Б.НАМУУНТАМИР

Коронавирусын халдвараас үүдсэн хөл хорионы улмаас 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэнийг Монголбанкнаас  мэдээллээ.

Үүний 65 хувь нь аж ахуйн нэгж, 35 хувь нь иргэнд хамаарч байгаа зээл юм байна. Хуваарийн дагуу хийгдэх ёстой 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байгааг Төв банк мэдээллээ. Одоогоор арилжааны банкнууд 1069 иргэний 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлээд байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Төв банк “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулжээ.

Мөн банкнуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 25 хувь байсныг 20 хувь болгож бууруулах, өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх зэрэг багц шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn