Улсын Дээд шүүх Б.Хурц нарын гомдлыг хангаж, шийдвэрлэсэнгүй

0
хуваалцах
162
үзсэн

Т.САЙХАН

Б.Содномдаржаа,  Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүний буруутган  хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны аравдугаар сард болж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан билээ.

Хамгийн сүүлчийн мэдээллээр  энэхүү шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг.  Тэд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзжээ. Хэргийг шүүхийн шатанд биш мөрдөн байцаалтад буцаах ёстой” хэмээн гомдол гаргасан байна. 

Тэгвэл эрүүдэн шүүсэн гэх хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд яллагдагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэнгүй. 

Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байгаа юм.  Харин Б.Хурц нар хэргийг анхан шатны шүүх биш нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэж гомдол гаргаад байсан билээ. 

Эх сурвалж:www.polit.mn