгөх нь зүйтэй гэж хэлсэн. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхий аудитор өөрөө нэр цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Аудитын байгууллагын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор ЖДҮ-тэй холбогдсон гэх буруу мэдээлэл нийгэмд явж буй тохиолдолд төрийн аудитын байгууллагын аудитор аудит хийхэд хүндрэл гарч болзошгүй. Тиймээс хүндэтгээд эхний ээлжинд нэрээ цэвэрлэе шалгуулъя гээд шалгах боломжийг нь хууль хүчний байгууллагад олгох үүднээс  бүрэн эрхээ түдгэлзүүлэх, шалгуулах тухай өргөдлөө өөрөө өгсөн. Түр хугацаанд түдгэлзэж байж хууль хяналтын байгууллага нь шалгах боломжтой болно. Ингээд шалгаад тэр компани нь хуулийн дагуу ЖДҮ-ийн сангаас зээл авсан юм байна, Хүрэлбаатар ч нөлөөлөөгүй юм байна гэсэн дүгнэлт нь гарсан. Ингээд  эргээд ажилдаа оръё гэтэл шийдэхгүй байсаар байгаад МАН-ын бүлэг дээр өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн мэтээр худал танилцуулж, төсвийн байнгын хороон дээр төрийн ажил гацаад хэцүү байна гэж ярьсаар УИХ-ын чуулганаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл хуулиар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх хоёрхон үндэслэл байдаг. Өөрийн хүсэлт, өвчний шалтгаанаар, нөгөөх нь шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болдог. Гэтэл аль нь ч байхгүй байхад УИХ-ын зарим нэг хэсэг гишүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс болоод Ерөнхий аудиторыг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр хууль бусаар чөлөөлсөн. Гэхдээ би энэ асуудлыг захиргааны шүүхэд өгч байгаа. Удахгүй шүүхийн шийдвэр гарах байх. Би шүүхийн шийдвэр шударга гарна гэж бодож байна. Ойлгомжтой зүйл дээр улстөржсөн шийдвэр гаргахгүй байх гэж итгэж байгаа.

-Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал ямар хэмжээнд байгаа нь харагдсан гэж ойлгож байгаа?

-Монгол Улсын Ерөнхий аудитор гэдэг өөрөө маш том субъект. Үндсэн хуулиар  баталгаажуулж өгөхгүй бол жижигхэн шалтгаанаар зайлуулж чадаж байна. Энэ байгууллагын дархлаа, хараат бус байдал, аюулгүй байдлыг хангаж өгөхгүй бол болохгүй нь. Ингээд байвал яаж ард түмний засаглал тогтох вэ. Яаж энэ улс хөгжих вэ. Аудитын байгууллага бол ард түмний төрд тавих хяналт шүү дээ. Засгийн эрх ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан. Арга зам нь юу вэ гэдгээс ярья. Ард түмэн төлөөллийн байгууллага буюу төлөөллөөрөө дамжуулж засгийн эрх барих эрхийг эдэлнэ гээд заачихсан. Сонгууль явуулаад УИХ-ын гишүүдийг сонгож байна. Засаглалын эрх хуваах онолоор гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглал гэх гурван субъект байдаг. Эхний хоёр засаглал дээр ард түмэн оролцож чадахгүй. Харин сонгоод явуулсан УИХ-ын гишүүдээ ажлаа хийж байна уу үгүй юу гэдгийг шалгах замаар хууль тогтоох засаглалд оролцох ёстой. Тэгвэл хэн шалгах вэ. УИХ-ыг шалгах нэг ч байгууллага Монголд байхгүй. Гишүүнийг биш шүү УИХ-ыг шалгах тухай ярьж байна. Тэгэхээр ард түмний засаглал хаана байна вэ. Байхгүй учраас гишүүд дураараа загнадаг, хуулийн цоорхойг ашиглан ашиг сонирхлын зөрчилтэй хууль санаачлан баталдаг, төсвийн хөрөнгө оруулалтыг цөлмөдөг, мөнгө угаадаг, буруу хууль гаргачхаад хариуцлага хүлээдэггүй. Түүнийг нь хэн ч тогтоож шалгаж чаддаггүй. Энэ ажлыг аудит ард түмний өмнөөс хийх ёстой юм. Гэтэл өнөөдрийн хуулийн хүрээнд орох боломжгүй байна. Төсөв санхүүгийн хүрээнд аудит хийж байгаа ч тэр хөрөнгийг зарцуулах үндсэн суурь нь болсон хуулиуд, бодлогын баримт бичгүүд дээр аудит хийх ёстой шүү дээ. УИХ-ын  бүрэн эрхэнд халдах гээд байгаа юм биш. Аудит хийгээд алдаатай зүйлийг нь засч залруулаад зөвлөмжөө өгдөг байх ёстой. Тэрнээс биш аудит нь тараадаг, огцруулдаг байгууллага болох гээгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй цоорхой хууль санаачилсан гишүүнийг хуулийн байгууллагад өгч байх ёстой. Аудит ороод шалгадаг болвол гишүүдэд хариуцлага тооцдог болно. Ингэснээр УИХ-ын гишүүд хариуцлагатай болно шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудал уг нь орсон. Гэтэл яг батлахдаа төсвийн хяналт тавьдаг байгууллага байна гэсэн мөртлөө миний яриад байгаа бодлогын алдаа, хуулиуд дээр орох ямар ч эрх нээж өгсөнгүй. Энэ бол их том ашиг сонирхлын зөрчил болсон.

-Төсөв, санхүүгийн үйл ажиллагаагаар хууль, бодлогын алдааг илрүүлэхэд учир дутагдалтай гэсэн үг үү?

-Төсөв бол батлагдсан хууль, төслөөс л гарч байгаа. Тэгвэл тэр батлагдсан ажил нь зөв юм уу буруу юм уу гэдгийг хэн мэдэж байгаа юм бэ. Үр ашигтай эсэхийг нь хэн ч мэдэхгүй. Бодлого нь алдаатай эсэхийг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл алдаатай цоорхойтой хуулийн хариуцлагыг хэн ч хүлээхгүй байна. Тэгээд Ашигт малтмалын хууль, Монгол банк, арилжааны банкны тухай хуулиудад аудит хийе уг үндсээр нь шалгая гээд эхлэнгүүт Ерөнхий аудитораа явуулчхаж байгаа юм. УИХ-ын гишүүд чинь тэнд бодлогоор нь тоглолт хийгээд завшаад байна, улс орныг маань худалдаад байна.

Би өнөөдрийг хүртэл төрийн захиргааны доод нэгжээс эхлээд бүх шатанд нь ажиллаж үзлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор гэж нэг л субьект байдаг. Дөрөв дэх нь би. Монгол Улсыг дээрээс нь бүрэн харлаа. Зөвхөн санхүү, эдийн засаг биш  нийгмийн тогтолцоо, шударга ёс, мөнгө, санхүүгийн эргэлт, үйл ажиллагаа, улс төр, геополитик, үндэсний аюулгүй байдал гээд бүгдийг харсан ойлгосон. Өнөөдөр Монгол Улсад маш том өөрчлөлтүүдийг хийх ёстой юм байна. Намууд улс төрчид ард түмний засаглал гээд л яриад байна. Уг нь Үндсэн хуулинд нь маш тодорхой байгаа шүү дээ. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүрдүүлнэ гээд заагаад өгчихсөн. Үндсэн хуулийг анх гардаж хийсэн хүмүүс үнэхээр сайн хийсэн юм билээ. Хүмүүнлэг гэдэг нь ерөөсөө хүн төвтэй бодлого гэсэн үг. Гэтэл сүүлийн 30 жил бид хүмүүнлэг иргэний ардчилсан биш зөвхөн ардчилсан гэдгийг нь яриад яваад байна. Энэ алдаанаас болоод ардчилал нь буруу анархизм руу орж байна дарангуйлал руу бүр. Ард түмний засаглалыг хааж боож байна.

-Монгол Улсын Ерөнхий аудитораар ажиллаж байх хугацаанд тань танд тодорхой хэмжээнд айдас байсан уу?

-Ах нь бага наснаасаа хагас өнчин өссөн, эр зориг суусан. Үеийнхээ хүүх­дүүд байтугай хул­гайч, атамануудаас ч айж байгаагүй, одоо ч айдаггүй. Тиймээс надад айдас бай­гаа­гүй. Одоо ч алга. Өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй байхад юунаас ч айдаггүй юм. Миний яриа, ам бага зэрэг сул болсныг анзаарч байна уу. Би энэ тухай өмнө нь хэнд ч ярьж байсангүй. Надад юм уулгасан.

-Юу гэсэн үг вэ. Юу уулгасан гэж?

-2018 оны шинэ жилийн цэнгүүн дээр хамт олон маань урьсан юм.  Ажлаа бас бүрэн өгчхөөгүй түдгэлзсэн байсан учраас татгалзаагүй очсон. Би угаасаа архи дарс уугаад байдаггүй. Баярын үг хэлэх болоод үйлчлэгч хундагласан архи поднос дээр тавиад авчирч өгсөн. Үгээ хэлчхээд хундагатай архийг уусан. Сонин ус шиг амттай архи байсан. Тухайн үедээ ямар сонин юм бэ гэж бодчихоод үгээ хэлээд л буусан. Хоёр хоногийн дараа халуурч, амьсгаа авч чадахаа больсон. Бүр босч чадахгүй болсон. Он дөнгөж гараад ажил цуглангуут эмнэлэгт хандсан. Маш цөөн тохиолддог уушгины завсрын эдийн хатгаа гэсэн. Тэр үедээ би сонин архи ууснаа мартсан байсан л даа. Уг нь болгоомжлоод л явдаг байсан юм. Маш том, аюултай ашиг сонирхлын зөрчилтэй зүйлс рүү орж байсан учраас. Гэхдээ ажиллахгүй байгаа болохоор нэг их тоогоогүй л дээ. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар маш сайн эмчилж намайг босгож ирсэн. Хамгийн гол нь мэргэжлийн эмч нар хатгааны ямар ч өдөөгч байхгүй байна гэсэн. Ямар нэг шалтгаан, нян, бактери, вирус заавал байх ёстой юм байна. Тэр үед нөгөө архийг гэнэт санасан. Хорын шинжилгээ өгөхөд юу ч илрээгүй. Лабораторийнхан орчин үеийн хор үйлчлээд л гараад явчихдаг, биенд үлдэхээ больсон гэж хэлсэн. Маш эрсдэлтэй. Гэхдээ бид нотолж чадахгүй гэсэн. Тэгээд арай гайгүй болонгуут нь Солонгост очоод эмчлүүлсэн. Миний уушгийн рентгений зургийг хараад солонгос зөвлөх эмч ийм уушгитай хүн амьд явж байгаа нь гайхамшиг юм гэж байсан.

-Одоо таны бие гайгүй юу?

-Зүгээр. Эмчилгээгээ сайн хийлгэсэн. Намайг ийм асуудалтай эмнэлгээр явж байх хооронд чөлөөлчихөж байгаа юм.  Хүнийг ажлыг нь хийлгэхгүй түдгэлзүүлчихээд ажил нь явахгүй байна гээд чөлөөлнө гэдэг ер нь юу гэсэн үг вэ. Цаг үе ийм л болчихоод байна. Үхэх цаг нь болоогүй бол үхэхгүй л дээ. Одоо надад алдаад байх юм байхгүй. Айх юм байхгүй. Ерөнхий аудитор байхдаа ч айдаггүй байсан. Би ажил хийх гэж очсон болохоос албан тушаалын боол болох гэж  очоогүй. Аудиторуудынхаа хийгээд ирсэн ажлаас өчүүхнийг ч баллуурдаж үзээгүй.

-Асуудал ид яригдаж байхад ханьд тань хэцүү байсан болов уу. Эхнэрийнх нь компани гэж яригдаад л эхэлсэн?

-Өөрийнх нь хувьд хүнд байсан. Зээл авсанаасаа болоод нөхөр нь асуудалд орлоо гээд ямар сайн байх вэ дээ. Өөрөө ч зээлийг нь бушуухан буцаагаад төлчихье гэсэн. Би зөвшөөрөөгүй юм. Хуулийн дагуу хугацаагаараа л төл гэж хэлсэн. Хуулийн дагуу авчихаад өмнө нь төлөхөөр харин ч гэм буруутай юм шиг болно. Компанийнхаа ажилчдын төлөө эрх ашгийн үүднээс шаардлагыг нь хангаад авчихсан байж ажлаа л хий, битгий эмзэглэ. Чи намайг хүнд байдалд оруулсан гэж бодох хэрэггүй. Энэ бол улс төр. Би өөрөө үүрээд гарна. Тэртэй тэргүй ард түмэн ойлгоно. Цаг хугацаа харуулна. Тэглээ ч буцааж яарч төллөө гээд энэ үүссэн нөхцөл байдал арилахгүй нэгэнт өнгөрсөн гэж хэлсэн. Сэтгэл санаа, нэр төрд халдах өчнөөн олон дарамт ирсэн, нуухгүй. Гэхдээ би төр, түмний төлөө зүтгэж байгаа хүн. Би өөрийгөө улс төрч гэх дургүй, төрийн түшээ хүн байхыг хичээн зүтгэж явна. Улс төрч бол дөрвөн жилээр л амьдардаг хүнийг хэлдэг. Үр нь үлддэг хорвоо юм шүү гэдгийг бүгд санаж явмаар санагддаг даа.

-За танд ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

Тэрээр ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ мэдлэг боловсролдоо анхаарч байнга дээшлүүлэн суралцсаар ирсэн.

•1980-1986 онд ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг Барилгын төлөвлөлтийн инженер, эдийн засагч,

•1990-1993 онд Удирдлагын хөгжлийн институтэд Удирдах ухааны магистр,

•1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд Эрх зүйч, хуульч мэргэжлээр тус тус суралцан төгссөн.

Одоо МУИС-ийн Гадаад харилцаа, нийтийн удирдлагын их сургуулийн докторантурт суралцаж байна.

МАСЗХ-ны 10 жилийн ойн үеэр Төв аймгийн төлөөлөгчдийн хамт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.27  ДАВАА № 82 (6307)