А.ДОРЖХАНД

Төв аймгийн музейн үзмэрүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар 18-19 дугаар зууны үед хийгдсэн хувинг танилцуулж байна. Энэ хувингийн хийц нь маш чамин бөгөөд гуулин сэнжтэй мөн дөрвөн гуулин бүслүүртэй ба бүслүүр тус бүрийн дунд нь найман ширхэг хээг хөөмөлдөн хийж гагнасан байх юм.Харин хамгийн дээд талд нь Хан төрийн долоон эрдэнийг урлаж доор нь шашны дуун эгшигийн дөрвөн бэлэгдэлтэй хамтатган найм болгосон байна. Хувингийн дунд хэсэг нь найман тахил түүний доод талд нь самар, дун, цэцэг, зэрэг найман төрлийн зүйлсийг хөөмөлдөн чимэглэсэн байх аж. Хоёр талын хос бариулын суурийг цэцэг маягаар шармалдан хийсэн байх ба хоёр гуулин сэнжнээс 3.5 см голчтой 4 мм зузаан гуулин гогцоог тус бүр 2:2 гуулин гарж хийжээ. Тагны хэсэг нь мөн л сонирхол татахаар ба хаан бугуйвч, хатан бугуйвч, мөн зоосны хээг хосоор цоолбордож тагны бариулыг цэцэг хэлбэрээр ойр ойрхон хөөмөлджээ. Уг хувингийн өндөр нь 40.5 см амсрын голч нь 32 см жин нь 7830 гр юм.Энэхүү ховор дурсгалыг 1991 онд орон нутгийн музей сан хөмрөгтөө авчээ.

Эх сурвалж: www.polit.mn