Т.САЙХАН

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/04.07/ ээлжит мэдээллээ хийлээ.  Хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.  Тэрээр "Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд шинжилгээ авна.  ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Өмнөд Солонгосын "Сэжүн" компани, ЭСЯ-наас 3000, Хятад 5000 оношлуур хандивласан байгаа. Ингээд оношлуурын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан үйлчилгээгээ өргөжүүлж байна гэлээ.  Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ авч, хяналтын шинжилгээ хийж байгаа юм байна.

Түүнчлэн франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудад зориулж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчдадаа цалин дээр нь жигд хуваан урамшуулал болгож өгөхөөр тохирчээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээнд, Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, тусгаарлагдсан 182, тандалтын шугамын 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өчигдөр ХӨСҮТ-д нийт 222 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна гэсэн мэдээлэл өглөө. 

Эх сурвалж:www.polit.mn