Т.САЙХАН

УИХ-ын хаврын чуулган цахимаар /04.06/ нээлтээ хийлээ.  Шинэ төрлийн коронавирусын халдвар дэгдсэн үед цахимаар нээгдэж байгаараа онцлог юм.  УИХ-ын Тамгын газраас  чуулганы хуралдааныг  цахимаар явуулах нөхцлийг хангаж, гишүүд  хоёр метрийн зайтай сууж, 10-аас дээш хүн нэг танхимд суухыг хориглосон байна.  Чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, манай улсад суух бүх улсын Элчин сайд нар, улс төрийн өндөр албан тушаалтнууд оролцлоо.  

Хаврын чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна. 

-Хүн төрөлхтөн аюулт халдварт өвчин, цар тахалтай нүүр туллаа. Тиймээс төрөөс энэхүү нийгэм, эдийн засгийн хямралыг сөрөх, цогц арга хэмжээг урьдчилан төлөвлөж ажиллахыг дахин анхааруулж байна.

-Улсын төсөвтөө яаралтай тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танах, ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Эрүүл мэндийг тогтолцоогоо унагаахгүйхэн шиг авч явах түүхэн үүрэг ирж байна. Төсөвт тодотгол хийхээс татгалзах нь бодит байдал дээр байж боломгүй үйлдэл юм.

-Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна. Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна.

-Улсын төсвөө тодотго. Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуул. Муйхарлаж болохгүй. Ирц угаасаа хүрэхгүй, иргэдээ эрсдэлд бүү оруул. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг давтах эрсдэл бий. Нийгмийн тогтвортой байдлын үүднээс сонгуулийг хойшлуулахаас өөр арга алга. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтоно гэж мэдэмхийрэх хэрэггүй. Бүх зүйл хуулиар явна.

-Хямралын эсрэг тусгай сан бүрдүүл. Компаниуд ашиг олохгүй байгаа энэ цагт НӨАТ-ыг царцаах хэрэгтэй. Ажлын байраа хадгалахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Иргэд, ялангуяа хүүхдийн орчин нөхцлийг тооцож, эмийн хангамжийг нэмэгдүүлэх шийдвэр гарга. Бүхний түрүүнд иргэдээ тавьж ажиллахыг уриалж байна.

-Эдгээр асуудлыг ҮАБЗ-ийг хэлэлцэж, эрдэмтдийн баг байгуулах, хямралын үеийн төрийн нэгдмэл удирдлагыг байгуулж ажиллахаас өөр гарц харагдахгүй байна.

-УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн.  Түүнтэй адил энэ  сууж байгаа зарим гишүүн сайн дураараа огцорч, шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлж, ард түмэндээ үлгэр дуурайлал болохыг санууллаа. 

Эх сурвалж:www.polit.mn