Хархориныг хөгжлийн хоёр дахь төвөөр зарлалаа

0
хуваалцах
151
үзсэн

С.УЯНГА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2020.04.10) “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн есөн зорилгыг тодорхойлсон. Урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн” гэв. Гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хархориныг хөгжлийн хоёр дахь төв гэж зарлаж байгаа нь зөв. Энийг дагасан техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтыг одооноос эхлүүлэх хэрэгтэй” гэв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдээн “Бүсчлэл бизнес эдийн засгийн жам ёсны урсгалаа дагаж хийгддэг юм байна. Өмнөговьд Монгол Улсын уул уурхай, палентологийн таталцлын орон зай байна. Баруун бүс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа түүнийг цааш экспортлох боломж байна. Энэ маргаантай асуудал учраас бид хэрвээ гэж авч үзсэн. Улаанбаатар хоттой дүйцэхүйц газар бол Хархорин. Агаарын орон зай, усны нөөц, талбай гээд тэнд байна. Улаанбаатар хот 3.6 сая хүн амтай байх потенциал бий. Цааш Дархан, Эрдэнэт чиглэл рүү сунаж хөгжих боломж байна гэж үзсэн. Эрдэмтэн судлаачид цаашид УИХ-ын сонгуулийг бүсчилсэн хөгжлөөр явуулж байж амжилтад хүрнэ гэж ярьсан” гэв.

Ажлын хэсгээс С.Дулам “Үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг онцгой үүрэгтэй. Nation state байгуулах тухай ярьж буй үед үндэсний нэгдмэл үнэт зүйлгүйгээр хоосон баримт бичиг болох юм. Есөн үндсэн зорилгын нэгдүгээрт томъёолсон. Энд өгүүлснээр, үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдгийг бид ямар нэгэн хоосон төсөөлөл, хий бодол, сэтгэл хөдлөлөөр биш, орчин үеийн шинжлэх ухааны баримттай бий болгож итгэл үнэмшилтэй болгох шаардлагатай юм. Монголчуудын дунд монгол хэл, түүх, соёлынхоо талаар янз бүрийн бодол уралдуулж явдаг. Энэ бүхэн нь шинжлэх ухааны хөдлөшгүй баримт дээр үндэслэгдэж явах ёстой” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn