С.САРУУЛ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дөрөвдүгээр сарын 2-нд  Сөүл, дөрөвдүгээр сарын 3-нд Токио руу тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ татан авах бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ онгоцоор өмнө нь Элчин сайдын яам дээр өөрийн биеэр очиж, дугаарлаж, бүртгүүлсэн иргэдээ татан авна. Өмнө нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Истанбулаас ирэх иргэд Элчин сайдын яамд дээр бүртгэл хийлгэсэн. Тухайн иргэдийг авчрахад нэг онгоц хангалтгүй байсан. Жишээлбэл, Сөүлийн Элчин сайдын яам дээр 500 гаруй иргэдийг бүртгэж байсан. Иймээс тухайн үед бүртгүүлсэн хэр нь эхний ээлжийн онгоцод багтаагүй хүмүүсийг энэ удаад татан авна. Гуравдугаар сарын 16-нд Токиогоос эхний тусгай үүргийн онгоцоор 250 иргэнийг авсан. Тухайн үед ЭСЯ-нд 750 хүн бүртгүүлж байсан. Одоо дөрөвдүгээр сарын 3-нд  ирэх иргэд өмнө нь бүртгүүлчихсэн байсан. Тухайн зорчигчидтой нэг бүрчлэн холбогдож билетийг нь баталгаажуулж байна.

Өнөөдрийн байдлаар 45 газар нутгаас 5600 иргэн ирэх хүсэлтээ гаргасан. БНСУ-д очих хүсэлт гаргасан иргэн олон байгаа тул МИАТ компанитай яриад зохицуулалт хийхээр болсон. БНСУ-д байнга оршин суудаг бол гэртээ 14 хоног тусгаарлагдана. Харин түр хугацааны визтэй бол очингуутаа 14 хоног тусгаарлагдана. Тусгаарлагдсан хугацаанд хоногийн 100 мянган вонн төлнө. Хэрвээ тусгаарлагдах дэглэмийг зөрчих юм бол визийг нь цуцлах, албадан нутаг буцаах болно гэдгийг БНСУ-ын Онцгой байдлын газраас анхааруулсан байгаа” гэлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр 14 хоногийн хугацаа нь дуусаад гэрээр дэглэм барих ёстой хүмүүсийг тусгаарлах байрнаас гаргасан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад Улаанбаатарт ирсэн нэг нөхөр хоёр, гурав хоног архидсан. Энэ хүнд хатуу арга хэмжээ авна. Бидэнд амлачхаад, баталгааны хуудас дээр гарын үсэг зурчхаад ингээд явж болохгүй. Зарим томоохон зочид буудлыг дайчилна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn