С.САРУУЛ

Урьд нь Төрийн тэргүүнээр ажиллаж байсан болон өнөөгийн Ерөнхийлөгч нар түнжин муудаад удаж байгаа. Харин энэ удаад тэдний маргаан улам хурцдаж байх шиг байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаадаас тусгай үүргийн онгоцоор маргааш /2020.04.02/ эх орондоо ирж байгаа юм. Тэрээр “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. Улаанбаатараас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмч, намайг хурцалдаг. Цаг болж. Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж, "Чамайг тэнд хорино" гэж хүртэлж бичүүлж, сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу гэж бодсоноо шууд хэлчихье. Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.

Тэгвэл өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга УЕП-ын хамт олонтой уулзах үеэрээ Ц.Элбэгдоржийг шалгуулах 100 гаруй баримт өгсөн байдаг. Тэрээр “Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна.Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр, хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Хэн нэгнийг битгий хэлмэгдүүлээрэй. Яагаад гэвэл би өөрөө хэлмэгдэж байсан хүн. Би танд зөвхөн баримт өглөө” гэж байв.

Эх сурвалж: www.polit.mn