Ц.МЯГМАРБАЯР

Монголын томоохон намуудын эвсэж байгуулсан  “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт  хувийн хэвшилд тулгуурлан эдийн засгийн бодлогын талаар авч хэрэгжүүлэх болон  ажилгүй иргэдээ ажлын байраар хангах талаар онцгойлон  тусгасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд  “Ажил олгогч эздийн нэгдсэн  холбоо”-ны  зүгээс “Та бидний эвсэл” -тэй хамтран ажиллах түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг өнөөдөр /04.08/ тус холбооны  байранд зохион байгуулав. Энэ үеэр гишүүдийн байр суурийг сонирхсон юм.

 С.Ганбаатар: Ажил олгогчдын төлөөлөл төрд албан ёсоор сонгогдох боломжийг эвсэл олгож байна

/ МАХН-ын дэд дарга/

- Түншлэлийн гэрээ байгуулснаар “ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-нд тулгамдаж буй асуудлыг төрд гарсан тохиолдолд  бидний зүгээс 100 хувь хэрэгжүүлэх юм. Монголын бизнес эрхлэгч, ажил олгогч нарт учирч буй бэрхшээлийг төрийн бодлого шийдвэрт тусгахаа энэ түншлэлийн гэрээнд оруулж байна.  Түүнчлэн ажил олгогч,  бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагаас  аймаг, сум,  дүүрэг, нийслэл, УИХ-ын сонгуульд   “Та бидний эвсэл”-ээс   дэвших боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч эздийн төлөөлөл албан ёсоор төрд орох боломж бий болж байна гэсэн үг. Бусад мэргэжлийн байгууллага, холбоодод ийм эрх байгаа. Ингээд “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” бидний саналыг хүндэтгэж хамтран ажиллах санаачлагыг хүлээн авсанд талархаж байна.

Г.Ганбаатар:  Улс төрийн шинэ соёлыг “ Та бидний эвсэл”-ийн зүгээс нэвтрүүлж, бид дэмжиж байна

/“Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн/

- “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” –ноос  “Та бидний эвсэл”-ээс боловсруулсан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө   эдийн засгийн бодлогын чиглэлээр туссан зорилтыг хангахад хамтарч ажиллах зорилгоор энэ түншлэлийн гэрээг байгуулж байна. Сонгуулийн дараа шинээр байгуулсан Засгийн газар олон хүнийг ажлын байраар хангах үүрэг хүлээнэ. Тиймээс бидний зүгээс дэвшүүлсэн эдийн засгийн арга хэмжээг энэ эвсэлээр дамжуулан биелүүлэх боломж байна гэж үзсэн учраас түншлэлийн гэрээг байгуулж байна. Цаашид Монгол Улсад төрд  хувийн хэвшлийн оролцоог хангаж эдийн засгийг хөгжүүлэхэд улс төрийн бүх нам, эвсэлтэй хамтарч ажиллах болно. Түүнчлэн манай бизнес эрхлэгчдийн төлөөлөл УИХ-д  дэвших квотыг тус эвсэлээс олгож байгаа нь төрийн мөнгөөр хийх ажил үйлчилгээ, тендерт манай байгууллагаас санал оруулах,   хяналт  тавих зэргээр шийдвэрт нөлөөлөх нь шударга зарчимд нийцэх боломж үүгээр бүрдэх болно.

Б.Батболд: Иргэдээ ажилтай орлоготой байлгах  нь эвслийн гол зорилго

/ МУНН-ын  дарга/

-Манай улс төрийн амьдралд шинэ соёл нэвтэрч байна. УИХ ард түмний төлөөллийг бүрдүүлж хууль тогтоодог  байгууллага. Ард түмний тодорхой хэсгийн өөрөөр хэлбэл, үйлдвэр үйлчилгээ явуулдаг гол бүтээн байгуулагчдын төлөөлөл  албан ёсоор УИХ-д нэр дэвшиж оролцох  боломж нээгдэж байгаад баяртай байна. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын тархалттай холбоотойгоор дэлхийн бусад улс эдийн засгийн бодлого өөрчлөгдөж байна. Улс бүхэн  өөрийгөө хэрхэн  улирдах уу,  ямар эдийн засгийн бодлого явуулах уу гэсэн сонголтын өмнө ирж байна. Энэ цаг үед  бидний дэвшүүлж буй нэг санал Монголбанкны бодлогын хүүг 3 хувиас доош оруулах замаар хадгаламжийн болон  зээлийн хүүг  бууруулж бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Аж үйлвэрийн IV эрин эхлээд  олон жил болж байна. Монгол Улс энэ хувьсгалд хараахан гүнзгий хөл тавьж чадаагүй байна. Бидний мөрийн хөтөлбөрийн нэг гол зорилтын нэг нь энэ хувьсгалыг  түргэн эхлүүлэх явдал. Энэ үйлсэд ажил олгогч эздийн холбоо хамтран ажиллаж хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

-Т.Баярхүү: Бид Монгол Улсын эдийн засгийн суурь тогтолцоог өөрчлөхийн  төлөө нэгдэж байна

/ МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, доктор  /

-Бидний өнөөдрийн  байгуулж буй түншлэлийн гэрээ зургаан жилийн өмнө эхлэлийг тавьж байсан ажлын үргэлжлэл. МҮХАҮТ-тай хамтран “Өргүй монгол хөтөлбөр”-ийг тэр үед эхлүүлсэн. Түүнчлэн С.Ганбаатар  МҮЭ-ийн холбооны дарга байхдаа “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-той нягт хамтран ажиллаж  гадаад валют  болох долларыг төгрөгтэй харьцах ханшийг тогтворжуулах, бодлогын хүүг буулгах замаар зээлийн хүүг буулгаж бүх бизнес эрхлэгчдэд таатай боломж олгоход сүүлийн зургаан жил хамтарсан. Түншлэлийн гэрээ байгуулсанаар бидний хэдэн жилийн өмнө эхлүүлсэн ажил  улам баталгаажиж байгаа юм.  Ирэх 20,25 жилийн Монгол Улсын эдийн засгийн тогтолцоо суурь зарчмыг өөрчлөхийн төлөө  эвсэж, нэгдсэнээр  бидний үйл хэрэг бүтнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn