Т.САЙХАН

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусын халдвар авсан 12 тохиолдлоос хоёр хүний бие бүрэн эмчлэгдээд байна. Сүүлийн гурван хоног таван зүйлийн сорьцод шинжилгээ хийсэн. Вирус илрээгүй. Эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан учраас эмнэлгээс гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлагдаж өөрсдийгөө хянах ёстой. Дүрмээ дагах болно” гэв.

Түүнчлэн ЭМЯ-ний мэдээллээр гуравдугаар сарын 29-нд коронавирусын халдварын анхны батлагдсан тохиолдол буюу Франц иргэний ойрын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт 10 хүн давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг дурдлаа.

Д.Нямхүү “Компьютер томографикаар уушгийг хянаж байгаа. Уушигны нэвчдэс өөрчлөлтүүд яаж сэргэж байгаа нь тодорхой харагддаг. Шинжилгээ таван сорьц болох цэр, цус, өтгөн, шээс, нусаар үзэж байгаа. Таван шингэнд вирус илрэхгүй байгаа нь тухайн хүнийг бүрэн эдгэжээ гэж дүгнэхэд хүргэж байна. Хувь хүний өөрт илрэх шинж тэмдэг бүрэн арилсан. Энэ тохиолдлуудад вирусийн, шинж тэмдгийн, амьсгал, дархлаа дэмжих эмчилгээнүүд хийсэн. Уламжлалт эмчилгээ хийгээгүй.” гэв.  

Эх сурвалж:www.polit.mn