Б.ОЮУНЗУЛ

 

Бид энэ удаа үндэснийхээ өв уламжлал болсон морин хуур тоглодог бяцхан хөгжимчин Х.Осоргаравыг “Бүнээ, Сүнээ хоёр” булангийнхаа зочноор урьсан юм.

Морин хуур өнө эртний түүхтэй. 54 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагч Х.Осоргарав эртний өв соёл болох морин хуурыг “Хөг-Жим” сургалтын төвд Х.Өлзийсайхан багшийн удирлага дор шамдан суралцаж байгаа. Жил гаруйн хугацаанд 23 ая тоглож сурчээ. Анх морин хуур тоглож байгаа ахыгаа харснаар морин хуурч болох хүсэл мөрөөдлийнхөө гарааг эхлүүлжээ. Тэрээр морин хуур тоглож сурахад хамгийн хүндрэлтэй нь нот цээжлэх гэсэн юм. Эхэлж сурч байгаа хүн эрээлжилсэн олон зураас, дүрсийг хараад уншиж ойлгоно гэдэг хэцүү. Нотоо харж нүд болон хоёр гараа зэрэг ажиллуулахад их хичээл зүтгэл шаардсан хэмээн бяцхан морин хуурч маань ярьж байлаа. Морин хуур тоглоход тухайн хүүхэд аливаа зүйлд шамдах, сууж сурах, нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг болдог. Мөн мэндлэх хүндлэх ёсонд суралцдаг ажээ.

Х.Осоргарав “Морин хуурын хоёр чавхдасыг зүүн гараараа удирдаж хөг ая гаргадаг. Зүүн гараа өөр байрлал, нотон дээр хүргэх төдийд л хөгжим муухай дуугардаг. Гараа нэг байрлалаар удаан байлгахад чилж ядрах, шантрах тохиолдол гардаг. Тиймээс хичээл зүтгэл, олон дахин давтсан оролдлого л амжилтад хүргэдэг. Морин хуурыг анхлан суралцаж буй хүүхдүүддээ хандаж хэлэхэд шантрах гэдэг зүйл үнэхээр хортой. Сайхан аялгуу эгшиглүүлж, хүний сэтгэлд цутган орох тийм л агуу зүйлийг хөгжимчин хүн өөрийн тэсвэр тэвчээрээр сонсогч үзэгчдэд хүргэдэг. Аливаа юманд хатуужил, тэсвэр цогцолж байж л хүний сэтгэлд хүрдэг” гэж байв.

Түүний хувьд анх “Дөрвөн уул” хэмээх аяыг тоглож сурчээ. Сургалтад сууж ая тоглож сурахаас гадна өөрөө бие даан Youtube-ээс ая тоглож сурдаг байна. Тоглоход хамгийн хэцүү ая  бол “Үүлэн  бор” гэсэн. Түүний хүндэлдэг морин хуурч нь багш Х.Өлзийсайхан болон Д.Шинэцог нар. Мөн багшаараа бахархдаг гэсэн юм. Тэрээр ирээдүйд багш шигээ сайн морин хуурч, олон сайн шавьтай болохыг хүсдэг гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.14  МЯГМАР  № 72 (6297)