С.УЯНГА

 

Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Т.Пүрэвхатантай ярилцлаа.

 

-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу. Эмэгтэйчүүдийн байгуул­лагатай хэрхэн холбогдож байв?

-Би өнгөрсөн хугацаанд төрийн албанд ажиллаж ирсэн. 2002-2008 онд  Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, 2008-2012 онд  Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, 2012-2014 онд  Нийслэлийн Өмчийн Харилцааны газар, 2014-2015 онд  Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн, 2015-2017 онд  Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга, 2017 оноос Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр ажиллаж байна.

 Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нийгмийн шударга ёсны төлөө, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамгийн идэвхитэй тэмцэгч, ард түмний дуу хоолой нь болж ирсэн.

-Орчин үеийн чадвар­лаг ажилтанд тавигддаг шал­гуур бол ажлын гүй­цэт­гэл. Та хувийн зохион байгуулалт төлөвлөлтөө хэрхэн хийдэг вэ? 

-Цаг хурд бол амьдралын хэмнэл учраас маш нарийн төлөвлөлт хийдэг. Тэр ч утгаараа ажлын гүйцэтгэл өндөр хувьтай шүү. Миний амьдралын хэмнэл хувийн компанийн ажил, намын ажил гээд нэлээд завгүй өнгөрдөг. Өнгөрсөн хугацаанд манай Ардчилсан  Эмэгтэйчүүдийн Холбоо хүчирхийллийн эсрэг нийгмийг төр засгийг хандуулах үүднээс үнэхээр чармайлттай ажиллалаа. Тэр ч утгаараа нийгэмд хүрсэн олон арга хэмжээнүүдийг ажлын хэсгийнхээ эмэгтэйчүүдтэй хамтран хийсэн. Зарим үед багаа удирдаж эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор хүчирхийллийн эсрэг хурлыг  амжилттай зохион байгуулж чадлаа. Энэхүү ажлууд нь нийгэмд тодорхой хэмжээний дохио өгсөн, үр дүнтэй ажлууд  болсон гэж үзэж байна.

-Хүүхэд эмэгтэйчүү­дийн хүчирхийлэл нийг­мийн хамгийн эмзэг сэдэв гэдэгтэй санал нийлэх байх. Таны бодлоор зөв хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Хамгийн эмзэглэдэг асуудал бол нийгмийн ядуурал. Баян хоосны ялгаа юм. Бид ажилтай орлоготой монгол хүнийг дээдэлсэн сайхан нийгмийг байгуулахыг зорьж байна. Зөв хүн гэж миний хувьд эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг, ээж ааваа хайрладаг, багшийгаа хүндэлдэг хүнийг л хэлнэ. Хэтэрхий холыг мөрөөдөж “том” ярих хэрэггүй. Аав, ээжээ хүндэлдэг хүн хэзээ ч буруу зүйл хийдэггүй. Мөн эрдэм сургасан багшийг хүндэлдэг хүн хэзээ ч ухаангүй зам руу орохгүй. Эх орноо хайрладаг хүн аливааг хайрлаж, муу муухай зүйлийг хийхгүй  гэж боддог доо.

-Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр дөрвөн жил гаруй хугацаанд ажилласан. Зөвхөн хот гэлтгүй орон нутгийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Хэнтий бол хүн ам, мал сүргийн тоогоор улсдаа дээгүүр ордог аймгийн нэг. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 344.6 сая төгрөг. Үүний талаас илүү хувийг хөдөө аж ахуй , 10 гаруй хувийг аж үйлдвэр, 27.7 хувийг үйлчилгээний салбар эзэлж байна. Тиймээс ноос ноолуур, сүү, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,  малын түүхий эд дайвар бүтээгдэхүүний  үйлдвэрийг бодлогын хэмжээнд бүсчлэн барьж байгуулах шаардлагатай байна.

Мөн манай аймаг 73 мянга гаруй  хүн амтай. Зүүн тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг учраас хотоос тийм ч хол биш учраас  хөгжин дэвших бүрэн боломжтой. Хэнтий нутагт түүх археологийн ач холбогдол бүхий 800 гаруй булш бунхан болон Ихсийн хориг, Бурхан Халдун уул, Балдан Бэрээвэн хийд,   Дэлүүн болдог,  Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Аварга тосон, Өглөгчийн хэрэм,  Рашаан хад, Дуурлиг нарсны Хүннүгийн булш зэрэг түүх соёлын олон дурсгалт газрууд байдаг. Эзэн Чингисийн төрсөн нутаг Их Хатадын өлгий нутаг гэдэг утгаараа маш олон түүх домгийн дурсгалт зүйлстэй зэрэг давуу тал нь аялал жуулчлал хөгжих үндэс суурь нь  юм.

Төвийн эрчим хүчний системд бүрэн холбогдсон, байгалийн тохиромжтой бүс нутаг тул мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой. Хэнтий аймагт  орчин үеийн барилга байшин,  шинэ хорооллууд баригдаж байгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуучлал хөгжиж, байгалын баялагаа ашиглаж гадаад худалдаанд нэлээдгүй байр суурь эзлэн хөгжиж байгаа аймгуудын нэг болсон. Чадах чинээгээрээ аймаг орноо хөгжүүлэхэд гар бие оролцож, үйлчилгээний болон үйлдвэрлэл, гадаад дотоодын аялал жуулчлалын салбараа хөгжүүлж байгаа хөдөлмөрч ард түмэн. Хэнтийн брэнд болоод байгаа буриад талх цөцгий, модон эдлэл, уран дарханы нарийн хийц бүхий гар урлал нь, Галшарын улаан ямаа гээд манай аймгийн бахархал болсон олон зүйлийг дурдаж болно. Аймаг болгонд давуу тал, хөгжлийн гарцууд бий. Хөгжил гэхээр хүн бүр л газар зүйн байрлал, байгалын баялгийг хэрхэн зөв үр дүнтэй ашиглах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нэг хэв маягийн боломжуудыг эрэлхийлдэг. Гэтэл энэ цаг үед хүний хүчин зүйлийн шийдлүүдийг яримаар байна.

-Нэг хэвийн бус өөр боломжуудыг эрэлхийлсэн хөгжлийн шийдэл гэвэл юу байх вэ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Бидэнд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх зүйл бол, салбар бүрт шийдэл хүлээж байгаа асуудлуудыг шийдэх үндсэн зарчим буюу ложистикийг бий болгох нь чухал юм. Үйлдвэрлэгч хэрэглэгч нарыг хоорондын холбоо үнэхээр үгүйлэгдэж байна.  Улаанбаатарын зочид буудлууд, Тэрэлжийн жуулчлалын кемпүүдийн ирэх оны захиалга нь аль эрт арваннэгдүгээр сард дуусчихдаг. Энэ нь тур операторууд сайн ажиллаж, гадаад дотоодын агентуудтайгаа харьцаатай байна гэсэн үг.  Гэтэл  Хэнтий аймгийн аялал жуулчлалыг сонирхож үзэхэд гадаад дотоодын тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг тур операторуудтай гэрээ хийн ажиллаж байгаа нь хэд байгаа билээ. Улаанбаатар бусад хот суурингуудад хэнтий нутгийн брэнд болсон буриад талх, шинэ цөцгийгээр тогтмол үйлчилдэг ресторан зоогийн газар, дэлгүүр алга.  Бид энэ талын ложистикийг түлхүү хөгжүүлэхэд анхаарах цаг нь болсон. Дан ганц Хэнтий гэхгүй Монгол Улсын хөгжлийн гаргалгаа бол хүний хөгжил.  Дэлхийн улс орнууд хөгжихдөө бидний яриад байгаа шиг улсын төсөвтөө суулгаад, эсвэл олон улсын банк санхүүгийн байгууллагуудын туслалцааг аваад хөгжлийн тодорхой загварыг батлаад хөгжиж ирсэн түүх байхгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй олон зуун жилийн хөгжлийн уламжлалтай Англи Америкийг ярихаа болъё. Ази тивд байгаа Өмнөд Солонгос, Сингапур, сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа  Ветьнам зэрэг улсуудын хөгжлийг харъя л даа. Эдгээр улсууд бол 60, 70 жилийн магадгүй 20, 30 жилийн эрчимтэй хөгжсөн түүхтэй.  Эдгээр улс орнууд хөгжихдөө тэргүүн эгнээнд хүнээ л хөгжүүлсэн. Хоёрдугаарт, дэг журмыг чандлан сахисан. Мэдээж хүний хөгжил боловсон хүчний асуудлыг тэр үед өндөр хөгжилтэй гадаад орнуудад бэлтгэж эхэлсэн. Тэд эх орондоо хэрэгтэй шинэ дэвшилтэт технологийг олж мэдээд, эх орондоо нутагшуулсан. Одоо цагт Монгол  залуус мэдлэг боловсролоороо хэний ч доор орохооргүй болсон байна. Одоогоос 30 жилийн өмнө  долоон дээд сургуультай 16000 оюутантай байсан бол өнөөдөр 150 орчим дээд сургуультай, гадаадад сурч байгаагаа оролцуулаад 200000 орчим оюутантай болсон байна. Монголын ирээдүйг өнөөдрөөс ямагт илүү байна гэдэгт итгэдэг. Хүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ бас нэг чухал хүчин зүйл нь дэг журам. Бүх шатандаа, төрийн болон хувийн секторт ч ажлын байрны  дэг журам хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, дэг журам сахилга батаа дээшлүүлж байж хөгжих болно.

-Нөгөө талаас орон нутгийн хөгжилд тээг саад болж байгаа хүчин зүйлс ч их байх?

-Орон нутгийн хөгжилд тээг саад болж буй хүчин зүйлийг нэрлэж шүүмжлэхээс илүү энэ сайхан нутаг усанд төрж өссөн хүний хувьд нутгийнхаа өдрөөс өдөрт хөгжиж байгаа нийгмийн төлөө, төр нийгэмдээ зүтгэж үйлдвэрлэл эрхэлж буй үеийн залуусаараа бахархаж, бас эх орондоо улс нийгэмдээ бага боловч тус дэм болохыг хичээдэг. Мэдээж залуу хүнийхээ хувьд бодож санаж явдаг зүйлс бий. Орон нутагт тулгамдаж байгаа асуудал нь ядуурал, ажлын байрны хомсдол гээд олон зүйлийг тоочиж болно. Төрийн бодлого дутмаг байгааг харуулсан тоо баримт ч хангалттай нэрлэж болно. Гэхдээ нэн түрүүнд төрөөс хараат,  төр л хийнэ гэдэг бэлэнчлэх үзлээсээ салах хэрэгтэй. Төр харин саад болохгүй дэмжих л үүрэгтэй. Жишээлбэл, Карибын тэнгист байдаг нэг арлын зүүн хэсэгт Бүгд найрамдах Доминикан улс баруун хэсэгт Гайти улс байдаг. Энэ хоёр улс хоёулаа засаглалын хэлбэр, хүн амаараа ижилхэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь Гайти нь 12 миллиард  ам доллар байхад, Доминикан улс 146 миллиард ам доллар байна. Нэг нь төр засгаасаа халамж, дэмжлэг нэхсээр байгаад төр засгаа буруутгасаар ядуурч, нөгөө нь төр засагтай эсэхээ мартатлаа хөдөлмөрлөсөөр хөгжсөн. Ялгаа нь ердөө л энэ.

Харин бидэнд өнөөдөр архидалт л саад болж байна. Монгол Улсын хэмжээнд архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн тоо 200 хол давсан. 18 ба түүнээс дээш насны нэг хүнд 36.4 литр архи, согтууруулах ундаа ноогдож байна. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх санхүүжилт байхгүй. Санхүүгийн эх үүсвэр гэхэд өндөр хүү, богино хугацаатай зээл олгодог банк бусууд хотод 463, хөдөө орон нутагт 75 байгаа. Нийт эргэлтийн хөрөнгө нь 318 тэрбум төгрөг байдаг. Эндээс харахад орон нутагт бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт үйлдвэрлэл эрхлэгчдэд олдвол орон нутгийн ард иргэдэд хийх ажил үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбар маш их байна. Уг нь Монголчууд санхүүгийн сахилга баттай ард түмэн шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.15  ЛХАГВА  № 73 (6298)