С.САРУУЛ

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь ийнхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг.  85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудын судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагынхан гаргаж байгаа аж. Эдгээр газруудыг чөлөөлж олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хотын Захирагч санаачилж үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богдын цэцэрлэгт хүрээлэнгийн  газрын 57 хувийг хувийн хэвшлийн “Вантрейд” компанийн нэр дээр олгосон байсныг цуцалж, Богдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа аж.

Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газрыг чөлөөлж иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт талбайн ажил эхэлжээ. Чингэлтэй дүүрэгт 2000 метр квадрат газарт, Сонгинохайрхан дүүрэгт Тахилт орчмын газарт 4 га газрын чөлөөлөлт хийгдэж цэцэрлэгт хүрээлэн болгохоор ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn