Т.БАТСАЙХАН

2020 оны УИХ-ын сонгууль болоход хоёр сар гаруйн хугацаа үлдээд байна.  Улс төр энэ л цаг үед ид  бужигнадаг.  Гэхдээ дэлхий нийтийг айлгаад байгаа  коронавирусын халдвар ч монголын улс төр, сонгуулийн ид халуунд нөлөөлж байна.  Тухайлбал, Төрийн тэргүүн халдварт өвчний улмаас УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсөв хэмнэх санал гаргасан.   Энэ нь улс төрийн хүрээнд сонгууль хугацаандаа болох уу,  хойшлох уу гэсэн хүлээлтийг үүсгэчихлээ.  Тэгэхээр дөрөвдүгээр сарын гол сэдэв нь сонгуулийн хугацааг хойшлуулах эсэх асуудал байх нь.

УИХ-аас сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-нд байхаар товлов.  Улмаар Үндэсний аудитын газраас 2020 оны сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоогоод байна. 2016 оны сонгуулийн жилд нам эвсэл 4.4 тэрбум байхаар заасан бол 2020 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбумаар тогтоожээ. Харин нэг нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ 322 сая байсан бол 2020 онд 410 сая болж өөрчилсөн байдаг.  Ийнхүү сонгуульд оролцох зардлын хэмжээ тодорхой болсон.

Дараагийн нэг асуудал нь улс төрийн намууд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд мөрийн хөтөлбөрөө  ҮАГ-т хүргүүлсэн.  Бие даагч нар ирэх 25-наас өмнө нь өгөх учиртай.   Энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр олон нийтийн дунд нэлээд маргаан дагуулаад байна.  Тухайлбал,  МАН 2020 оны сонгуульд олонхи болвол нийгмийн даатгал төлдөг бүх иргэнээ орон сууцанд оруулах, АН  иргэдийн цалингийн доод хэмжээг гурван саяд хүргэх, МАХН /Та бидний эвсэл/ иргэдийн цалин таван сая хүрэх боломжтой гэж  үзээд байгаа.   2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр нэг иймэрхүү өнгө аястай  харагдаж байна.

Одоо улс төр намууд дотооддоо нэр дэвшигчдээ тодруулж байна. МАН-ын хувьд нэр дэвшигчдээсээ хандивын мөнгө авахгүй гэж мэдэгдсэн.  Харин АН-ын нэр дэвших босго 100 саяас эхэлсэн бол  400 сая болж өссөн гэх мэдээлэл бий.  МАН-ын дарга У.Хүрэлсүх  “Энэ жилийн сонгуулийг мөнгөгүй явуулах, болж бүтэхгүй хүмүүст хариуцлага тооцох юмсан гэдгээ намын хурал бүр дээр ярьж байна. Тодорхой хүмүүст хариуцлага тооцсныг та бүхэн мэдэж байгаа. Би нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэдгээ хэлсэн. Харин нэр дэвшигчид хуулийнхаа хүрээнд хандиваа цуглуулаад сонгуульдаа оролцоно. Түүнээс биш МАН аль нэг компаниас сонгуулийн хандив гуйхгүй. Би гурван шалгуурыг харж, нэр дэвшүүлнэ. Ёс суртахуун, сэтгэл, мэдлэг боловсрол, дадлага туршлагыг нь харж, нэр дэвшүүлнэ” гэдгээ мэдэгдсэн байдаг.  Тэгэхээр МАН-аас У.Хүрэлсүхийн дээрх гурван шалгуурт тэнцэж ямар хүмүүс нэр дэвших вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Түүнчлэн оны өмнө нь батлагдсан Сонгуулийн хуулийн зарим заалт  дээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна.  Тодруулбал, хуулийн 29 дүгээр зүйлд Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэдгийг заасан. Энэ нь Үндсэн хуулийн гурван заалттай зөрчилдөж байна гэж үзэв.  Энэ асуудлыг Үндсэн хуулийн  Цэцийн гишүүн Д.Солонго хянаж маргаан үүсгэж  шийдвэрлэлээ.  Түүнчлэн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн заасан бол 28.3.1-д “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх” гэж заажээ. Энэхүү хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа учраас УИХ-ын дарга асан Р.Гончигдорж тэргүүтэй нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байна. Энэ заалтаар мөн цэц маргаан үүсгээд байна.  Тэгэхээр Сонгуулийн тухай хуультай холбоотой маргаанууд мөн  Үндсэн хуулийн цэцээр хэрхэн дэнслэгдэх нь анхаарал татаж байна.

УИХ-ын ээлжит сонгууль болохоос 60 хоногийн өмнө улс төрийн намууд СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ.  Хэрэв  энэ удаагийн сонгууль хойшлохгүй бол ирэх 24-нд багтаж хүсэлтээ хүргүүлнэ гэсэн үг.  Харин  сонгууль хойшлохоор бол нөхцөл байдал өөрчлөгдөнө.  Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн долоо хоногт ээлжит сонгуулийг  хойшлуулах уриалгыг гаргасан.   Харин МАН-ын дарга  У.Хүрэлсүх “Сонгууль хойшлох шалтгаан байхгүй” гэсэн санааг хэлж байгаа.   Гэхдээ коронавирусын нөхцөл байдал хүндэрвэл яалт ч үгүй олон улсын жишгийг дагаж сонгууль хойшлогдох байх.   Энэ онд улс төрийн сонгууль явагдах 60 гаруй улс байна.  Үүнээс одоогийн байдлаар есөн орон оны эхний хагаст болох сонгуулийн үйл ажиллагаагаа хойшлуулаад байгаа юм.  Тухайлбал, Шри-Ланка улсын парламентын 16 дахь удаагийн сонгууль 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар байсан.  Гэвч үүсээд буй нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. Уг шийдвэрийг гуравдугаар сарын 19-ний өдөр тус улсын Сонгуулийн комиссын дарга танилцуулав.  Мөн Серби, Энэтхэг, Боливи, Сири, ИБУИНВУ,  Хойд Македони, АНУ-ын ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль, Иран улс парламентын сонгуулт хойшлогдоод байна.

 Ирэх даваа гаригт УИХ-ын чуулган цахимаар нээлтээ хийнэ.  Энэ чуулганаар Үндсэн хуулийн үйлчлэлийг хэрэгжүүлэх хэд хэдэн хуулийн төслийг батална. Мөн Баялагийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор батална гэж байгаа. Үүн дээр дөрөвдүгээр сарын улс төрийн гол сэдэв нь сонгуулийг хойшлуулах эс хойшлуулах асуудал байх нь ээ.

Эх сурвалж:www.polit.mn