Э.Оюунболд: Дуучдын гарын үсэгтэй цомог цуглуулдаг

0
хуваалцах
543
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Өөрийн сонирхлыг хобби болгон хөгжүүлж яваа Э.Оюунболд дөрвөн төрлийн цуглуулгатай. Тэрээр тасалбар, зоосон мөнгө, тэмдэг цуглуулахаас гадна Монголын уран бүтээлчдийн болон дэлхийн алдартай дуучдын цомгийг цуглуулах дуртай. Энэ удаа бид түүний цомгийн цуглуулгыг сонирхсон юм.

 

-Хэдэн оноос цуглуулгатай болохоор шийдсэн бэ. Одоо цуглуулгандаа хэдэн цомогтой вэ?

-Анх 10 жилд байхдаа дууны үгийг дэвтэр дээр нааж цуглуулдаг байсан. Дараа нь зоосон мөнгө цуглуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд тасалбар болон цомгоо түлхүү цуглуулж байгаа. Одоогоор надад 60 гаруй цомог байна. Миний цомгууд ихэвчлэн “Big Gee”, болон хип хоп хамтлаг дуучдын цомгоос  бүрдсэн.

-Яагаад заавал цомог цуглуулах болсон бэ?

-Би өөрөө дуунд  дуртай хип хоп дуу сонсдог. Бас дууны үг бичих гэж оролддог. Амралт, чөлөөт цагаараа дуу сонсож тайвширдаг. Энэ нь надад цомог цуглуулахад их нөлөөлсөн.

-Хамгийн сүүлд нэмсэн цомгоо сонирхуулаач. Ер нь CD цуглуулахын сонирхолтой зүйл нь юу байдаг вэ?

-Би хамгийн сүүлд  “Toonot volume 2” цомгийг худалдан авсан. Миний хувьд хип хоп урлагт их дуртай цомог авах нь нэг талаараа цуглуулгаа нэмэх боломж  болж өгдөг. Нөгөө талаараа оюуны өмчийг дээдэлж байгаа хэлбэр юм. Сүүлийн үед гарч байгаа цомгууд нь хуучны цомгуудаа бодвол чанарын хувьд харьцангуй муу байдаг тал ч бий. Жишээ нь гэр хайрцагны хувьд л гэхэд хуванцар байдаг байсан бол одоо цаасан болох гэх мэтээр чанаргүй болж байна. Уран бүтээлийн хувьд бол аль болох сайн бүтээлүүд цуглуулахыг хүсдэг.

-Танд хуучны ямар ямар цомог байдаг вэ?

- Дуучин Д.Болдын “Хайрын хүч” цомгийг авах гэж  их удаан хугацаанд дугаарлан байж олж авч байсан. Мөн надад дуучин Big Gee болон дуучин Р.Номинэрдэнийн бүхэл цомог байдаг.  Гадаадын дуучдын цомог цөөхөн бий. 

Хоббигоо зөвхөн монгол дуучдынхаа цомгоор өргөжүүлж, хөгжүүлэхыг хүсдэг.  Хуучны цомгуудаас гэвэл надад “Харанга” хамтлагийн цомгууд бүгд байдаг. Дуучин Ариунаагийн анхны цомог болох “Цэнхэр дэлгэц” хэмээх цомог бас байдаг. Цомгоо авахдаа би борлуулалтын цэгээс нь биш аль болох тухайн цомгийн эзнээс нь гарын үсэгтэй нь авахыг  эрмэлздэг. Дараа нь харахад ч гэсэн урамтай байдаг.

-Цомгоос гадна бусад цуглуулгынхаа талаар сонирхуулаач?

-Дараагийн том цуглуулга маань тасалбар. Одоо надад 116 тасалбар байгаа. Дандаа өөрийн үзсэн кино болон тоглолтын билетийг цуглуулдаг. Мөн лого болон мөнгөн тэмдэгт цуглуулдаг. Мэдээж олон цуглуулагатай болохоор сүүлийн хоёр цуглуулага маань цомгоосоо арай бага, 56 тэмдэг байгаа. Ер нь хоббигоо өргөжүүлэх нь өөртөө ч зорилготой, сонирхолтой байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.7  МЯГМАР  № 67 (6292)

Ж.ганцэцэн
Сайхан олон цуглуулагтай болжээ . Дүү минь амжилт хүсье