Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр МСНЭ, “Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн” хамтран ажиллах санамж бичгийг байгуулан, "Хүүхэд бүрийн төлөө” уриан дор хүчирхийллийн эсрэг нэгдэж, дуу хоолой, хүчээ нэгтгэн хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ.  Хуралд оролцогчид “Сүүлийн жилүүдэд ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд маань насан туршийн хохирогч болсоор байна” гэдгийг онцлов. 

2019 онд 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

Мөн “Төр засгийн зүгээс  хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулах, хүүхдийн эрх хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчин сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлын зарим  үр дүн гарч байгаа хэдий ч гаргасан хууль тогтоомж, дүрэм, журам, үндэсний хөтөлбөр, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн тайлан, дүн шинжилгээ газар дээрх нөхцөл байдлаас зөрүүтэй, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд ээлтэй улс орон  орчныг бүрдүүлэх, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлж байгаа хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ зэрэг ажлууд  төдийлөн үр дүнд хүрэхгүй байна” гэв.

       Тоон мэдээлэл дурдвал жил ирэх тусам хүчирхийлэлд өртсөн хүүхэд багачуудын тоо өссөөр байгааг албаныхан дуулгав. Тухайлбал:

•   2019 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 610, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 481 гарч, 17 хүртэлх насны 1598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон бөгөөд  сурагч 1137, сургууль завсардсан 11 хүүхэд, 17 хүртэлх насны 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ.  

•  2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 86 гарсан бөгөөд 17 хүртэлх насны 264 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Мөн оюутан 165, сурагч 185, сургууль завсардсан зургаан хүүхэд, 17 хүртэлх насны 76 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Энэ бүх тоон мэдээлэл монгол иргэн бүрийн, эцэг эх бүрийн санааг зовоож байна. Тиймээс хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох шаардлагатай байна гэв.  Энэ зорилгын хүрээнд дээрх хоёр байгууллага нэгдэж, хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэхээр болжээ.

 “Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь хамтын ажиллагааны хүрээнд  хүүхэд хүчирхийлсэн мэдээ мэдээллийг бэлтгэн, хэвлэл мэдээлэл, сошиал сувгаар түгээх, шинэ контентыг боловсруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг бэлтгэх явцдаа хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид, ажилтнууд хохирогч-хүүхдийн эрхийг дээдлэх, мэргэжлийн алдаа гаргахаас сэргийлэхийг уриалан хамтран ажиллах, уулзалт хэлэлцээр, гарц гаргалгааг ярилцах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг дурдав.

Эх сурвалж: www.polit.mn